Оюутны дотуур байрны төлбөр хэд байна вэ?
Хичээлийн шинэ жил сар хүрэхгүй хоногийн дараа эхэлнэ. Энэ үеэр хөдөө орон нутгийн оюутнууд нийслэлийг зорих нь эрс нэмэгддэг. Үүнтэй зэрэгцээд оюутнуудад амьдрах байрны асуудал нэн тэргүүнд тулгардаг. Энэ жил их, дээд сургуулийн оюутны байрны элсэлт хэзээ эхлэх, амьдрах орчин, төлбөрийн мэдээллийг хүргэж байна.
МУИС: ОЮУТНЫ ДОТООД СИСТЕМ АШИГЛАН БҮРТГҮҮЛНЭ
Монгол улсын их сургууль /МУИС/ оюутны зургаан дотуур байртай. Нэг өрөөнд хоёр болон дөрвөн оюутан байх боломжтой өрөөний сонголттой аж. Шинэ элсэгчдийн хувьд МУИС-ийн оюутнуудын ашигладаг Сиси системд бүртгүүлэн, дотуур байранд оршин суух хүсэлт гаргах юм байна. Дотуур байранд оршин суух хүсэлтийг наймдугаар сарын 20-ноос 27-ны өдрийг дуустал хүлээн авах ба төлбөрийн хувьд дотуур байрны сонголтоос шалтгаалан 690 мянгаас 1.7 сая төгрөг байна.
МУБИС-ИЙН ДОТУУР БАЙР 655 МЯНГААС ЭХЭЛЖ БАЙНА
Монгол улсын боловсролын их сургууль /МУБИС/-ийн оюутны дотуур байр бусад сургуулийн оюутан хүлээж авах боломжтой гэдгээрээ онцлог. Мөн МУБИС-д энгийн оюутны дотуур байр болон Оюутны өргөө цогцолбор гэж бий. МУБИС-ийн дотуур байрны төлбөр 655 мянган төгрөгөөс эхэлж байна. Харин дотуур байрны бүртгэлтэй холбоотой мэдээллийн наймдугаар сарын сүүлчээр мэдээлнэ гэв.
АШУҮИС-ЫН ОЮУТНУУД НАЙМДУГААР САРЫН 25-НААС ОЮУТНЫ БАЙРАНДАА ОРНОАнагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль /АШУҮИС/-ын I,II дугаар дамжааны оюутны, дотуур байрны бүртгэл 2024 оны наймдугаар сарын 15-наас эхэлнэ. Бүртгэлийн хугацаа 10 хоног үргэлжлэх бөгөөд оюутнууд наймдугаар сарын 25-нд дотуур байрандаа орох юм.
Харин III ба түүнээс дээш дамжааны оюутнууд наймдугаар сарын 20-27 -ны өдрийн хугацаанд оюутны дотуур байранд бүртгүүлэх боломжтой. Дотуур байрны бүртгэл эхлэхтэй зэрэгцэн төлбөрийн талаар оюутнуудад мэдээлэх юм.
ХААИС ОРОН НУТГИЙН 400 ОЮУТАН ХҮЛЭЭН АВНА Хөдөө аж ахуйн их сургууль /ХААИС/ оюутны гурван дотуур байртай. Жил бүр хөдөө орон нутгаас ирсэн 400 гаруй оюутныг хүлээн авдаг бөгөөд 1000 гаруй оюутан амьдруулах хүчин чадалтай. Дотуур байрны төлбөр байрнаасаа хамаарч дунджаар 800 мянган төгрөг байна.
https://news.mn/r/2743368/