3.3 сая толгой малыг 3.3 тэрбум төгрөгөөр даатгалд хамруулжээ

Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээлийн бэлтгэл, аймаг, нийслэлийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн бүрдүүлэлт, уст цэг, малын хашаа, саравчны хүрэлцээ зэрэг үндсэн үзүүлэлтээр дүгнэхэд улсын хэмжээнд нэгдсэн дүнгээр 89 хувь бэлтгэл хангагдаад байна гэж Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.
Цаг уур, орчны шинжилгээний газраас хийсэн дүгнэлтээр арваннэгдүгээр сарын зудын эрсдэлийн урьдчилсан төлөвөөр 15 аймгийн 105 суманд буюу нийт нутгийн 26 хувьд нэн их, их эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарчээ.
Мал сүргээ зудын болон гэнэтийн эрсдэлээс хамгаалах зорилгоор 17.5 мянган малчин өрхийн 3.3 сая толгой малыг 3.3 тэрбум төгрөгөөр даатгалд хамруулсан байна.