“Хүүхдийн хоолны норматив зардлыг нэмэгдүүлж, шаардлагатай илчлэг, шим тэжээлтэй, эрүүл аюулгүй хоол хүнсээр хангах нөхцөлийг бүрдүүлэх нь тулгамдсан асуудал”

234


Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын дотуур байрын хүүхдийн хоолны талаар:
Засгийн газраас суралцагчийн нэг өдрийн хоолны зардлын нормативыг дор дурдсан онуудад тус тус нэмэгдүүлэн баталж байжээ.
  • 2008 онд 868 төгрөг;
  • 2010 онд 1545 төгрөг;
  • 2012 онд 2315 төгрөг;
  • 2020 онд 3000 төгрөг.
2022-2023 оны хичээлийн жилийн статистикийн урьдчилсан мэдээгээр нийт 40 дотуур байранд 14-18 насны 3615 суралцагч амьдарч байна.
Дотуур байранд амьдарч байгаа хүүхдэд хоногт дунджаар 2490 ккал илчлэгийг хоол хүнснээс авах ёстой бөгөөд одоогийн мөрдөж байгаа хоолны норматив зардлаар хоногийн хоол хүнсээр авбал зохих илчлэг, шим тэжээлийнхээ 24 хувь буюу 608 ккал илчлэгийг авч байна.
Цаашид хоол хүнснээс авах шим тэжээл, илчлэгийн хэмжээг бүрэн хангахад нэг хүүхдэд ногдох хоолны зардлыг 12300 төгрөг болгох хэрэгцээ шаардлага үүсэж байна.
Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрын хоолны талаар:
  • 2022-2023 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 523 дотуур байранд 6-18 насны 33312 хүүхэд амьдарч байна.
  • Тэдгээрийн 11248 нь бага ангийн, 16762 нь дунд ангийн, 5302 нь ахлах ангийн хүүхэд байна. Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрын хүүхдийн нэг өдрийн хоолны зардлыг 2019 онд 3475 төгрөг байхаар нэмэгдүүлэн баталсан.
  • Дээрх зардлаар хүүхэд хоногийн хоол хүнсээр авах илчлэг, шим тэжээлийнхээ 31 хувийг авч байгаа нь хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилт, сурч боловсрох эрхэд эрсдэл учруулах нөхцөл байдал үүсээд байна.
  • Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрын хүүхдийн хоолны зардлыг 6-10 насанд 9600 төгрөг, 11-14 насанд 11400 төгрөг, 15-18 насанд 12300 төгрөг болгох судалгаа тооцоолол гарсан.
Цэцэрлэгийн хүүхдийн хоолны талаар:
  • Засгийн газрын 2019 оны 450 дугаар тогтоолоор цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг 8-10 цагаар ажилладаг цэцэрлэгт 2475 төгрөг, 24 цагийн ажиллагаатай, сувилал, асрамжийн болон тусгай цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг 3600 төгрөгөөр тогтоосон.
  • Судалгаагаар дээрх зардал нь хүүхдийн хоол хүнснээс авбал зохих илчлэгийн 48-55 хувийг хангаж байна. 2022-2023 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд 265176 хүүхэд хамрагдаж байна.
Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотойгоор хүүхдийн хоолны норматив зардлыг нэмэгдүүлж, шаардлагатай илчлэг, шим тэжээлтэй, эрүүл аюулгүй хоол хүнсээр хангах нөхцөлийг бүрдүүлэх нь тулгамдсан асуудал болоод байгаа талаар Засгийн газрын ээлжит хуралдаанд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцууллаа.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn