Америкийн буугч модуль Саран дээр амжилттай газарджээ

188

НЬЮ-ЙОРК, 2024 оны хоёрдугаар сарын 23 /NASA/.
Америкийн “Intuitive Machines” компанийн “Nova-C” буугч төхөөрөмж Сарны өмнөд туйлын орчимд амжилттай газарджээ. 

Газардсаны дараа мэргэжилтнүүдийн баг төхөөрөмжтэй холбоо тогтооход 10-15 минут зарцуулсан байна. 1.9 орчим тонн жинтэй “Nova-C” буугч төхөөрөмжийг хоёрдугаар сарын 15-нд Америкийн “SpaceX” компанийн “Falcon 9” пуужингаар хөөргөсөн юм.

“Сар луу илгээж буй шинжлэх ухаан, технологийн ачаанууд нь манай гаргийн дагуул руу хийх жолоодлогот нислэг үйлдэх, Саран дээр хүмүүс байнга оршин суух нөхцлийг бүрдүүлэх зорилготой” гэж “Intuitive Machines” компани мэдэгдлээ. 

Энэ нь сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд Америкийн сансрын хөлөг Дэлхийн дагуул дээр газардсан анхны тохиолдол, мөн хувийн компани анх удаагаа төхөөрөмжөө Сар луу илгээсэн тохиолдол боллоо.

Он гарснаас хойш НАСА Сар луу хоёр дахь удаагаа буугч аппарат хөөргөсөн нь энэ юм. Нэгдүгээр сарын 8-нд Америкийн “United Launch Alliance” компани Канаверал (Флорида) хошуун дахь сансрын хөлгийн буудлаас “Peregrine” буугч модулийг “Vulcan” зөөгч пуужингаар Сар луу хөөргөсөн билээ. Гэвч зөөгч пуужингаас салснаас хэдхэн цагийн дараа модулийн хөдөлгүүрт эвдрэл гарч, түлш алдагдсаны улмаас Саран дээр газардах боломжгүй болж, улмаар 10 хоногийн дараа уг аппарат дэлхийн агаар мандлын нягт давхаргад орж шатсан байна.  
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn