Төсөв-2023: Гарааны болон IT компаниудыг татвараас чөлөөлнө

403


Ирэх оны төсвийг УИХ-д өргөн барьсантай холбогдуулан “Төсөв-2023” олон нийтийн хэлэлцүүлгийг Төрийн ордонд өчигдөр зохион байгууллаа. Тус хэлэлцүүлгээр өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал, тулгарч байгаа асуудлыг хэлэлцэж, ирэх онд ямар төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж, түүнд хэдий хэмжээний төсөв зарцуулах талаар нэгдсэн мэдээлэл өгсөн юм. 2023 оны төсвийн төлөвлөлтийг парламентын гишүүд хийхгүй. Харин Эдийн засаг, хөгжлийн яам хариуцахаар болсон нь нэг чухал шинэчлэл болжээ.
Хэлэлцүүлэгт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож ирэх онд хийх томоохон бүтээн байгуулалтуудыг танилцуулсан юм. Төрийн хэмнэлтийн хуулийн дагуу 2023 онд нэг их наяд төгрөг хэмнэхээр төлөвлөжээ. Ингэхдээ шинэ бүтээн байгуулалт хийхгүй, төлөвлөгөө тооцоогүй, техник эдийн засгийн үндэслэлгүй төсөл, хөтөлбөрийг ирэх оноос эхлэн хэрэгжүүлэхгүй юм байна.Харин хуримтлагдсан шилжих хөрөнгө оруулалтуудын 86 хувийг дуусгах юм.
Энэ талаар Ерөнхий сайд “2023 оны төсвийг Шинэ сэргэлтийн бодлогыг дэмжихэд чиглүүлж байгаа. Тухайлбал, Ханги-Мандалын төмөр замыг ашиглалтад оруулснаар арваннэгдүгээр сарын сүүлчээр төмөр замын экспортын хоёр замтай болж байна. Мөн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын барилгын ажил ирэх онд эхэлнэ. Хавтгайрсан халамжийн бодлогыг бууруулж, төрийн албаны цалинг бүтээмжид суурилан шатлалаар тогтоох тогтолцоог шинээр нэвтрүүлнэ. Хэт төвлөрлийг бууруулахын тулд Хөшигийн хөндийд шинэ нисэх буудлыг түшиглэн шинэ хот байгуулахаар хөрөнгө оруулалт татаж ажиллана” гэв.
 

ДУНДАЖ ОРЛОГО УЛААНБААТАРТ 1.9 САЯ, ОРОН НУТАГТ 1.5 САЯ БАЙНА

 
Хэлэлцүүлгийн хамгийн анхаарал татсан хэсэг нь хүүхдийн мөнгийг хэрхэн олгох талаар байв. Учир нь хүүхдийн мөнгийг эцэг эхийн орлогоос хамааран бүх хүүхдэд олгох ёстой, өндөр орлоготой айл өрхөд хүүхдийн мөнгө олгох шаардлагагүй хэмээн хоёр талд олон нийт хуваагдаад байгаа юм. Тэгвэл ирэх онд хүүхдийн мөнгийг 91 хувьд нь олгохоор болжээ. Ингэснээр үлдсэн есөн хувь болох өндөр орлоготой өрхөд хүүхдийн мөнгө олгохгүй юм.
Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан “Эдийн засгийн хямрал үргэлжилж магадгүй цаг үед өрхийн орлогыг бууруулах нь тохиромжгүй. Тиймээс өндөр орлоготой иргэд нь хүүхдийн мөнгөнөөс татгалзаад, үлдсэн нь хэсэг нь энэ мөнгийг хүүхдүүддээ зарцуулъя гэсэн шийдлийг санал болгож байна. Өндөр орлоготой иргэдийг хэрхэн тодорхойлох бүрэн биш ч суурь судалгаа бий. Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр энэ оны хагас жилийн байдлаар өрхийн дундаж орлого Улаанбаатарт 1.9 сая, орон нутагт 1.5 сая байна. Үүнээс сарын 3.5 саяас дээш цалинтай өрхийг өндөр орлоготойд тооцоод хүүхдийн мөнгийг олгохгүй байхаар төсвийг хэлэлцсэн. Гэхдээ өндөр орлоготой өрхийг тодорхойлох судалгааг нэгдүгээр сарын 1-н хүртэл хийж, баталгаажуулна” гэсэн юм.
Дундаж өрхүүд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг өрхийн  хэрэглээндээ зарцуулдаг бол өндөр орлоготой өрхүүд мөнгөн тэтгэмжийг хуримтлуулж байна гэсэн судалгаа гарчээ.
 

УУЛ УУРХАЙН КОМПАНИЙН ХАНДИВЫГ ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛНЭ

 
Энэ үеэр Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, бодлогын чиглэлийн талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр "Сүүлийн 13 жилийн хугацаанд эдийн засаг гурав дахь удаагаа хямарлаа. Цар тахал, олон улсад үүссэн нөхцөл байдалтай холбоотой энэ удаагийн хямрал хамгийн удаан үргэлжилж байна. Цаашид манай улсын эдийн засаг, инфляцид үзүүлэх хамгийн том нөлөөлөл нь ханшийн эрсдэл байх юм. Тухайлбал, төгрөгийн ам.доллартай харьцах ханш 3372 төгрөг болж оны эхнээс 18 хувиар сулраад байна. Чухал салбаруудын үйлдвэрлэл, өрхийн бодит орлого буурч байна” гэсэн юм.
Гэсэн ч ирэх онд уул уурхайн салбарын орлогыг цар тахлын өмнөх хэмжээнд хүргэж, эдийн засгийг хүнсний үйлдвэрлэл, аялал жуулчлал, хөнгөн үйлдвэрлэл гэсэн олон салбараар төрөлжүүлж, төсөв, мөнгөний бодлогоо чангаруулснаар эдийн засаг тогтворжино хэмээн үзэж байгаагаа Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлсэн юм.
Үүнээс гадна уул уурхайн компаниудаас нийгмийн хариуцлагын хүрээнд өгдөг хандив тусламжийг ирэх оноос орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэр болгохоор төлөвлөжээ. Ингэхдээ хандив тусламжийн мэдээллийг нээлттэй, ил тод тайлагнах юм байна.
 

ХАМГИЙН ӨНДӨР ХЭМЖЭЭГЭЭР ГАДААД ӨР ТӨЛӨХ ЖИЛ НЬ 2020-2024 ОН

 
Монгол Улсын гадаад өрийн хэмжээ хэтэрч, төлж чадахгүйд хүрч дампуурлаа зарлах эрсдэлтэй талаар зарим эдийн засагч анхааруулсан. Тэгвэл Засгийн газрын зүгээс ирэх онд төлөх бондууд дээр ямар ч эрсдэл үүсэхгүй гэдгийг хэлэлцүүлгийн үеэр тодотгов.
Манай улс 2023 онд Хөгжлийн банкны хоёр, Засгийн газрын нэг нийт гурван бонд төлнө. Тухайлбал, Засгийн газрын Гэрэгэ бондын 533 сая ам.долларыг ирэх оны тавдугаар сарын 1-нд, Хөгжлийн банкны Сэргэн мандалт бондын 500 сая ам.долларыг ирэх оны аравдугаар сарын 23-нд, Самурай бондыг ирэх оны арванхоёрдугаар сарын 25-нд төлөх хуваарьтай байгаа юм. Тэгвэл эдгээр бондыг хугацаанд нь төлнө гэдгээ Сангийн сайд Б.Жавхлан мэдээлсэн юм.
Тэрбээр “Засгийн газрын нийт гадаад өр 8.1 тэрбум ам.доллар байна. Ер нь 1990 оноос хойших гадаад өр төлөх хамгийн их ачаалалтай жил нь 2020-2024 он байх юм. Энэ дөрвөн жилд маш өндөр хэмжээний өр төлнө. Тухайлбал, энэ жил 1.2 тэрбум ам.долларын өр төлөх хуваарьтай байсан. Үүний нэг тэрбум ам.долларын өрийг жилийн өмнө төлж чадсанаар төсөвт хүндрэл үүсээгүй. Жил гаруйн хугацаанд Хөгжлийн банкны чанаргүй зээлийг төлүүлэх арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлснээр 800 тэрбум төгрөгийн зээлийг төлүүлж, Самурай бондын 30 сая иенийн өрийг төлөх мөнгөн дүнг хуримтлуулж чадсан юм. Тиймээс одоогоор бондууд дээр ямар ч эрсдэл алга гэж дүгнэсэн. Тиймээс Засгийн газрын баталгаагаа хадгалж ирэх жилийн төсвөө баталж, бондын эрсдэлээс хамгаална” гэв.
Төсвийн алдагдал одоо таван хувь байгааг ирэх онд 2.8 хувьд хүргэх юм байна. Үүний тулд чанартай экспортыг нэмэгдүүлж, мөнгөний бодлоготой нийцүүлсэн эдийн засгийг таван хувиар өсгөж, инфляцыг жилийн эцэст 10-аас бага болгохоор зорьжээ. Үүнээс гадна хүнсний аюулгүй байдлыг хангах бодлогын хүрээнд импортоор оруулж буй хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийн шинэ тоног төхөөрөмжийг Гаалийн албан татвараас 2027 он хүртэл 100 хувь хөнгөлөх бодлогыг төсөвт тусгасан байна.
 

ИРЭХ ОНД 36  САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛНО

 
Ирэх оны төсөвт гарааны болон  IT компаниудын үйл ажиллагааг дэмжих чиглэлийн хэд хэдэн оновчтой шийдвэрүүдийг тусгажээ. Тухайлбал, гарааны компаниудын орлогод ногдох албан татварыг байгуулагдсанаас хойш  таван жилийн хугацаанд бүрэн хөнгөлөхөөр болсон байна. Өмнө нь энэ хугацаа гурван жил байсан билээ. Харин IT компаниудын хувьд гадаадад шилжүүлэх буюу гадна талд байгаа томоохон технологийн шинэчлэлд хөрөнгө оруулж, нутагшуулсан бол татвараас чөлөөлөх зардлыг дөрөв дахин  бууруулж тооцно. Өөрөөр хэлбэл, гадаад руу шилжүүлэх гүйлгээний суутгах татвар 20 хувь байсныг таван хувь болгожээ.  Манай урд хөрш ийм шинэчлэлийг хийснээр сүүлийн 10 гаруй жил үр шимийг нь хүртэж байгааг хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байв. Дэлхийн ихэнх улс орон гарааны болон IT компаниудаа төрөөс дэмжиж гадаадын хөрөнгө оруулалтыг татаж байгаа билээ.
Манай улс энэ онд 18 сая тонн нүүрс экспортлохоор тооцоолж байсан ч төлөвлөгөөгөө давуулан биелүүлжээ. Тухайлбал, эхний есөн сарын байдлаар 19 сая тонн нүүрсийг гадаадын зах зээлд нийлүүлжээ. Хэрэв энэ хурдаараа үргэлжилбэл ирэх онд 36  сая тонн нүүрс гаргах бүрэн боломж байгааг Сангийн сайд онцолж байсан юм. Харин зэс, алтаа  цар тахлын өмнө  гаргаж байсан хэмжээгээр  экспортлох юм. Үүний үр дүнд экспортоо 11.4 тэрбум ам.долларт хүргэж, импортоо ес орчим тэрбум ам.долларт барихаар төлөвлөж, зөрүү 2.5 тэрбум ам.долларын гадаад худалдааны ашигтай гарахаар тооцоолж байна.
 

АУДИТ: 12 ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ЭХ ҮҮСВЭРИЙГ ТӨСӨВТ ТУСГААГҮЙ

 
2023 оны төсвийн төсөлд Үндэсний аудитын газраас хийсэн дүгнэлтийг Ерөнхий аудиторын орлогч Я.Сарансүх танилцууллаа. Өмнөх дүгнэлтээр өгсөн зөвлөмжүүдийг хэрэгжүүлээгүй нь төсвийн сахилга бат шат шатандаа алдагдсаныг харуулаад зогсохгүй ирэх оны төсвийн зардлыг өмнөх оноос бууруулаагүй байгаад шинжилгээ хийх хэрэгтэй гэж аудит дүгнэжээ.
Энэ талаар Ерөнхий аудиторын орлогч Я.Сарансүх “Үндэсний аюулгүй байдлын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах бодлогын хэрэгжилт хангалтгүй, Төсвийн тогтвортой байдлын хуулийг бүрэн хэрэгжүүлэхгүй байна гэж үзсэн. Өргөн барьсан төсвийн төсөлд Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх санхүүжилтийг тусгасан хэдий ч хөтөлбөрийн хүрэх үр дүнг Хөгжлийн бодлогын баримт бичигт нийцүүлээгүй. Үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцсэн эсэхийг үнэлэх боломж хязгаарлагдмал байна. 2023 онд улсын төсвөөр хэрэгжүүлэх 20 төсөлд 754 тэрбум төгрөг төсөвлөснөөс 12 төсөл хөтөлбөрийн 356.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг төсвийн төсөлд тусгаагүй байна. Тиймээс энэ хөтөлбөрт өөрчлөлт оруулах шаардлагатай. Нэг дор олон арга хэмжээ хэрэгжүүлж байгаа нь төсөвт өртөг нэмэгдүүлэх сөрөг үр дагаврыг дагуулж байна” гэсэн юм.
Мөн улсын төсвөөр барьж эхэлсэн ч 2022 онд дуусаагүй барилгууд ирэх онд үргэлжлэхээр байгаа юм. Гэсэн ч ирэх оны төсөвт эдгээр барилгын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх санхүүжилтийг тусгасангүй. Тэгэхээр ирэх онд хэрэгжүүлэх 12 төслийн 356 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэр дутуу байгаа дээр өнгөрсөн оны үлдэгдэл нэмэгдэхээр байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 20. ПҮРЭВ ГАРАГ. № 204 (6936)
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn