Тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгөөр тогтоохоор төсвийн тодотголд тусгажээ

0


УИХ-ын чуулганы өнөөдрийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийн дагуу Засгийн газраас ахмад настны тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгөөр тогтоохоор төсөлд тусгасныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав. Мөн 500 мянган төгрөгөөс дээш тэтгэвэр авдаг бол 15 хувиар нэмэх, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах багц ажлыг хуулийн төсөлд тусгасныг дурдлаа. Уг 637 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд үүнийг энэ оны төсөвт тусгасан зарим зардлыг танаж гаргах аж.

 

Тэрбээр, “Цар тахал дэлхийн эдийн засагт сорилт болж үргэлжилсээр байна. Засгийн газраас иргэдийн амжиргаа, өрхийн орлогыг хамгаалахын тулд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөг болгох, цахилгаан, дулаан, ус, хогны мөнгийг төрөөс хариуцахад 4.4 их наяд төгрөг зарцуулсан. Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогт төлөвлөгөөг хэрэгжүүлснээр 1992 оноос хойш анх удаа -5.3 хувь руу буусан эдийн засгаа 3.6 хувийн өсөлттэй болгож чадлаа. Мөн вакцинжуулалтын ажлыг цаг алдалгүй зохион байгуулж, нийт хүн амынхаа 66.7 хувийг бүрэн тунд хамруулж, нэмэлт тунд иргэдээ хамруулснаар хатуу хөлио тогтоолгүйгээр эдийн засгаа идэвхжүүлэх нөхцөл бүрдэж, урьдчилсан гүйцэтгэлээр 2021 нэгдсэн төсвийн нийт орлого 2.7 хувиар давж биеллээ” гэлээ.

 

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж байна. Улсын төсвийн төслийг дараах дөрвөн үе шаттайгаар хэлэлцэнэ. 

 

Төсвийн төслийн нэг дэх хэлэлцүүлэг буюу төсвийн төслийг нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд танилцуулж, илтгэл тавина. Нэг дэх хэлэлцүүлэгт Засгийн газрын гишүүд, УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга болон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Улсын ерөнхий прокурор, Монгол Улсын Ерөнхий аудитор, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга нар оролцоно. Гишүүд төсвийн төсөлтэй холбогдуулан төсвийн ерөнхийлөн захирагч нараас асуулт асууж, үг хэлсний дараа төсвийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороод, Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд шилжүүлнэ. Төсвийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлэхэд санал хураалт явуулахгүй.

 

Төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг буюу төсвийн төсөлд өөрчлөлт оруулах санал, дүгнэлт гаргахдаа Төсвийн болон бусад Байнгын хороо, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд, нам, эвслийн бүлэг төсвийн төслийг хэлэлцэнэ.

 

Төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлэг буюу төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн үр дүнг танилцуулахдаа нэгдсэн хуралдаан даргалагч Монгол Улсын тухайн жилийн төсвийн тухай хуулийн төслийн зүйл, заалт бүрийг уншин сонсгож, зүйл тус бүрээр нь санал хураалт явуулж батлуулна. Төсвийн байнгын хороо нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төсвийн төсөлд нэмж тусган, шаардлагатай бол гишүүнээс гаргасан саналын дагуу хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөвт өртөг, санхүүжих дүнг өөрчлөхгүй, агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр арга хэмжээний нэр, хүчин чадал, байршилтай холбоотой залруулгыг хийж, төсвийн төслийн эцсийн хувилбарыг танилцуулгын хамтаар нэгдсэн хуралдаанд оруулна. Нэгдсэн хуралдаанаар гурав дахь хэлэлцүүлэг явуулахад зөвхөн Төсвийн байнгын хорооноос гаргасан танилцуулгын талаар гишүүд тайлбар хийх, түүнтэй холбогдуулан асуулт асууж болох бөгөөд санал хураалт явуулахгүй. Хуралдаан даргалагч төсвийн төслийг дөрөв дэх хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлнэ. Төсвийн төслийн гурав, дөрөв дэх хэлэлцүүлгийг хамтатган явуулж болно.

 

Төсвийн төслийн дөрөв дэх хэлэлцүүлэг буюу төсвийн төслийг эцэслэн батлахдаа Нэгдсэн хуралдаан даргалагч Монгол Улсын тухайн жилийн төсвийн тухай хуулийн төслийн зүйл, заалт бүрийг уншин сонсгож, зүйл тус бүрээр нь санал хураалт явуулж батлуулна.A

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn