Н.Тавинбэх: Цахилгаан, дулааны үнийг 20 хувиар нэмэгдүүлж байж хэвийн ажиллах нөхцөл үүссэн

344

Эрчим хүчний сайд Н.Тавинбэхтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. 
-Цар тахалтай холбоотойгоор цахилгаан, дулааны үнийг төрөөс хариуцаж байна. Үүнтэй холбоотойгоор хэрэглээ, ачаалалд ямар өөрчлөлт орсон бэ. Мөн салбарын өвлийн бэлтгэл ажил хэр байна вэ? 
-Өнгөрсөн оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаар салбар 8.8 тэрбум квт цаг цахилгаан, эрчим хүч хэрэглэсэн байна. Үүнээс 19 хувийг импортоор, 80 хувийг дотооддоо үйлдвэрлэлээ. Монгол Улсын хэмжээнд эрчим хүчний 27 эх үүсвэр ажиллаж байгаа. Цахилгааны хэрэглээ 1.5 хувиар, дулаан 3.8 хувиар өссөн. Оргил ачаалал өмнөх оныхоос 200 орчим мегаваттаар илүү байлаа. Үүнд нөлөөлсөн олон хүчин зүйлийн нэг нь төрөөс цахилгаан, эрчим хүчний төлбөрийг хариуцсан явдал юм. Цаашид хэрэглээний өсөлт нэмэгдэх төлөвтэй байгаа.

Мэргэжлийн хүмүүсийн тооцооллоор энэ өвлийн оргил ачаалал 1470 мегаватт хүрч болзошгүй байна. Гэтэл Монгол Улсын эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 1100 мегаваттыг хангах бололцоотой.
 
Эрчим хүчний салбарын хэмжээнд 2021-2022 оны өвлийн бэлтгэл ажил 90 гаруй хувьтай байна. Хил, гаалийн хөдөлгөөн хязгаарлагдаж, бараа бүтээгдэхүүний үнэ өссөнөөс өвлийн бэлтгэл хийх явц амаргүй байлаа. Одоо бол хүндрэл гарахааргүй ажлууд үлдсэн.
 
-Засгийн газар ажиллаад 1.6 жил боллоо. Үр дүнг хэрхэн харж байна вэ? 
-Салбар хичээж ажилласны үр дүнд баг багаар ахиц дэвшил гарсан. 5-11 жил гацсан, ашиглалтад ороогүй обьектуудыг дуусгалаа. Ачааллыг өсөлтийг хангахад үр дүнгээ өглөө. Санхүүжилтээс болж 10 гаруй жил гацсан Сонгино станцыг ашиглалтад оруулснаар дэд станцууд ажиллаж эхэллээ. Шинэ нисэх буудлын цахилгааны хангамжийг дуусгасан. Хамгийн сүүлд Замын-Үүдийн дулааны станцыг ашиглалтад оруулж чадсан нь том амжилт байлаа. 
Засгийн газар шинэ эх үүсвэрийг барих чиглэлд түлхүү анхаарна. Энэ хүрээнд 16 эх үүсвэрийг төлөвлөснөөс Эрдэнэ бүрэнгийн УЦС-ын гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж чадсан. 2022 оны гуравдугаар сард ажил эхлэх учиртай. Энэ том төсөл хөтөлбөрийг ямар ч шалтгаан байсан зогсоож болохгүй. Шийдвэрлээд явна.
 
Улаанбаатар цахилгаанаас илүү дулаан хангамжийн маш том дутагдалд орсон.
 
-Нийслэлчүүд цахилгаанаар бүрэн хангагдаагүй олон жил явж ирлээ. Энэ ажлыг ямар бодлогоор зохицуулах вэ? 
-Улаанбаатар хотын хэмжээнд нарийвчилсан судалгаа хийсэн. Өнөөдрийн байдлаар 11753 айл өрх стандартын шаардлага хангасан  шугам сүлжээгээр дамжиж эрчим хүчинд холбогдоогүй байна. Улсын нийслэлд ийм олон айл цахилгаанд холбогдоогүй байна гэдэг эмгэнэлтэй хэрэг. Үүний цаана галын аюултай байдал, хүний амь нас яригдах эрсдэлтэй. Хоёр жилд эдгээр өрхийг цахилгаан эрчим хүчинд холбохоор төлөвлөсөн ч иргэдийн нүүлгэн шилжүүлэлттэй холбоотойгоор тэг болохгүй юм билээ. Дийлэнх нь газрын маргаантай байдаг. Санхүүжилт он дамжиж байгаа ч ажлыг 2023 оны долдугаар сард дуусгахаар төлөвлөлөө. Төсөвт өртөг нь 33 тэрбум гэж тооцсоноос улсын төсөвт 29 тэрбумыг тусгасан.
 
-Энэ өвөл агаарын бохирдлыг бууруулахад сайжруулсан түлшнээс өөр шинэ төлөвлөгөө, эх үүсвэр бий юу? 
-Агаар хөрсний бохирдлыг бууруулахад гэр хорооллын хэрэглэгчдийг сайжруулсан шахмал түлшээр хангаж байна. Мөн 23 газарт шөнө хэрэглэсэн эрчим хүчний үнийг төрөөс дааж байна. Хийгээр ажиллах эх үүсвэрийг зайлшгүй шийдвэрлэх хоёр шаардлага бий. Нэгдүгээрт, Улаанбаатар хотын хэмжээнд хатуу түлшээр ажилладаг 2700 эх үүсвэр байгаа нь багагүй хэмжээний агаарын бохирдол, үнсийг бий болгож байна. Тиймээс цахилгаан болон хийн станцын судалгааны ажил хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар таван эх үүсвэр барихаар тооцоо, судалгааны ажил эхлүүлсэн явж байна. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр нам хүчдэлээр хэрэглээгээ хангах эрхзүйн орчин бүрдсэн. Үр дүн гарч түрүүчээсээ айл өрхүүд халаалт цахилгаанаа сэргээгдэх эрчим хүчээр шийдвэрлэж, илүү гарснаа системд нийлүүлж байна.
 
Сэргээгдэх эрчим хүчний хуучин хуулийн хүрээнд тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүд байна. Ажил төрлийг нь хэвийн явуулах гэхээр үнэ өндөр байгаагаас ийм хэмжээний санхүүгийн ачаалал даах хэрэглэгч цөөн. Энэ асуудлыг шийдвэрлэх гарцыг олж чадаагүй байна. Нөгөө талаас сайн мэдээ нь дэлхий нийтэд сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийн зардал хямдарсан.
 
-Цахилгаан, дулааны үнийг нэмэгдүүлэх талаар олон жил ярьж ирсэн. Энэ асуудалд салбарын яам ямар бодлого баримтлах вэ? 
-Цахилгаан, дулааны эрчим хүч хэрэглэгчийн үнийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. Үнийг Эрчим хүчний зохицуулах хороо гэсэн хараат байгууллага тогтоож байгаа. Сүүлийн гурван жил өөрчлөлт хөдөлгөөн хийсэнгүй. Мэргэжлийн байгууллагын хамгийн сүүлд хийсэн судалгаагаар доод тал нь өнөөгийн мөрдөж байгаа үнийг 20 хувиар нэмэх шаардлага үүссэн. Ингэж байж хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөл байдал үүссэн. Хэрэв энэ асуудлыг шийдвэрлэхгүй бол цаашид хэрэглэгчдийг цахилгаан дулаанаар тасралтгүй, найдвартай хангахад эрсдэл үүсч болзошгүй. Санхүүгийн боломж ч  дутмаг болж байна. Үнийг хатуу баримталж байгаа нь эрчим хүчний салбарыг алдагдалтай ажиллуулахаас гадна хөрөнгө оруулах боломжийг хязгаарлаж байна.
 
-Үнэ нэмэх нь энэ цаг үед хэр тохиромжтой вэ. Өөр гарц, гаргалгаа бий юу? 
-Энэ цаг үед цахилгаан, эрчим хүчний үнэ тариф нэмэх нь хэдийгээр хэрэглэгчдийн эрх ашгийг хөндөх ч гэсэн асуудлыг нэг талд нь гаргах цаг болсон. Салбар маш хүнд байдалд байна. Салбарт тулгамдаж байгаа гол асуудал бол импортын бараа бүтээгдэхүүн байгаа. Цар тахалтай холбоотойгоор эрчим хүчний салбарт өргөн хэрэглэгддэг өнгөт металлын үнэ өссөн. Мөн салбарт хэрэгжүүлсэн томоохон төсөл хөтөлбөрийн зээл, зээлийн хүүг төлөх цаг хугацаа таарлаа. Өнөөдөр гадаад, дотоодын банкинд 60 орчим тэрбум төгрөгийн зээл, зээлийн хүү төлөхөөр болсон нь салбарын санхүүгийн үйл ажиллагааг хүндрүүлж байна. Гэхдээ үнэ нэмэхгүйгээр салбарын санхүүгийн хямралыг шийдвэрлэх талаар нухацтай ярьж байна.
 
Цахилгаан дулааны үнийг чөлөөлсөн улс орон цөөн байдаг. Дийлэнх улс орон эрчим хүчний салбартаа ямар нэг хэмжээгээр татаас өгч байж хэрэглэгчдийг найдвартай, тасралтгүй эрчим хүчээр хангадаг. Манай улсын хувьд дэлхийн өртгөөс доогуур үнэ баримталж байгаа нь санхүүгийн хямралд өртөхөд хүчтэй нөлөөлж байна.
 
С.Уянга 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn