Жилээс жилд хөрөнгөжсөн Засаг дарга Х.Болормаа
Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормааг тойрсон хэл ам тасрах нь ховор. Мань хүнийг анх энэ албан тушаалд “заларч” байхад НИТХ-ын дарга асан Д.Баттулгын бэр нь гэж олон нийт шуугьж байсан. Тодруулбал, ахынхаа нөлөөгөөр Сүхбаатар дүүргийн АН-д нөлөөтэй нэгэн болсон гэсэн үг.
Ахынхаа “кранаар” өргөгдсөн Х.Болормаа нэгэн үе өөрийн садангуудаа ч Сүхбаатар дүүрэгт “чигжсэн”. Юутай ч ааш авирыг нь тэсэхэд бэрх гэх зэргээр үгээ барж суусан тус дүүргийн ажилтнууд өнөөдөр хэдийн түүнээс холдож, мань Х.Болормаа дарга ч жишим ч үгүй дүүрэг тэргүүлсээр ирсэн.
Сүүлийн жил гаруйн хугацаанд ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас болж олон нийтийн орлого ашиг өдөр бүр муудсаар байхад эрхэм хатагтай Х.Болормаа бол эсрэгээрээ ашигтай амьдарч байгаа ажээ.
Түүний хувьд анх 2016 оноос тус дүүргийн Засаг даргаар ажиллах болсон бөгөөд зөвхөн өөрийнх нь хөрөнгө жил ирэх тусам нэмэгдсээр ирснийг АТГ-ын ХОМ-ээс харж болохоор байна.
Тэр 2017 онд өөрийн орлогоо 1 сая 100 мянга гэж мэдүүлж байсан бол 2018 онд 3 сая 56 мянга, 2019 онд огцом өсч 31 сая 389 мянга, 2020 онд 344 сая 359 мянга гэж мэдүүлжээ.
Товчхондоо Х.Болормаа даргын орлого жил ирэх тусам хэдэн зуун саяар нэмэгджээ гэсэн үг.
Түүний ХОМ-ийг цааш нь задалбал, нийтийн орон сууц 4, зуслангийн газар 1, үйлчилгээний зориулалттай 2 барилга, 1 авто зогсоолтой гэж мэдүүлжээ. Харин автомашины тухайд Lexus 570, Toyota, Land Cruiser 200 тус бүр 1, хадгаламждаа 651 сая 301 мянган төгрөгтэй ажээ.
Энэ бол Х.Болормаа 2020 онд АТГ-т өгсөн ХОМ-гийн хэсэг. Харин 2016 онд Засаг дарга болж байх үедээ тэр 108 сая 585 төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлж байсан байна.
Магадгүй мань Х.Болормаа дарга Эи Би Жй энерго, БДТТ, Сити паркин, Манзишир хид, Бат сити, Даш кредит, Доргот чандмань, Сүмбэр дельта зэрэг 11 компанийн хувьцаа эзэмшдэг учраас тэдгээр нь ашигтай ажилласан гэх тайлбар хэлэх л байх.
Гэвч ганцхан Засаг даргын орлого нэгхэн жилийн хугацаанд хэдэн 100 саяар нэмэгдэнэ гэдэг анхаарал татах асуудал биш гэж үү.