Сүхбаатар дүүргийн ЗДТГ, дүүргийн Улаан загалмайн хороо хамтран үерт автсан таван өрхөд гэр бэлэглэлээ

19

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Улаан загалмайн хороо хамтран үерт өртсөн таван өрхийг өргөө цагаан гэртэй болголоо.
Энэхүү үйл ажиллагаанд Дүүргийн Засаг дарга Х.Болормаа Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд, ажил хариуцсан хэлтэс, нэгжийн мэргэжилтнүүд, хорооны Засаг даргын ажлын алба, Улаан загалмайн хороо, “Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ-ын хамт олон, иргэдийн төлөөлөл оролцлоо. Эдгээр таван өрхийг сонгохдоо өөрийн газар, орон байргүй, айлын хашаа болон гэр түрээслэн амьдарч байсан, гэр бүлийн гишүүдээс нь хөдөлмөр эрхлэх боломжгүй, хөгжлийн бэрхшээлтэй нэгнээ асардаг, амьдралын баталгаажих түвшингээс доогуур орлоготой зэрэг зайлшгүй нөхцөл байдлыг харгалзсан аж. Их хот, дүүргээ цэвэр цэмцгэр байлгахын төлөө хог тээвэр, үйлчилгээний  “Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ-т 7-9 жил хүчин зүтгэж буй хоёр өрх энэхүү тусламжид хамрагдсан. Тэд түрээсийн хашаанд амьдардаг байсан ч үерт өртөж, орон гэргүй болоод байсан юм.
Энэ үеэр М.Эрдэнэдалай “Өглөө ажилдаа яваад орой гэртээ ирэхэд нүд халтирам дүр зураг манай гэр бүлийг угтсан. Гэрээс минь үлдсэн ширхэг ч зүйлгүй байна гэдэг тэнгэр хөмрөхтэй л адил байсан даа. Тэр оройдоо эхнэрийнхээ дүүгийнд хоноод, маргааш нь хороондоо хүсэлт гаргасны эцэст сайхан гэртэй болсондоо баяртай байна. Хотод Шинэ гэрээ сайхан тохижуулаад аз жаргалтай амьдрах болно” гэв.
Мөн энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа “Хороо дүүргээс дэмжлэг туслалцаа хүсэх иргэн цөөнгүй. Иргэн тус бүрт тусламж үзүүлэх боломж дүүргийн Тамгын газарт байхгүй. Ирсэн хүсэлтүүдийг  Засаг даргын Тамгын газрын үнэлэмжид хүрч байна уу гэдгийг зөвлөлийн хурлаараа хэлэлцүүлээд, Засаг даргын Тамгын газрын нөөцөөс хөрөнгийг нь гаргаж зайлшгүй дэмжлэг шаардлагатай эхний таван өрхийг гэртэй болголоо. Мөн  газрын асуудлыг нь шийдвэрлэж Батламж гардуулж өгсөндөө баяртай байна” хэмээн ярив.
Түүнчлэн иргэн Д.Батзориг “Өргөө цагаан гэртэй, гал голомтоо бадраах зуухтай, иж бүрэн тавилгатай, өөрийн гэсэн газартай болж байгаадаа сэтгэл хангалуун байна. Гэргүй хугацаандаа садангийн айлууд, машин, буудал зэргээр хоног төөрүүлсэн ч  хороо,  дүүрэг маань иргэдийнхээ төлөө сэтгэл зүрхээ зориулан богино хугацаанд гэртэй болгож өгсөнд баярлаж байна. Гэр бүлийн хамтаар зам талбайн үйлчлэгч хийгээд долоон жил болж байна. Ажилдаа дуртай болохоор тэтгэвэрт гартлаа ажиллана. Энэнээс сайхан баяр гэж хаана байх вэ” гэлээ.
Мөн энэ үеэр Сүхбаатар дүүргийн Улаан загалмайн нийгэмлэгийн тэргүүн А.Энхбаяр “Манай Улаан загалмайн хороо үерт өртсөн таван өрхийн гурвынх нь төсвийг хариуцан ажилласан ба мөн хоёр өрхөд нь сайжруулсан зуух, гал тогооны иж бүрэн тавилга зэргийн туслалцаа үзүүллээ. Цаашдаа байгалийн гамшигт өртсөн айлуудад эд материалын тусламж үзүүлэхээр судлан ажиллаж байна” гэлээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn