СЕХ: У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцсон шийдвэрээ гаргажээ
Сонгуулийн ерөнхий хороо У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцсон тогтоолоо өнөөдөр баталжээ. Уг тогтоолдоо "Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн дүнг хэлэлцэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3 дахь хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.7, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг үндэслэн шийдвэр гаргав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд оролцож саналаа өгсөн нийт 1,216,246 сонгогчдын олонхийн буюу 823,326 (67.69 хувь) санал авсан нэр дэвшигч Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцсон шийдвэрийг гаргалаа" гэжээ.