Олон хүнтэй харьцдаг ажлын байрны жагсаалтыг гаргаж, шинжилгээний цаг товлоно

497
Манай улс вакцинжуулалтаа эхлүүлж хөл хориогоо цуцалсан ч COVID-19 халдварын тархалт намжсангүй. Хоногт 40-50 тохиолдол бүртгэгдэж буй юм. Хөл хорио цуцалсан зургаан хоногийн хугацаанд 280 гаруй халдвар шинээр илэрлээ. Сүүлийн 24 цагт 48 хүнд халдвар илэрч нийт батлагдсан тохиолдол 3000 болсон. Мөн энэ сарын 1-нээс орон нутагт танхимын хичээл эхлүүлж, зорчих хөдөлгөөн нээснээр шинжилгээний ачаалал эрс нэмэгдлээ.“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-гээр 504 мянга гаруй иргэнийг шинжилгээнд хамруулсан ч шинээр илэрсэн халдваруудын дунд эх үүсвэр тодорхойгүй. Массын дундаас илэрч байгаа нь ч цөөнгүй. Тиймээс халдварын тархалтыг хумихын тулд хүмүүс олноор үйлчлүүлж байгаа байгууллагуудад шинжилгээний цэг байршуулж долоо хоногт нэг удаа шинжилгээ авахаар товложээ.
Энэ талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж “Нийслэлийн есөн дүүрэгт коронавируст халдварыг илрүүлэх шинжилгээний сорьц цуглуулах байнгын 17 цэг ажиллаж байна. Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг хүн ам олонтой учраас гурав, гурван шинжилгээний цэг, бусад дүүрэг тус бүрд шинжилгээ авах хоёр цэгийг ажиллуулж байгаа юм. Шинжилгээний сорьцыг шинжлэх лаборатори дүүрэг бүрд ажиллаж байна.
Худалдааны төв, банк, эмнэлэг, дэлгүүр, үйлчилгээний газрууд гээд олон хүнтэй харьцдаг ажлын байруудын жагсаалт гаргаад, долоо хоногт байнгын шинжилгээ авдаг товлол гаргаж байна. Тухайн газруудад шинж тэмдэг нь илрэхгүй халдвар байвал илрүүлэх, хоёрдугаарт нийт хүн амын дунд халдварын байдал ямар байна вэ гэдэг тархалтыг тогтоодог олон улсын арга нь ийм байдаг” гэсэн мэдээллийг өглөө.
Өнгөрсөн долоо хоногт сорьц цуглуулах цэгүүдэд үйлчлүүлсэн иргэдийн тоо дунджаар хоногт 9000 орчим байсан бол гуравдугаар сарын 1-нээс хот хоорондын зорчих хөдөлгөөн нээгдсэнтэй холбогдуулан ачаалал нэмэгдсэн байна. Тодруулбал, өнөөдрийн байдлаар 19127 хүн шинжилгээнд хамрагдсан нь өмнөх өдрүүдээс ачаалал хоёр дахин нэмэгдсэн гэсэн үг юм.
Харин иргэд заавал цаг авч шинжил­гээнд хамрагдах шаард­ла­га­тай. Бүртгэл мэ­дээл­лээс  харахад хо­ногт хот хоорондын зор­чигч тээврийн 250-300 авто­бусаар 10 мянга орчим иргэн үйлч­лүүл­дэг. Тиймээс суу­рин шинжилгээний цэ­гийн хүчин чадлыг нэмэг­дүүлэхийн тулд eruul.gerege.mn сайтын цаг олголтын товлолыг нэг минут болгон багасгах, мөн шинжилгээний цэгийн урсгалыг гурван шугамаар зэрэг авах боломжийг бүрдүүлээд байна.
Ингэснээр хоногт хийх шинжилгээний тоо гурав дахин нэмэгдэж, 13440 иргэн сайтад хандаж үйлчлүүлэх боломжтой болж  байгаа аж. Гэхдээ иргэд төлбөрөө төлөөд хувийн хэвшлийн байгууллагад шинжилгээгээ өгөх нь нээлттэй. Харин уул уурхайн компаниудын үйл ажиллагааг тасралт­гүй явуулах үүднээс  ээлж солиг­дох үед нь эрүүл мэндийн байгууллагаас нэгдсэн зохион байгуулалттайгаар шинжилгээнүүд хийж байгаа аж.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин2021.3.3 ЛХАГВА № 42 (6519)
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn