О.Тэгшгэрэл: MNB World сувгийг хаах асуудлыг би, байгууллагадаа сэтгэл дундуур бусад сувгийн уран бүтээлчид ч шийдэхгүй

406


MNB WORLD сувгийн захирал О.Тэгшгэрэлтэй ярилцлаа.
Танд энэ өдрийн мэндийг хүргэе. МҮОНРТ дээр үүсээд байсан нөхцөл байдал болон MNB World сувгийн талаар ярилцах урилгыг хүлээн авсанд баярлалаа.
За баярлалаа. Манай байгууллага дээр үүсээд байгаа нөхцөл байдлын талаар өөрийн мэдэх хэмжээнд хариулахыг хичээнэ ээ.
Танай телевизэд уран бүтээлчид, ажиллагсдын цалинг хассанаас улбаалсан тэмцэл өрнөөд байгаа тухай хэвлэлийн бага хурлын лайв нийгмийн цахим сүлжээгээр цацагдаад байна.Энэ нь ганц цалин хөлсний асуудал биш гэж ойлгогдож байна. Жишээлбэл олон суваг нээж, уран бүтээлчдийн ачаалал нэмэгдсэн тухай асуудал ч хөндөгдөж байна. Үүнд MNB WORLD сувгийн тухай ч яригдаж байгаа тул энэ талаар байр сууриа илэрхийлж, ер нь энэ суваг анх яаж байгуулагдсан талаар манай уншигчдад товчхон танилцуулаач?
Гадаад хэлний сувагтай байх асуудал сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд яригдсан. Хуулиар хүлээсэн үүрэг гэхээсээ илүү улс орноо сурталчлан таниулах хэрэгцээ шаардлага байсан болоод тэр байх. Төслийг хэрэгжүүлэх шийдвэрийг одоогийн МУ-ын сайд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий захирал Л.Нинжжамц нар гаргаж, Үндэсний зөвлөлийн гишүүд дэмжсэн. Улсаас 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Спорт, World суваг байгуулахад дэмжлэг үзүүлсэн. Түүнээс уйдсандаа хийгээд байгаа ажил шиг харж болохгүй байх. Энэ төсөл санаа төдий байхад нь радио, телевизийн бүх салбар нэгжийн нийтийн хурлуудад ганцаархнаа орж зогсоод, танилцуулж байсан. Тухайн үед хүмүүс ажлын амжилт хүсч, талархалтай хандаж байснаас өнөөдрийнх шиг уур амьсгал байгаагүй. Гэтэл хоёр жил эфирээ явуулаад, овоо тогтворжиж байгаа энэ үед гэнэт л хаа гэх. Би үнэндээ ойлгохгүй байна. Хөтлөөд явж байсан 2 настай хүүхдээ түлхээд унагачихаж байгаа юм шиг санагдаж байна. Ганц би биш энэ сувгийн хамт олон бүгд сэтгэл дундуур байгаа. Би үхэхээр чи үх гэдэг л болж байна.
Цалин хасагдсаныг танай хамт олон эсэргүүцэж, нэгдсэн үү
Хэдэн цаас танагдахад дуртай хүн байхгүй байх. Гэхдээ энэ гэнэт гарсан шийдвэр биш цар тахлын хөл хорионы үед авч байгаа арга хэмжээ, төсөв орж ирэхгүй хэдэн сараар зогссон гээд бүх хүндрэл бэрхшээлүүдийг цаг тухайд нь хамт олондоо хэлж байсан. Гэхдээ нэг ч хүний үндсэн цалин бол хасагдаагүй. Зөвхөн тухайн сарын ажлын гүйцэтгэлийн үр дүн, цаг ашиглалт гээд хэд хэдэн шалгуураар нэмж олгогдох нь шийдэгддэг 20 хувь хасагдсан. Энэ мөнгийг олж авах эсэх нь ажилтанаас өөрөөс нь шалтгаалдаг нэмэгдэл урамшуулал. Чи сайн ажилласан бол авна харин ажилдаа ирсэн хэдий ч бүтээмжгүй суусан бол авахгүй. Манай сувгийн хувьд төлөвлөсөн ажлаа хийж чадаагүй бол 20 хувийг хавтгайруулж олгож байгаагүй. Гэхдээ 34 хөн хүн англи хэлээр контентоо хийгээд үнэхээр үр бүтээлтэй ажиллаж байгаа болохоор хасуулж байсан хүмүүс маань ч идэвхтэй ажиллах болсон. Ийм зарчмаар явж байсан болохоор бид энэ асуудалд хүлээцтэй хандсан.
Тэгвэл танай хамт олон нэгдээгүй гэсэн үг үү
Нийтийн хурал дээр яригдсан зүйлийг манай хамт олон тэр чигээр нь үгүйсгээгүй юм байна лээ. Харин World суваг хэрэггүй гэж алгаа ташиж байсан хүмүүсийг хараад их сэтгэл дундуур байсныгаа нуулгүй ярьцгааж байсан. Цалингаа авах биш өөр зорилготой юм байна гэдэг нь шууд мэдрэгдэж байсан гээд нүүр нүүрээ хараад л ярьцгаасан. Гарын үсгээ зурах үгүй нь тухайн хүний асуудал би ийм зүйлд оролцохгүй. Гарын үсэг зуруулах үед асуудал үүсгээд байсан 20 хувийн урамшуулал 10 сараас олгогдохоор шийдэгдсэн байсан учир ихэнх нь ач холбогдол өгөөгүй юм билээ. Тэгэхээр ер нь тэр үед бол оролцоогүй гэж ойлгож болноо.
Захирлуудын дарамт шахалт, техник хэрэгсэл, ажлын байрны дарамт гээд өөр олон асуудал байдаг тухай ч сөхөгдөөд байна. Та дарамтлагч уу?
Техник бол байнга өөрчлөгдөн сайжирч байдаг. Хөгжлийн хурдыг нь ч бид гүйцэхгүй байх. Тэгэхээр дутах асуудал бол мөнхийн сэдэв байх аа. Бид ч бас шинэ сайхан техниктэй болмоор байна. Гэхдээ ганцхан зургийн аппараттай эхэлж байсан сувгийг өдий зэрэгтэй болгоод өгч байхад, боломж нөөцөө зөв зохион байгуулаад л явж байна. Ер нь бид юу ч байхгүй тэгээс эхэлсэн болохоор нэг эвдэрхий ширээ олдоход ч баярлаад сурчихаж дээ.
Дарамт шахалтын хувьд манай хамт олон л сайн хэлэх байх даа. Миний хувьд бүхий л асуудлаа нээлттэй зөвлөлдөөд, шийдээд явахыг л хүсдэг. Аливаа шийд гаргахдаа хэлэлцдэг, оролцоог нь хангахыг л хичээж ажилладаг. Анх энэ сувгийн хамт олныг бүрдүүлж байхдаа энэ байгууллагын соёлоос огт өөр соёлыг бүрдүүлэхийн төлөө л зүтгэсэн. Энэ миний ажил биш гэдэг хойш суудаг сэтгэлгээ манайд байхгүй. Мэдээж ажил юм чинь ажилдаа сэтгэлгүй, хариуцлагагүй хандсан тохиолдлыг олон удаа хараагүй мэт өнгөрөөж чаддаггүй. Энэ тал дээр бол би хатуу хатуу.
Таныг өндөр цалинтай гэх мэдээлэл сошиал орчинд гарсан. Таны цалин шулуухан хэлхийн бол нэгэнтээ энэ ил болчихсон юм чинь та задлаад манай уншигчдад хэлээд өгөөч?
Энэ асуултанд хариулахгүй ч байх эрх нь надад бий. Гэхдээ нэгэнт ийм байдал үүссэн тул нууж хаах зүйл алга. Хөдөлмөрийн хууль болон МҮОНРТ-ийн хөдөлмөрийн дотоод журмын зүйл заалтад заасны дагуу контрактын гэрээгээр ажиллаж байна. 2019 оноос миний сарын цалин 2,5 сая төгрөг, ур чадварын нэмэгдэл болон ажлын гүйцэтгэлийн 20 хувийн нэмэгдэл авч түүнээс татвар даатгалаа төлдөг. Гэхдээ цахим сүлжээнд, гар дээр авч буй цалин мэт ойлгуулж байгаа нь харамсалтай байна.
Монгол Улсад анх удаа англи хэлээр суваг байгуулах санаачлагыг цааснаас бодит ажил болгож, тогтвортой хөгжүүлэх хүндхэн даалгаврыг даваад гарах хүнийг зөндөө л хайсан байдаг. Гэтэл санал болгосон цалингаар нь ажиллах хүн олдоогүй. Өнөөдөр миний авч байгаа цалин энд л өндөр харагдаж байна. Гэтэл хөдөлмөрийн зах зээл дээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа хүний цалин хэд, гадаад хэл эзэмшсэн хүмүүсийн цалин хэд байгааг мэдэх нэг нь мэдэх л байх. Энэ сувгийн багийг бүрдүүлэхдээ хичнээн сайхан залуусыг сургаад, сайн цалин амласан газруудад алдаж байна. Тэд өнөөдөр миний авч байгаагаас ч илүү цалинтай ажилладаг. Хүн сайн сайхан явж, дэвшиж хөгжихийг би дандаа дэмждэг. Тиймээс амьдрал, эдийн засгаа сайжруулах шаардлага гарсан үед нь зөвөөр ойлгоод дэмжээд явуулдаг.
Харин үүний нөгөө талд англи хэлээр бүх хөтөлбөрөө дамжуулж, контентоо бэлдэж байгаа MNB World сувгийн уран бүтээлчдийн цалин өнөөдөр ч хангалтгүй байгаа нь харагдаж байна. Манай сувгийн ажилтанууд телевизийн бусад уран бүтээлчидтэй адилхан цалинтай байх боломжгүй. Сувгийнхаа уран бүтээлчдийн цалинг нэмэгдүүлэхийн төлөө бүтэн жил хагас хөөцөлдсөний эцэст 2019 онд сувгийн онцлогийг харгалзан үзэж, MNB World сувгийн цалинг Үндэсний Зөвлөлөөр шинэчлэн баталсан. Тэглээ гээд хэт өндөр өгсөн зүйл огт байхгүй.
Сувгаа байгуулах гээд ээлжийн амралтаа ч авч чадахгүй, шилэн өрөөнд ганц пиавр сандалтай, хуучин төвийэ балгас болсон хэсэгт засвар хийлгээд бүтэн сар цалингүй явж байхдаа би хэнийх нь ч нүдэнд өртөж байгаагүй өнөөдөр харин өртлөө.
MNB World сувгийн ирээдүйг хэрхэн харж байна?
Энэ сувгийг Тэгшгэрэл байгуулаагүй, тиймээс сувгийг хаах асуудлыг би шийдэхгүй, хаа гэж алгаа ташсан хэсэг уран бүтээлчид ч шийдэхгүй. Сувгийн хэрэгцээ шаардлагыг гадаад сурталчилгааны чиглэлээр ажилладаг бүх байгууллагууд, аялал жуулчлалын холбоодууд, англи хэлийг шамдан суралцаж байгаа хүүхэд залуучууд өөр юу байдаг юм тэр бүх газруудаас санал асуух хэрэгтэй байх. Хаагдах нь битгий Монголыг дэлхийд таниулах нөгөө талаас дэлхийг монголд хандуулдаг чухал суваг болж улам хөгжих ёстой. Төр засгийн зүгээс хөрөнгө санхүүгээр дэмжиж, МОНЦАМЭ Агентлаг, Монголын дуу хоолой радиотой нэгдэн Монгол Улсын гадаад бодлогыг нэгэн цонхоор харуулах зорилго бүхий мэдээллийн томоохон платформ болон өөрчлөгдөх ёстой гэж хардаг.
Энэ сувгийг хаалаа гэж бодоход энэ олон гадаадын үзэгчид, Элчин сайдын яамд, монголд үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагууд, гадаадын үзэгчиддээ юу гэж тайлбарлах вэ? Телевизийн уран бүтээлчид эсэргүүцээд хаасан гэж хэлэх үү? Хуумгай хандах асуудал мөн үү? Өөрийнхөө амрыг бодвол өнөөдөр ч ноосоо тушаагаад явчихмаар. Гэтэл энэ сувгийн ирээдүйд итгэж, унаж босохдоо мөр зэрэгцэн зүтгэсэн хамт олноо зүгээр хаяад явах уу? Энэ дашрамд хэлэхэд одоо болтол гаргасан шийдвэртээ үнэнч хандаж байгаа Ерөнхий захиралдаа баярлаж байна. Би энд байсан байгаагүй үрийг нь суулгаад соёолчихсон цэцэг шиг энэ сувгийнхаа ирээдүйг ямагт сайхнаар төсөөлдөг.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn