Мадагаскарын Ерөнхийлөгч Андри Ражоэлина эх орноосоо зугтжээ

4

Мадагаскар улсад гэрэл цахилгаан, ундны усны хязгаарлалтыг эсэргүүцсэн иргэдийн жагсаал есдүгээр сарын 25-ны өдөр эхэлсэн. Жагсаал гурав дахь долоо хоногтоо үргэлжилж байна. Тус улсын Ерөнхийлөгч Андри Ражоэлина жагсагчдыг тайвшруулахын тулд Засгийн газрын танхимаа огцруулсан ч нөхцөл байдал дээрдэлгүй, улам дордсоор байна.
Жагсаалд оролцогчдын дийлэнх нь 1995-2010 оны хооронд төрсөн нийгмийн залуу үеийн төлөөлөл байгаа юм. Тиймээс Мадагаскарын жагсагчид өөрсдийгөө “Gen Z Mada” хэмээн нэрлэжээ. Тэд Ерөнхийлөгчийг огцрохыг шаардсаар байна.
2009 онд 34 настайдаа Мадагаскарын төрийн эрхийг гартаа авч байхдаа Африкийн хамгийн залуу Ерөнхийлөгч болж байсан Ражоэлина ням гарагт улс даяар мэдэгдэл хийхээ зарласан юм. Тухайн үед төрийн эрхийг авахад нь тусалж байсан CAPSAT арми өнгөрсөн амралтын өдрүүдэд Ерөнхийлөгчөөс нүүр буруулж, жагсагчидтай нэгдсэнээ мэдэгдсэн билээ.
Хэдийгээр Ерөнхийлөгч төрийн мэдлийн телевизийн сувгаар мэдэгдэл хийхээ зарласан ч CAPSAT армийн цэргүүд төрийн мэдлийн телевизийн байранд хяналтаа тогтоосон байна. Тиймээс Ражоэлина Facebook цахим хуудсаар дамжуулж мэдэгдэл хийжээ. Тэрээр мэдэгдэлдээ өөрийнх нь амь насанд халдахыг завдсан болон төрийн эргэлт хийх оролдлого гарч байгааг анхаарууллаа. Тиймээс амь насаа хамгаалахын тулд аюулгүй газарт нуугдаж байгаа гэжээ. Аюулгүй байдлын үүднээс хаана нуугдаж байгаагаа хэлэх боломжгүй байна гэсэн тайлбарыг өгчээ.
Тус улсын дипломат эх сурвалжийн хэлснээр Ерөнхийлөгч жагсагчдыг шаардлагын дагуу албан тушаалаас огцрох төлөвлөгөөгүй байна. Хэрвээ огцорвол төрийн тэргүүний үүргийг Сенатын дарга сонгууль болтол гүйцэтгэх юм.
Жагсаалыг дэмжиж байгаа сөрөг хүчнийхэн Ерөнхийлөгчийг өнгөрсөн ням гарагт Францын цэргийн онгоцоор зугтсан гэж мэдээлээд байна. Одоогоор уг мэдээлэл үнэн бодитой эсэх нь батлагдаагүй. Ямартай ч түүний ойрын хүрээллийн улс төрчид, бизнес эрхлэгчид хөрш Маврики улс рүү гарч зугтсан байна.
Сөрөг хүчний намууд Ражоэлинад итгэл үзүүлэх эсэх санал хураалтыг парламентад явуулахаар төлөвлөж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn