Итгэл үзүүлэх эсэх дээр С.Эрдэнэ шиг зугтах вий, гишүүд

Н.Алтанхуягийн Засгийн газар 2014 оны аравдугаар сарын 5-нд огцров. Урьд орой нь “тантай үүрд хамт” хэмээн амлаж, зусардаж байсан С.Эрдэнэ өөрийн Шонхор фракцийн 10 гишүүнийг дагуулан “салхинд гарсан” тул чуулганы хуралдаанд 66 гишүүн оролцож, 36 нь Ерөнхий сайдыг огцруулах санал өгчээ. Ингээд хуралд оролцсон гишүүдийн 54.5 хувийн саналаар Н.Алтанхуяг ажлаа өгөхөд хүрсэн бөгөөд тэр өдрийг Н.Алтанхуяг үүрд санаж явдаг аж. Түүний ажлын өрөөнд УИХ-ын санал хураалтын самбарын фото жаазанд заларч байдаг. С.Эрдэнэ 10 хүнээ авч арилаагүй бол Н.Алтанхуяг 40 гишүүний саналаар үлдэх боломжтой байж.
Хоёр жил гаруй ажилласан Засгийн газар огцроход Н.Алтанхуягийн Хэрэг эрхлэх газрыг нь ахлаад явж байсан Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болсон юм. Н.Алтанхуяг хожим үүнийг дүгнэж хэлэхдээ “Огцорсны дараа Засгийн газар, УИХ дээр орж ирэхдээ “Эрдэнэс Тавантолгой” гэдэг компанийг нь гаргаад, “Пибоди”-г нь хасаад “Шинхуа” болон Монголын нэг хувийн компани хоёр орж ирсэн” гэжээ.
Дээр нь улс төрчдийн хууль бусаар олсон хөрөнгийг хураах хууль гэж маш том цохилтыг амсахыг хүсэхгүй байгаа бүлэглэл Л.Оюун-Эрдэнийг унагаах дээр эвсжээ. Тэднийг далайн чинадаас Ц.Элбэгдорж удирдан чиглүүлсээр суугаа.