43 жил хилсээр хоригдсон эмэгтэй суллагджээ

174

Өнгөрсөн баасан гарагт үйлдээгүй хэргийнхээ төлөө 43 жил шоронд хоригдсон Сандра Хемме гэдэг эмэгтэй АНУ-ын Миссури мужийн эмэгтэйчүүдийн хорих ангиас суллагджээ. Эмэгтэй хүн хилс хэргээр ийм удаан хугацаанд хоригдсон тохиолдол Америкийн түүхэнд байхгүй. 
Миссури муж улсын гурван шатны шүүхээс эмэгтэйг суллах шийдвэр гаргасан боловч прокурорын зүгээс түүнийг суллахыг хойшлуулсаар байв. Харин шүүхийг хүндэтгээгүй гэх шалтгаанаар прокурорыг эрүүгийн хариуцлагад татна гэж мэдэгдсэний дараа л прокурор шийдвэрэээ гаргажээ. 
Хутга хэрэглэн номын санч эмэгтэйн амийг хөнөөсөн гэх хэргээр 1980 онд Сандра Хеммед бүх насаар нь хорих ял оноосон байна. Хэргийг нотлох цорын ганц баримт нь уг хэргийг үйлдсэн гэдгээ Сандра мөрдөн байцаалтын явцад хүлээн зөвшөөрсөн явдал юм. Гэтэл түүнийг сэтгэл мэдрэлийн эмнэлэгт аваачин, тайвшруулах эмийг их тунгаар уулгаж байгаад дээрх мэдүүлгийг авсан нь тогтоогджээ. Мөн тухайн үед ажиллаж байсан цагдаагийн нэгэн ажилтны автомашин хэрэг гарсан өдөр номын санч эмэгтэйн гэрийн ойролцоо байсан, уг цагдаа хохирогч эмэгтэйн зээлийн картыг ашиглан төлбөр хийсэн, түүний гэрт хохирогчийн ээмэг байсан гэх баримтуудыг мөрдөн байцаагчид нарийвчлан шалгаагүй байсан аж. 
Цаг хугацаа өнгөрсөөр 43 жилийн дараа шүүх хэргийг дахин хэлэлцээд, Хемме гэм буруугүй болохыг тогтоож, түүнийг суллах шийдвэрийг гаргасан байна. Шүүхийн шийдвэр гарсан хэдий ч муж улсын прокурор уг шийдвэрийг эсэргүүцсээр байсан бөгөөд “Хүн амины хэргээр биш юм аа гэхэд харгалзагчийг бриткээр зүсэж байсан зэргийг нь харгалзан Сандраг суллах ёсгүй” хэмээж байв. 
“Гэмгүй зэмгүй хүнийг шийтгэх амархан, харин суллах хэцүү байдаг. Ийм зүйл давтагдах ёсгүй” хэмээн Сандрагийн өмгөөлөгч Шон О’Брайен ярилаа.  
https://time.mn/vae.html
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn