Унгирал шатааснаас үүдэлтэй гал түймрийн дуудлага нэмэгдэж байна

0

Нийслэлийн хэмжээнд өчигдөр /2024.06.17/ гал түймрийн 16 дуудлага мэдээлэл бүртгэгдсэний 12 нь модны цагаан хөвөн шатааснаас үүдэлтэй байжээ. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн долдугаар хороонд байх Монгол Улсын Консерваторийн хашаанд тус сургуулийн ахлах ангийн хүүхдүүд унгирал шатааж гал алдсан дуудлага мэдээлэл /2024.06.17/ 16:00 цагийн орчимд ОБЕГ-т ирж Чингэлтэй дүүргийн аврах 10-р ангийн  бие бүрэлдэхүүн очиж галыг унтраажээ.
Улиас модны унгирал унаж байгаа энэ үед иргэд хашаандаа байгаа унгиралыг шатаах мөн татсан тамхиныхаа ишийг унтраалгүй хаяснаас болж гал түймэр гарч байгаа аж. Улиас модны  унгирал нь хөвөн мэт сэвсгэр учир маш өндөр шатамхай шинж чанартай бөгөөд гал авалцах үед хурдтай тархдаг байна. Иймд иргэдийг модны хөвөн шатаахгүй байх, хүүхэд багачууддаа шатааж болохгүйг сануулах, ил задгай гал гаргахгүй байх, асаасан чүдэнз, татсан тамхиа бүрэн унтрааж байхыг анхаарууллаа.
Унгирал нь хур бороо ихтэй чийгтэй үед дэгдэх нь байгаа байдаг. Тиймээс унгиралын дэгдэлтийг бууруулах хамгийн тохиромжтой арга нь услах юм.
Он гарсаар улсын хэмжээнд Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс, Төв зэрэг 10 аймгийн 30 суманд 69 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ. Ой, хээрийн гал түймрийн дуудлага, мэдээлэл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 7.2 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа аж. Дээрх ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар нийт 685,267 га талбай,  таван гэр, дөрвөн хашаа саравч, 19 толгой бог мал өртөж, урьдчилсан байдлаар экологид нийт 353 сая төгрөгийн хохирол учирчээ. Ойн тухай хуульд зааснаар ой, хээрийн түймрийн аюултай үе зургадугаар сарын 10-ны өдөр дууссан ч хойд болон баруун хойд ойн бүс нутгаар хуурайшилтын түвшин өндөр хэвээр байгаа ажээ. Тиймээс ой, хээрээр явахдаа, ил задгай гал түлэхгүй байх, татсан тамхи, асаасан шүдэнзнийхээ галыг бүрэн унтрааж, галын аюулгүй байдлыг сайтар хангахыг анхааруулж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn