Ёс зүйн зөрчил гаргасан олимп, тив, дэлхийн медальт тамирчны урамшууллыг түр түдгэлзүүлдэг боллоо

117

Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аас эцэслэн баталлаа.
Энэхүү хуулийн өөрчлөлтөд олимп, тив, дэлхийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, үндэсний хэмжээний тэмцээн, наадамд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, дасгалжуулагч ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд тэдэнд олгодог мөнгөн шагнал, урамшууллыг түр түдгэлзүүлэх тухай заалтыг оруулжээ. Ингэхдээ түдгэлзүүлэх эсэх шийдвэрийг салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаргах юм байна.
Гэмт хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн олимпын медальт тамирчинд олгодог урамшууллыг бүр мөсөн хасах тухай саналыг зарим гишүүн гаргаж байсан. Гэвч тус хуульд тамирчин, дасгалжуулагч зөвхөн ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд урамшууллыг түр түдгэлзүүлэх тухай заажээ.
Энэ асуудалтай холбоотой заалтуудыг танилцуулъя:
9.1.5. олимпын наадам, тив, дэлхийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, үндэсний хэмжээний тэмцээн, наадамд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, дасгалжуулагчид мөнгөн шагнал олгох, урамшуулах журмыг Монгол Улсын Засгийн газар батална 
7.1. Спортын тамирчин, дасгалжуулагч, шүүгч, ажилтан, арга зүйч нь оюун ухаан, бие бялдар, ёс суртахууны зөв хандлагатай бүтээлч иргэн, идэвхтэй амьдралын дадал хэвшилтэй гэр бүлийн орчныг төлөвшүүлэхийн төлөө дараах ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахин мөрдөнө:
  • 7.1.1. хүн хүнээ хүндэтгэх нөхөрсөг зан харилцаа, хүндлэл, хүний мөн чанарыг эрхэмлэх зэрэг зан үйлийн сайн чанарыг дээдлэх;
  • 7.1.2. хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, үзүүлсэн амжилт, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэндийн байдлаар нь ялгаварлан гадуурхахаас ангид байх;
  • 7.1.3. сэтгэл зүй, бие бялдар, ажил мэргэжил, бэлгийн дарамтыг биеэр, үг хэлээр болон цахимаар үзүүлэхийг цээрлэх;
  • 7.1.4. спортын талбарт шударга бус өрсөлдөөнөөс ангид байж, аливаа авлигын саналыг бусдаас хүлээн авахгүй, бусдад тавихгүй, шударга бус үйлдэл, эс үйлдэлтэй үл эвлэрэх;
  • 7.1.5. өөрийн ур чадварыг байнга дээшлүүлж, үзүүлсэн амжилт, ололтоо бататган, тухайн мэргэшсэн спортын төрлөө хөгжүүлэхэд манлайлан оролцох;
  • 7.1.6. иргэн болон өөр хоорондоо хүндэтгэлтэй, эелдэг харьцаж, нийгэмд биеэ зөв боловсон, соёлтой авч явах талаар үлгэр дуурайлал үзүүлэх;
  • 7.1.7. олимпизмын үзэл санааг дэмжиж, гадаад, дотоодын аливаа тэмцээн, наадамд оролцохдоо эх орон, баг, хамт олныхоо нэр хүндийг ямагт эрхэмлэх;
  • 7.1.8. улс төрийн хувьд төвийг сахиж, аливаа нөлөөллөөс ангид байх;
  • 7.1.9. бусдын нэр төрийг гүтгэн гутаах, доромжлох, баримтгүйгээр мэдээ, мэдээлэл нийтэд тараахгүй байх, хувь хүний нууцад халдахгүй байх;
  • 7.1.10. монгол ёс заншлыг дээдэлсэн, ашгийн бус, өсвөр үе, ахмад настан, нийгэмд чиглэсэн хүмүүнлэгийн үйлсэд өөрийн биеэр оролцон, хүний мөн чанар, ёс жудгийг эрхэмлэн, амьдралын зөв дадлыг сурталчлан, нийгэмд эерэг нөлөөлөл, хандлага түгээж байх.
7.2. Энэ хуулийн 7.1-д заасан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдлыг салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний дэргэдэх Ёс зүйн зөвлөл хэлэлцэн шийдвэрлэнэ.
7.3. Энэ хуулийн 9.1.5-д заасан этгээд нь энэ хуулийн 7.1-д заасныг зөрчиж ёс зүйн зөрчил гаргасан нь Ёс зүйн зөвлөлийн шийдвэрээр батлагдсан тохиолдолд ёс зүйн шийтгэл хүлээх хугацаанд хамаарах мөнгөн шагнал, урамшууллыг олгохыг түр түдгэлзүүлэх шийдвэрийг салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаргана.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn