Голомт банк олон улсын зах зээлд анхны бондоо амжилттай гаргалаа

151

Голомт банкны бондын захиалга авах явцад нийт захиалгын дүн 500 сая ам.доллар хүрч, зорилтот дүнгээс 200 сая ам.доллароор давжээ
Голомт банк анх удаа олон улсын зах зээлд гурван жилийн хугацаатай, 300 сая ам.долларын бонд амжилттай босгож, 10 гаруй жил тасраад байсан Монголын арилжааны банкнуудын олон улсын зах зээл дэх санхүүжилтийн үйл ажиллагааг дахин сэргээлээ. Энэ нь 2012 оноос хойш Монголын арилжааны банкнуудаас олон улсын зах зээлд бие даан бонд босгож буй анхны тохиолдол болж байна.
Тус бондын андеррайтераар “JPMorgan Securities”, “Deutsche Bank” болон “Korea Investment & Securities Asia Limited” зэрэг дэлхийн томоохон банкнууд хамтран ажиллалаа.
Энэхүү бондыг “Moody's” агентлаг B3/B зэрэглэлд үнэлсэн нь Голомт банк болон Монгол Улсын үнэлгээтэй ижил түвшин гэсэн үг юм.
“Голомт банк олон улсын зах зээлд бонд арилжсан нь сүүлийн 12 жилийн хугацаанд ам.долларын бондыг зах зээлд гаргасан Монголын анхны арилжааны банк боллоо. Голомт банк өөрсдийгөө төдийгүй Монгол Улсыг дэлхийн хөрөнгө оруулагчдад танилцуулж, олон улсын зах зээлд гарсандаа баяртай байна” гэж Голомт банкны Гүйцэтгэх захирлын орлогч А.Одонбаатар онцоллоо.
Голомт банк дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн олон улсын мэргэжлийн хөрөнгө оруулагчидтай уулзалт зохион байгуулсан ба бондын захиалга авах үеэр нийт захиалга 500 сая ам.доллар хүрч, санхүүжилтийн зорилтот дүнгээс 200 сая ам.доллароор давсан байна.
Голомт банкны олон улсын зах зээлд гаргасан 300 сая ам.долларын бонд нь жилийн 11 хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай, Reg S/144A форматаар амжилттай гарч, бондыг АНУ, Ази, Европ болон Монголоос мэргэжлийн хөрөнгө оруулагчид худалдан авчээ.
“Бидний хувьд энэ бүгд цоо шинэ зүйл байлаа. Энэ үйл явдал Монголын илүү олон үнэт цаас гаргагчид дэлхийн хөрөнгийн зах зээлд гарах шинэ зам боллоо гэж харж байна” хэмээн Голомт банкны Гүйцэтгэх захирал Норихико Като онцолж байна. 
Олон улсын хөрөнгийн зах зээлд ийнхүү 300 сая ам.долларын бондыг амжилттай арилжсан нь Монголын банкны секторын хувьд ам.долларын зах зээлийн оролцоог эргэн сэргээж, Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.
Голомт банк
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn