Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 9.4 хувиар буурчээ
Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны хоёрдугаар сарын үзүүлэлтүүдийг танилцууллаа. ҮСХ-ны Мөнгө, санхүү, үйлчилгээний статистикийн газрын дарга Л.Энхбаатар" Мөнгөний нийлүүлэлт энэ оны хоёрдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 37.6 их наяд төгрөг болжээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.3 их наяд төгрөгөөр буюу 24.2 хувиар өсжээ. Энэхүү өсөлтөд төгрөгийн хадгаламж 4.6 их наяд буюу 36 хувиар, төгрөгийн харилцах гурван их наяд төгрөг буюу 53 хувиар тус тус өссөн нь нөлөөлсөн байна. Төгрөгийн хадгаламж 17.6 их наяд төгрөг байгаагийн 85 хувийг иргэдийн хадгаламж, 15 хувийг аж ахуйн нэгж байгууллагын хадгаламж тус тус эзэлж байна.
Түүнчлэн чанаргүй зээлийн үлдэгдэл хоёр их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 9.4 хувиар буурчээ. Нийт зээлийн өрийн үлдэгдэл хоёр хоёрдугаар сарын эцэст 28 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 5.4 их наяд төгрөгөөр буюу 24 хувь өссөн байна. Энэхүү өсөлтөд иргэдийн зээлийн өрийн үлдэгдэл 4.5 их наяд төгрөгөөр буюу 38 хувиар, хувийн байгууллагын зээлийн өрийн үлдэгдэл 776 тэрбум төгрөг буюу найман хувиар өсөхөд голлон нөлөөлсөн" гэлээ.