Б.Бат-Эрдэнэ: Яаж ч ядарсан орон гэрээрээ тоглож болдоггүй юм шүү гэж аав ээж захиж ирсэн

0

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн талаар Сайд Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, Б.Бат-Эрдэнэ нар өнөөдөр мэдээлэл хийлээ. 
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Хуулиа эхэлж гаргаад Монголын байгалийн баялгийг цөлмөдөг байдал үеийн үед байсан. 2008 онд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ хийх бэлтгэлийг 2005, 2006 оноос хангасан. Эхлээд Ашигт малтмалын тухай хуульдаа өөрчлөлт оруулж, гаднын хөрөнгө оруулагчдад ашигтай байх талаас нь батлуулж байсан юм. 
Байгалийн баялгийн эзэн орон ямар нэгэн мөнгө төлөхгүйгээр шууд авах хуулийн зохицуулалтыг устгаж Оюутолгойн 34 хувьд нь монголчууд зээлээр худалдаж авах гэрээг С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж зэрэг тэр үеийн ажил хариуцаж байсан хүмүүс хийсэн. 
Яаж ч ядарсан орон гэрээрээ тоглож болдоггүй юм шүү гэж аав ээж захиж ирсэн. Түүнтэй адилхан улсын хувьд газартай холбоотой асуудал дээр анхаарах хэрэгтэй. 
Мөн Тавантолгойд онцгой дэглэм тогтоож, Бүрэн Эрхт Төлөөлөгчөөр төрийн албаар мэргэшсэн залууг аваачиж тавьснаар бүх юм нь цэгцэрч, гурав орчим их наяд төгрөгийн ашигтай ажиллаад ард иргэддээ хувьцаа олгох асуудлыг яриад байна шүү дээ. 
Төрийн өмчит компаниуд муу гэдэг байдлаасаа холдох хэрэгтэй. Бүх юмыг болохгүй байна гэх нэрийн доор хувьчилж авдаг. Хөтөлийн цемент үйлдвэрийг зориуд дампууруулаад хувьчлаад авчихсан. Хувьчилсныхаа дараа юу ч хийгээгүй, цөлмөсөн" гэв. 
 
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Чуулган завсарлахаас өмнө Хөрөнгө оруулалтын хууль, мөн Төрийн өмчийн компани байгуулахыг түр хориглосон хууль хэлэлцэгдсэн. Энэ хоёр хуулийн хор уршгийн талаар иргэд, сонгогчдод нээлттэй мэдээлэл өгсөн. Үүний хариуд хүчтэй дайралтууд явж эхэллээ. Сонгууль хүртэл үргэлжлэх бололтой байна. 
Энэ хоёр хуулийн аюул юу вэ гэвэл УИХ руу нэг том стратегийн орд орж ирэх гээд байгаа. Стратегийн ордод 50 хүртэл хувийг төр эзэмшиж, ард түмэн хувь хүртэнэ. Төрийн өмчит компани байгуулахгүй гэхээр 34-50 хувь хүртэхийг байхгүй болгочхож байгаа юм. Өөрөөр хэлбэл дахин Эрдэнэт, Тавантолгойгүй болно гэсэн үг. Хувь хүн стратегийн ордыг 100 хувь эзэмших ийм юмыг оруулж ирчхээд зүтгүүлээд байна.
Үүнийг нь хэлчхээр хорсож байгаа гэж, есөн шидээр гүтгэж байна. Бид гүтгэлэгтэй тэмцэнэ. Хуулийн хяналтын байгууллагад өгнө. Тэгэхээр бас хэцүү юм гарч ирэх юм. Нэг сайтад биднийг янз бүрээр бичихээр нь шалгаж өгөөч гээд хууль хяналтын байгууллагад хүсэлт тавьсан. Ингэхээр хүлцэл өчье, биднийг ялаас мулталж өгөөч гэж байгаа юм. Баримт нотолгоогүй юм тавивал өгөхөөс өөр аргагүй. Улс төрийн л захиалга байгаа. 
Тус сайтад гарсан нь биднийг "Олигархижсан бүлгийн толгойлол", "Жалганы ухнуудаар Монголын төрийг зайдагнуулж болохгүй" гэсэн юм бичсэн. Иймэрхүү юм хоёр хуулийн дараа олон нийтийн сүлжээгээр хавтгайрч эхэлсэн. Адилхан хар байх гэж зүтгэж байгаа улс төрчдийн захиалга гэдгийг бид ойлгож байгаа. Гүтгээд ч болтугай адилхан хар болгох гэсэн захиалга. Тиймээс сэтгүүлч нар битгий өртөж, хэлмэгдээсэй гэж бодож байна. Хүнийг гүтгэчхээд баримт өгөхгүй байгаа тул бичсэн хүмүүс нь хэлмэгдэх гээд, биднийг гуйгаад байгаа.
100 жилээр газраа ашиглуулаад, гэр бүлтэй нь байнга оршин суух виз өгье гэдэг Монгол Улсын иргэн бидний дунд байгааг анхаарах хэрэгтэй болсон байна. Тусгаар тогтнолын хамгийн том аюул нь дотроосоо. 1919 онд дотроосоо тусгаар тогтнолоо байхгүй болгосон. Тиймээс анхааралтай байхгүй бол дотроосоо элдэв янзын хууль санаачлах, алсуураа тусгаар тогтнолыг ганхуулах юмнууд орж ирж байна. Хэлчхээр элдвээр захиалга өгөөд, бусдыг хүнд байдалд оруулдаг юм болж байна. 
Олон нийтийн сүлжээ харахаар л бидэн рүү дайрсан, манай тойрог руу чиглэсэн мэдээлэл их цацаж байна. Бид хуулийн дагуу л үзнэ" гэсэн юм. 
Түүнчлэн "Хөрөнгө оруулалтын хуулийн төслийн 16.1.5-д Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн гадаадын хөрөнгө оруулагч түүний гэр бүлд Монгол Улсад зорчих олон удаагийн орж гарах виз болон байнга оршин суух зөвшөөрөл олгоно гэж байгаа. Энэ бол аюултай. Өмнө нь 100 мянган ам.долларын хөрөнгө оруулж, хувьцаа худалдаж авах, компани хамтран байгуулбал байнга оршин суух эрхтэй болдог байсан. Нэг ёсондоо АНУ-д ногоон карт авахад тодорхой хэмжээний босготой байдаг. Түүнийг нь манайд нэг сая төгрөг л болгочхож байгаа юм. Манайд оршин суух виз авах гээд байна" гэв. 
 
Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун "Эгч дүү хоёр сэтгүүлч өчигдөр хэвлэлийн хурал хийсэн. Энэ хоёр хүнийг урд өдөр нь би Эрүүгийн цагдаагийн газарт өгсөн. Олон төрийн байгууллагад шантааж хийдэг юм байна энэ хоёр хүн.
ХХААХҮЯ-ны харьяа Мал эмнэлгийн газартай 2023 онд 19.5 сая төгрөгийн гэрээ хийсэн байсан. Гэрээний үүргээ хангалттай биелүүлээгүй учир дахиж гэрээ хийхгүй байх чиглэлийг Хэвлэлийн албандаа өгсөн байсан юм.
Энэ хүмүүс цаашид өндөр дүнтэй гэрээ байгуулахыг шаардсан асуудал гарсан учир хуулийн байгууллагад өгсөн гэдгийг хэлье.
Х.Болорчулууны компани өндөр үнийн дүнтэй тендер авдаг гэсэн ташаа мэдээллийг зориуд явуулсан. Миний гэр бүлийн компани тендерчин биш, талх, гурил үйлдвэрлэдэг байсан. Том дүнтэй тендерт ордоггүй. Үнэн зөв нь олдоно" хэмээн тайлбар хэлэв.
Тэрбээр "Улстөрчид буруу зүйл хийгээгүй бол шантаажчдын өмнө хөл алдаж болохгүй.
Ичих булчирхайгүй ийм хүмүүсийг бидний эсрэг гаднынхан, гаднынхны гар хөл болсон хүмүүс ашиглаж, их мөнгөөр угждаг юм байна. 
Бид 3-4 удаа сонгогдсон гишүүд. Улс орныхоо үндэсний нийтлэг эрх, ашгийн төлөө тэмцэж ажиллаж ирсэн. Гаднынхны гар хөл болсон хүмүүстэй парламент дотор тэмцэж ирсэн, тийм амар байдаггүй.
Жишээлбэл 2016 оны намар шинэ Засгийн газар байгуулагдаад "Эрдэнэс Тавантолгойн" 49%-ийг Хятадын Шинхуа компанид, 51%-ийг Монголын талд эзэмшүүлнэ гэснийг дотор нь MCS компани Хятадын нэг компанитай 34%-ийг авч төрд 17%-ийг үлдээгээд 400-хан сая ам.долларын урьдчилгаатайгаар өгөх гэж байсныг эсэргүүцэж бүлэг дотроо бөөн юм болж байлаа. Ингээд бүлэг дотроо хоёрхон хүний саналаар УИХ-аар батлуулахгүй, авч үлдэж чадсан юм. 
Хоёрдугаарт Оюутолгойтой олон жил тэмцсэн. Хоёр жилийн өмнө Рио Тинтогийн гүйцэтгэх захиралтай нэг бус удаа хэлэлцээрийн ширээний ард сууж, шаардаж байж Монголын эзэмшлийн 34%-д оногдсон 2.8 миллиард ам.долларыг тэглүүлж чадсан. Энэ мэтээр байгалийн баялгийг ард иргэдийн хүртээл болгохын төлөө тэмцэж ирсэн гэдгийг хэлье.
Сонгуульд дахин сонгуулахгүй байх акц хийж байгаа нь ойлгомжтой. Цаашид ч сонгууль хүртэл үргэлжлэх байх" гэв.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn