НӨАТ-ын буцаалтыг дэмжсэн иргэдийн 74.5% нь 18-35 насны залуус байна
УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн баасан гарагт нийтийн өргөдлийн дүнг чуулганы нэгдсэн хуралдаанд анх удаагаа мэдээлж, холбогдог байнгын хороонд шилжүүллээ.
УИХ-ын нийтийн өргөдөл хүлээн авах цахим системд 10-р сарын 17-ны өдөр байршуулсан эхний санал болох НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгох санаачлага 100,000 иргэний дэмжлэгийг 6 хоногийн дотор авсан. Холбогдох хууль, журамд заасны дагуу уг асуудлыг ийнхүү УИХ-ын Төсвийн байнгын хороо хэлэлцэхээр боллоо.
Тус асуудлаарх мэдээллийг УИХ-ын дарга чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахдаа залуусын оролцоо өндөр байсныг онцлов. Тэрээр “Бид залуусынхаа оролцоог үгүйсгэдэг байсан ч асуудал тэдэнд биш, бидэнд байсныг энэ байдал харуулж байна. Шинэ үеийн залуус тодорхой, зөв бодлого дээр өндөр идэвхтэй, зөв чиг баримжаатай оролцож чадна гэдгээ харууллаа. Тэд зөв үйлдэлд цахимаар нэгдэж чадна гэдгээ илэрхийллээ.” гэж тодотгожээ. НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх саналыг дэмжиж 104,791 иргэн саналаа өгсний 30.4 хувь нь 18-25 насныхан, 21.8 хувь нь 26-30 насныхан, 22.3 хувь нь 31-35 насныхан байжээ. Өөрөөр хэлбэл 18-35 насны залуус нийт санал өгөгчдийн 74.5 хувийг эзэлсэн байна.