МАН-ын генсекийн төлөөх “алалцаан” эхэллээ

264

Эрх баригч намын доторх үл ойлголцол нийгэмд ил цагаан боллоо. Сонгуулийн жил ойртсоныг ч хэлэх үү, эрх мэдлийн төлөөх тэмцэл улам хурцдах нь ойлгомжтой. Сая гэхэд ногоон автобусны асуудлаар хэд хэдэн хүнийг “золигт” гаргачихлаа. Улс төрийн оролцоотой хэрэг болохоор цаашид олон хүн чирэгдэх нь тодорхой байна. 
Ерөнхий сайдын зүгээс авлигад идэгдсэн хотыг цэвэрлэж, булан тохойг нь юу ч үгүй шүүрдэж цэвэрлэнэ гэдгээ дориухан мэдэгдэнэ лээ. Тиймдээ ч Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар нарыг огцруулсан нь нийгэмд гэрэл асаасан үйл явдал болов. Хэдийгээр тэд ногоон автобусны хэрэгт өөрсдийгөө хамааралгүй гэж байгаа ч ёс зүйн хариуцлага хүлээсэн нь улс төрд сайн жишиг тогтоолоо.
МАНдоторх энэ бужигнаан одоо генсекийн суудал руу чиглэлээ. Д.Амарбаясгалангийн байр суурь нэгэнт ганхаад эхэлсэн байна. Улс төрийн хүрээнийхний ярьж буйгаар намын лидерүүд нь түүнийг генсекээс буулгахаар нэлээд шахаж байгаа гэх. МАН-ын генсек гэдэг бол намын гал тогоог барихаас гадна нөлөө бүхий том эрх мэдлийг атгадаг албан тушаал. Хүссэн бүхэн нь очоод заларчихдаг суудал ч биш. Тийм болохоор генсекийн төлөөх марафон үнэхээр “алаан” болдог. Д.Амарбаясгалангийн хувьд ногоон автобусны хэрэгт өөрийгөө “гэрэл цохиулчихсан”. Бас нүүрсний хулгайтай холбоотой хэмээн бичигдэж байна. Иймэрхүү хэргээр нь түүнийг барьцаалан гарцгүй болгож байгаад генсекийн суудлаас нь мултлах нөхцөл нэгэнт бүрджээ. Шахаанд орсон Д.Амарбаясгалан генсекээ өгөхөөс ч өөр замгүй. Зарим эх сурвалжуудын хэлж байгаагаар нам дотроо хэдийнэ тохироогоо хийчихсэн бололтой.
Х.Нямбаатар хотын дарга болсноор УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөнө. Уг нь тэрбээр УИХ-аас байгуулагдсан нүүрсний сонсгол явуулах ажлын хэсгийг ахалж байсан. Харин Х.Нямбаатарын статус өөрчлөгдчихөөр нүүрсний сонсгол явах уу, үгүй юу гэдэг асуултын тэмдэг болж байна. Эндээс харахад, МАНнүүрсний хулгайг намжааж байгаад сонгуульдаа орох хувилбар уншигдахаар. Гэхдээ Д.Амарбаясгаланг генсекээс холдуулж байгаад нүүрсний хулгайг нь ярихгүй гэж тохиролцсоныг ч үгүйсгэхгүй. Яагаад гэвэл нүүрсний сонсголоор Д.Амарбаясгаланг барьцаалж, урдах хойдохыг нь ухаж л таарна. Мань эр генсекээ өгч л байгаа бол нүүрсний сонсгол явахгүй гэж судлаачид харж байна билээ.
Тэгвэл МАН-ын дараагийн генсек хэн байх вэ. Энэ бол Ардын намын зодооныг улам ширүүсгэх сэдэв. Д.Амарбаясгалангаас өмнө Я.Содбаатарын нэр нэлээд хүчтэй яригдаж байсан удаатай. Бараг л генсекээр томилоод буцаасан гэдэг. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга намын генсекийг давхар эрхэлж болох эсэх нь тухайн үед маргаан дагуулж байсан удаатай. Тэгвэл энэ удаад хэд хэдэн хүний нэрс хөшигний ард яригдаж байгаа гэнэ. Тэр дунд хамгийн түрүүнд мөн л Я.Содбаатарын нэр цохогдсон бололтой.
 
Эх сурвалж: Өдрийн сонин
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn