Л.Ариунтуяа: Гамшиг ослын үед иргэдийг нүүлгэн шилжүүлэх газартай болох шаардлагатай

273

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар  ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг  билээ. Энэ удаагийн зочноор НИТХ-ын төлөөлөгч, Геодези, Усны барилга байгууламжийн газрын дарга Л.Ариунтуяаг урилаа. 
 

НИЙСЛЭЛЧҮҮД ХАМТДАА ТУЛГАМДСАН АСУУДЛАА ШИЙДВЭРЛЭХ ЁСТОЙ

 
Нийслэлд болсон үерийн тухайн нөхцөлд бид 72 цаг ажилласан. Үерийн нөхцөл байдлын хувьд хүний амь нас эрсэдсэн, эд хөрөнгөөрөө хохирсон харамсалтай үзэгдэл боллоо. Гэсэн ч нийслэлийн удирдлагууд энэ асуудлыг шийдвэрлэхээр  дахин ийм эрсдэл гаргахгүйн тулд  шаардлагатай бүх ажлыг шуурхай шийдвэрлэхээр ажиллаж байна. Одоогийн байдлаар  үерийн дараах сэргээн  босголт буюу тухайн орчныг  ариутгах засах тохижуулах, цэвэрлэх ажил дууссан.
Дараагийн нүүлгэн шилжүүлэх ажил хийгдэж байна. Иргэдийн хувьд ихэвчлэн даатгалгүй, нөхөн төлбөр авах эрхзүйн боломж тааруу нөхцөлд байгаа. Үерийн дараах арга хэмжээний хүрээнд Баянзүрх дүүргийн XXI  дүгээр хороонд байрлах таван га газарт үерийн улмаас гэргүй болсон 22 айлыг нүүлгэн шилжүүлж, газар олголтыг өмчлүүлэхээр болсон. Ингэхдээ нийслэлийн зүгээс  гэр, тавилгын асуудлыг шийдэж өгч байгаа. Мэдээж  шинэ газар нүүж очиж байгаа учраас хүний зайлшгүй хэрэгцээ болсон дэд бүтцийн асуудлыг хамгийн түрүүнд шийдсэн байх шаардлагатай. Одоогийн байдлаар эрчим хүч татах ажил явагдаж байна. Мөн нийслэлийн авто замын газраас тухайн газар хүртэлх замыг засаж байгаа. Сургууль, цэцэрлэг, нийтийн тээврийн асуудлыг шийдэхээр тодорхой арга хэмжээ аваад ажиллаж байна.
Одоо эрсдэлтэй бүс болох үерийн аман дээр буусан 3000 орчим айл өрх, ААН бий. Тиймээс эдгээр иргэдийн асуудлыг хэрхэн шийдэх боломжтой байна вэ гэдэг дээр бид ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд дүүргүүдийн засаг даргатай холбогдож  тухайн дүүрэгт хэдэн айл буух боломж байгаа тал дээр судалгаа хийж,  шийдэл гаргах юм. Хэрэв боломжгүй бол өөр дүүрэг рүү нүүлгэн шилжүүлэх, 3000 өрхөө тараан байршуулахаар төлөвлөж байна. Төвлөрөл бий болж байгаа газар  Засгийн газрын  түвшинд сургууль, цэцэрлэгийн асуудлыг шийдэж байгаа. Үүнтэй адил суурьшлын бүс үүсэх л юм бол эхлээд эрчим хүч,  сургууль цэцэрлэг гээд асуудлыг шийднэ. Тиймээс одоо бидний хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол иргэдтэй зөвшилцөлд хүрч ажиллах. Энэ ажлыг бид эхлүүлээд тухайн айл өрхтэй уулзаж, төрөөс тодорхой хэмжээний төлбөр олгох уу, эсвэл иргэдийн зүгээс   нүүлгэн шилжүүлэхээр  төлөвлөсөн тухайн газар руу байшин барилга, гэрээ зөөх үү гээд янз бүрийн байдлаар зөвшилцөөд ажиллаж байна.
 Өнөөдрийн байдлаар нүүх боломжгүй  байна  гэсэн зарим айл бий. Тэдний  хувьд тухайн газар лизингээр хашаа байшин авсан, төв шугам, сургууль цэцэрлэгтэйгээ ойрхон гэсэн шалтгааныг хэлж байгаа. Гэвч хүний хамгийн үнэ, цэнтэй зүйл бол амь нас.  Дараа нь эд хөрөнгийн асуудал яригдана. Тиймээс иргэд та бүхэн ч болзошгүй эрсдэлээс сэргийлэн  гэр бүл үр хүүхдийнхээ төлөө чухал шийдвэр гаргаж,  төр иргэн хоёр хамтдаа энэ асуудлыг шийдвэрлэх ёстой юм шүү.
 

ҮЕРИЙН АМАН ДЭЭР БАРИЛГА БАЙШИН БАРИХ, АЙЛ ӨРХҮҮД БУУХ НЬ СҮҮЛИЙН 15 ЖИЛ  ЭРЧИМТЭЙ НЭМЭГДСЭН

 
Улаанбаатар хот газарзүйн байршлын хувьд уулсын дунд оршсон тогтоцтой. Сүүлийн 15  жил үерийн аман дээр барилга байшин барих, айл өрхүүд буух,  төвлөрөл бий болох асуудал  эрчимтэй нэмэгдсэн.  Ер нь  Нийслэлийн Геодези, Усны барилга байгууламжийн газар,  дүүргийн Засаг дарга нар болон  газрын албатай хамтарч байнгын анхааруулга шаардлагыг иргэдэд хүргүүлдэг байсан. Харин иргэдийн зүгээс тухайн газар сургууль, цэцэрлэг, дэд бүтэц ойрхон учраас нүүх боломжгүй гэсэн хариу өгдөг нөхцөл байдалтай байсаар ирсэн. Тиймээс үерийн улмаас иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалж, энэ асуудлыг даруй шийдэхийн тулд үерийн барилга байгууламжийн эрсдэлтэй бүсэд байгаа байршилуудыг яаралтай нүүлгэн шилжүүлэх шаардлагатай. Цаашдаа Улаанбаатар хот гамшиг эрсдэлийн үед  бэлэн байдалд байх,  гамшиг  ослын үед  иргэдийг  нүүлгэн шилжүүлэх  боломжтой газартай болох хэрэгтэй. 
 

ДАГУУЛ ХОТТОЙ  БОЛОХ АСУУДЛЫГ  ОЙРЫН ХУГАЦААНД ШИЙДЭХ ХЭРЭГТЭЙ

БЛИЦ:
Лхаасүрэнгийн Ариунтуяа
Ажлын туршлага:
2022 оноос хойш НИТХ-ын төлөөлөгч
2022  оны арванхоёрдугаар сараас Геодези, Усны барилга байгууламжийн газрын дарга
2020-2021 онд Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга
2018-2020 онд Чингэлтэй дүүргийн Монгол Ардын Намын хорооны дэд дарга 
2017-2018 онд Чингэлтэй дүүргийн XIV хорооны Засаг дарга
2016-2020 онд Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Ёс зүй өргөдлийн хорооны дарга
2009-2015 онд “Сүлжээний урсгал” ХХК-ийн Хуулийн зөвлөх
2005-2007 “Хагийн тал” ХХК-ийн захирал
2001-2003 онд Хятад-Монголын төлөөлөгчийн газар орчуулагч, гаалийн менежер
Мэргэжил:
Орчуулагч
Эрх зүйч мэргэжилтэй
Боловсрол:
МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг орчуулагч мэргэжлээр 2000 онд төгссөн.
Орхон Их сургуулийн Хууль зүйн сургуулийг 2007 онд эрх зүйч мэргэжлээр төгссөн.
МУИС-ийн Хууль зүйн сургуулийг 2011 эрх зүйн магистр хамгаалсан.
МУИС-ийн Хууль зүйн сургуульд 2020 оноос докторантаар суралцаж байна.
Монгол Улсын Эрдмийн Их сургуульд 2022 оноос доктороор суралцаж байна.
Одоогийн байдлаар нийслэлд түр оршин суугчтайгаа нийлээд 1.6-2 сая хүн амьдарч байна. Нийслэлд жилд дунджаар 59 мянган авто тээвэр нэмэгддэг гэсэн судалгааг гаргасан. Үүнээс харахад хүн амын байнгын эргэлт явагдаж байна гэсэн үг.  Тиймээс одоо бидний хэрэгжүүлэх ёстой нэг шийдэл бол  дагуул хоттой болж, дахин төлөвлөлтийг хийж, төвлөрөлийг  сааруулах хэрэгцээ шаардлага байна. Дагуул хоттой болох, хот нүүх асуудал 2013 онд батлагдаж байсан. Бид хуралдсаар 10 жил болжээ. Өнөөдөр хот хүнээ даахгүй, ачааллаа дийлэхгүй, гэр хороолол гол усруугаа нүүх хүртэл хүндрэл үүсээд байгаа. Засгийн газрын төвшинд  хөдөө, хотын сэргэлт, нийслэлийн төвлөрлийг бууруулах асуудлыг Шинэ сэргэлтийн бодлогодоо тусгасан. Үүнийг нийслэлийн зүгээс дэмжиж цаашид хамтарч ажиллах хэрэгтэй. Орон нутгаас нийслэлд суралцаж буй иргэд буцаад нутагтаа очиж амьдардаг болгохын тулд ажлын байр, амьдрах нөхцөл бололцоог нь бүрдүүлж өгөх ёстой. Ингэснээр хотын  төвлөрөл буурах  боломжтой юм. Мөн их дээд сургуулиуд, том худалдааны төв, захуудаа нийслэлээс нүүлгэн шилжүүлж байж төвлөрөлийн асуудал шийдэгдэх боломжтой. Хотын төвдөө бүгд байршиж байгаа учраас нааш ирэх иргэдийн урсгал нэмэгдэх нэг үүсвэр болж байна. Тиймээс энэ ажлыг одоо зоригтой, дорвитой ойрын хугацаанд хийх хэрэгцээ шаардлага үүсчээ. Үер боллоо гэхэд өнөө маргаашаа гал унтраасан байдлаар энэ асуудлыг харах бус томоор бодлогын хэмжээнд харах ёстой. Үүнд иргэдийн оролцоо,  ухамсар чухал нөлөөтэй.  Хэрэв иргэд  нүүхгүй гээд суугаад байвал, цаашид хот төлөвлөлт,  хөдөө, хотын сэргэлт, түгжрэл буурахгүй.
Ер нь Улаанбаатар хот төвлөрч байгаа хот юм бол хот шиг байх хэрэгтэй. Хотын иргэн нь соёлтой, мэдлэгтэй байх ёстой. Үүнийг шийдэхийн тулд  гэр  хорооллыг  багасгах хэрэгтэй. Ингэхийн тулд  орон сууцны бодлого, дэд бүтцийн асуудал хөндөгдөнө. Жишээлбэл, нийслэл  төслийн хөрөнгө оруулалтаар Сэлбэ, Баянхошуу гэсэн хоёр дэд төвтэй болсон. Уг дэд төв буюу дулааны станцын ашиглалт одоогоор 10 хувьтай байна. Тиймээс үүнийг бид 100 хувь бүрэн ашиглах ёстой. Би Чингэлтэй дүүргийн  XII-XIX хорооноос  сонгогдсон төлөөлөгч.  Тус дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа XIV-XVIII дугаар хороог Сэлбэ дэд төв рүү холбох томоохон төслийн ажлыг гүйцэтгэж дуусгасан. Энэ нь нийслэлд анх удаа хийж буй жишиг төсөл болсон. 2018 онд Сэлбэ дэд төвийн хүрээнд Чингэлтэй дүүргийн  XIV-XVIII дугаар хорооны гэр хорооллыг тойрсон цэвэр, бохирын дулааны том шугамыг нь холбосон. Одоо айл өрхүүд  рүү  холбох том ажлын зураг төслийг нийслэлийн ИТХ-д сонгогдсон дөрвөн төлөөлөгч эхлүүлээд явж байна. Бид 2024 онд нийслэлийн төсөвт тодорхой хэмжээний төсвийг  тусгаж энэ ажлаа эхлүүлэх зорилттой байгаа.
 

ХУУЛЬ БУС ГАЗАР ОЛГОЛТЫГ ШАЛГАЖ ХАРИУЦЛАГА ТООЦНО

 
Нийслэлд шийдэх боломжтой олон асуудал байгаа ч төсөв мөнгө нь хүрэхгүй хүндрэл бидний өмнө тулгардаг. Сая хэд хэдэн томоохон ажил дээр  нийслэлээс 500  тэрбумын төгрөгийн бонд гаргаж баталсан. Нийслэлд долдугаар сард болсон үерээс хойш Геодези, усны барилга байгууламжийн газар томоохон гурван байршилд авто замын борооны ус зайлуулах ажлыг хийсэн. Гэвч бид Сэлбэ ч юм уу, Гачууртын аманд үер бууна гэдгийг мэдэх боломжгүй. Хоёрдугаарт, саяны үер байгаль ямар их хүчтэй вэ гэдгийг харууллаа. Үерийн нөхцөл байдал нь хот төлөвлөлт, газрын замбараагүй олголтын алдаатай холбоотой. Үүнийг ярихын тулд төрийн томилгооны насжилт хөндөгдөнө. Тухайн газар олголтыг энэ дөрвөн жилд Засаг даргаар сонгогдсон хүн өгөөгүй. Олон жилийн өмнөх  зүйл яригдана. Үүнд хариуцлагын асуудлыг ярих нь зөв. Тиймээс хаанаас ярьж эхлэх вэ  гэдэг  нь чухал. Иргэд мэдээлэлгүй, анхааралд болгоомжгүйгээсээ үерийн аман дээр хашаа аваад бууж байна. Мөн саяны үерийн нөхцөл байдалд ажиллаж, иргэдтэй уулзахад тухайн газрыг санаатайгаар тэгшилж, иргэдэд худалдаалдаг гэмт хэргийн чанартай байх магадлалтай  дүр зураг ажиглагдсан. Жишээлбэл, тэгшхэн газар харагдаж байгаа мөртлөө яваад очиход барилгын хог, хаягдалаар дүүрсэн байсан. Тухайн барилгын хог хаягдлыг нэг хэсэг нь буулгаж, нөгөө хүмүүс тэгшилж, хашаа бариад зардаг сүлжээнд орсон байх магадлалтай. Үүнийг хотын дарга  цагдаагийн байгууллагад  шалгах үүрэг өгсөн.
Дарь-Эх орчимд гурван хороо дамнаж суурьшлын бүс үүссэн байна.  Тиймээс Баянзүрх дүүрэг болон хотын удирлагуудтай  эхний  ээлжинд иргэдийн нүүлгэн шилжүүлэхээр ярьж байгаа. Одоогоор Баянзүрх дүүргийн үерийн даланг  хэлбэржүүлээд дууссан. Үүнийг хотын даргатай ярилцаад стандартын дагуу хавтан хийе гэж шийдсэн. Үүнд мөн л иргэдийн оролцоо чухал. Өөрөөр хэлбэл Дарь-Эх орчимд  үерийн барилга байгууламж явж байгаад дунд нь  тухайн айл байгаа газрын доогуур шургаад орчихсон дүр зураг байна. Гэвч үерийн далан ил байх стандарттай. Энэ ажил 2018 онд  зураг нь хийгдээд 2021 онд ажил нь дууссан. Геодезийн байгууллагаас очиж шаардлага өгсөн ч ийм зурагтай учраас энүүгээрээ хийнэ гэдэг. Тиймээс эдгээр холбогдох хүмүүстэй хариуцлага тоооцох хэрэгтэй. Үерийн барилга байгууламж бол гамшиг, эрсдэлтэй үед ямар байх байх вэ гээд тэр чигтээ  бодлогын асуудал. Ер нь бид цаашдаа  шинжлэх  ухаан руу хандаж, техник технологио сайжруулах хэрэгтэй. Үүн дээр нэг жишээ дурдахад Австрийн Вена хотод 100 жилийн өмнө томоохон үер болсон. Түүнээс хойш хийсэн том бүтээн байгуулалт нь  хот дундуураа явдаг том мөрний усан доор 50 метр гүнд усан цахилгаан станц байгуулсан явдал. Тухайн хотын хувьд өндөрлөг уулсын дунд оршдог учраас  уруйн үер орж ирдэг. Тиймээс  уруйн үеэр орж ирэх  мэдээлэл, дохиоллыг гурван хоногийн өмнө өгдөг байхаар уг асуудлыг шийдэж чадсан.
2020 оноос хойш Улаанбаатар  хотод ус тогтдог томоохон 25 байршил байсан. Үүний  20 байршлыг Геодези, Усны барилга байгууламжийн газар хийгээд дуусгачихсан.  Гэвч нийслэлд барилга байгууламж ихсээд байгаа учраас ус тогтдог 25 байршил ч мөн нэмэгдэж байна гэсэн үг. Би 2020 онд ажлаа аваад  Барилга хот байгуулалтын яамны холбогдох хүмүүстэй уулзсан. Нийслэлд төсөв мөнгө тааруу байна. Та нар ямар стандарт, бодлогоор барилгын төлөвлөлтийг хийж байна вэ. Барилга нэмэгдээд байгаа учраас нийслэлийн авто замын борооны ус зайлуулах хоолой болохгүй,  үерт ус урсах гээд байна. Үүн дээр Улаанбаатар  хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй байгаагаа хэлсэн. Шинжлэх ухааны үндэслэл, тооцоо судалгаатай  57 гаруй зөвлөх инженер оролцсон мастер төлөвлөгөөг бид саяны үерийн өмнө боловсруулаад дуусчихсан байсан.  Улаанбаатар хот 2040 хүртэл 460 км үерийн далантай байвал иргэдээ хамгаалж чадна. Мөн авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээ  500 км байвал авто зам дээр огт усгүй байх тооцоолол  гаргасан. Тиймээс одоо уг мастер төлөвлөгөөг үндэслэж Улаанбаатар хот ажлаа хийх ёстой. Улаанбаатар хотын авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээ,  нийт автозамын 16 хувьд нь байдаг. Би НИТХ-ын төлөөлөгч, иргэний хувьд борооны  ус зайлуулах шугам сүлжээтэй, шаардлага стандартад нийцсэн авто замыг хүлээж авах шаардлагыг  тавьж байгаа.
 

СЭЛБЭ ГОЛЫН ЛАГЫГ  ЦЭВЭРЛЭЖ, УСНЫ ТҮВШИНГ ДООШЛУУЛАХ ШААРДЛАГАТАЙ 

 
Сэлбэ голын үерийн барилга байгууламж сая халилаа. Энэ үерийн барилга байгууламжийг 1966 оны үед үер болсонтой холбогдуулан стандартын бус  аж ахуйн аргаар хийсэн. Тэрнээс хойш огт гар хүрээгүй. Тиймээс одоо бидний зайлшгүй хийх ёстой ажил бол Сэлбэ голын лагыг  цэвэрлэж, усны түвшинг доошлуулах хэрэгтэй. Гэвч Геодези, Усны барилга байгууламжийн газарт усан дотор ажиллаад   лагыг 1,5-2 метр хүртэл цэвэрлэх  машинмеханизм  нь алга. Геодизи, Усны барилга байгууламжийн газар лаг,  шаврыг цэвэрлэх үүрэг гүйцэтгэдэг. Манай байгууллага 140 ажилчин, албан хаагчтай. Үүнийг хэлтэст хуваахад талбай дээр 46 залуу гардаг.  Энэ  46 ажилтан нийслэлийн зургаан дүүргийн бүх  авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээг цэвэрлэж, засдаг гэсэн үг. Нийслэлд хоёр удаагийн давтамжтай  цэвэрлэгээг хийдэг. Харин энэ жил үерийн ус буугаад лаг болж байгаа учраас 5-6 удаа давтаж цэвэрлэгээ хийж байна. Ингэж байнгын цэвэрлэгээ хийсний үндсэн дээр иргэд цэвэр ус ашиглах боломж бүрдэж байгаа юм. Тиймээс ажиллах боловсон хүчин, машин техник хүрэлцээг нэмэгдүүлэх шаардлага байна. Барилга хот байгуулалтын яамтай  хамтарч хийсэн мастер төлөвлөгөөн дээр манай Геодези, Усны барилга байгууламжийн газрын хүчийг нэмэх, чадваржуулах ёстой гэсэн аккц орсон.
Нийслэлийн чуулган дээр сая Сэлбэ сэргэлт гээд 150 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүний 30 хувийг зөвхөн далан сэргээх хэлбэржүүлэх, нөхөн засварлах, шинээр барих энэ  ажилд төлөвлөж байна. Гэхдээ 50 тэрбум  төгрөгөөр яаж чанартай далан хийх вэ. Мэргэжлийн хэдэн байгууллага байна гэдэг чухал.  Хотод стандартын дагуу хийдэг байгууллага байхгүй. Үерийн барилга байгууламжийг дутуу хийж болохгүй.  Мөнгө санхүү нь хүрэлцээтэй бол томоохон бүтээн байгуулалтыг хийх, үер уснаас иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалах боломж нь бүрэн байна. Жишээлбэл, Сэлбэ, Дунд гол, Туулийн даланг стандартын дагуу хийхэд л нийслэл үерээс хамгаалагдах боломжтой.  Гэвч  үүн дээр эрх мэдэл бүхий хүмүүс газар авч Сэлбийн голын голдирлыг өөрчилсөн асуудал их байгаа.  Төрөөс илүү хүчтэй бизнесмен байна шүү дээ. Энэ бидний хөгжилд садаа  болж байна.  Ер нь монголчууд зовлон тохиолдсон үед бие биенээ хайрлаж, хүндэтгэж, урмын үг өгөх хэрэгтэй. Сая  үерийн нөхцөл байдалд ажиллаж байхад  үерт автсан зарим иргэд  эд зүйлээ  хурааж, бөөгнүүлж байхад, нөгөө талаас нь хулгай хийгээд явж байгаа тохиодол хүртэл байсан. Тиймээс төр, иргэн хоёр хариуцлагатай байж, хамтдаа асуудлыг шийдвэрлэж, олон чухал ажлыг шат дараатай, шуурхай, үр дүнтэй хийх хэрэгтэй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn