Оршин суугчид олон жил бохирын үнэрт хордож байна

540

Иргэдийн эрх ашгийг зөрчиж чанарын доголдолтой барилга барьсаар байгаа компаниудын талаар холбогдох төрийн байгууллагуудад гомдол гаргадаг хэдий ч тодорхой үр дүнд хүрдэггүй тул хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулж эрх бүхий албан тушаалтны сонорт хүргэхийг эрмэлзэх болсон. Иймээс энэ удаагийн сурвалжлагаа  иргэдийн санал, хүсэлтийн дагуу барилгын асуудлыг сурвалжиллаа. Сүхбаатар дүүргийн VII хороо, Денверийн гудамж,12  А, Б байрны дэргэд, Шинэ баригдаж байгаа Үндсэний номын сан, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын байрны зүүн талд “Сант хаан” компанийн барьж буй барилгын сууриас бохир алдагдаж эхэлжээ. Мөн тус барилга нь өдөр тутам зорчдог байсан байрны урд талын гарц, Нийслэлчүүд зорчдог явган хүний замыг хааж, машины хар замыг нь нарийсган,  өндөр барилга барих байшин хоорондын зай зөрчин, 16 давхар барилга барихад цонхны нарны тусгалыг бүрэн хааж барих гэж байгаад мөн сууринаас нь бохир алдагдаж оршин суугчдын эрүүл аюулгүй байдалд аж төрөх  эрхийг нь зөрчиж байгаад оршин суугчид эсэргүүцлээ илэрxийлж байсан. Монгол Улсын барилгын хууль, норм стандартыг ноцтой зөрчин хүч түрэмгийлж байгаа бөгөөд үүний ард мөнгөтэй, эрх мэдэлтэй томчууд байна хэмээн иргэд хардаж, эсэргүүцэж буй.
 
 
 
Барилга барина гэдэг дурын мөнгөтэй хүний хийдэг ажил болжээ. Хэдэн айлын орон сууц, оффисын өндөр барилга барьж  зараад мөнгө олж байвал хүүхдүүд  тоглоомын талбай, автомашин, явган хүний замыг хаана уу,  оршин суугчид нар эрхээ хязгаарлуулж харанхуй хана ширтэнэ үү тэдэнд ердөө хамаагүй.
 
 
 
Барилга барих гэж буй газар нь усаар дүүрсэн харагдана 
“Сант хаан” компанийн барьж байгаа энэ барилга нь дөрвөн метр ухаж сууриа тавьсан байх бөгөөд цутгасан суурин дээр нь халиа гүйж, бохирын өмхий ханхалж, ойртохын төдийд л хөрс нь нурж байсан юм. Энэ барилгаа барихын тулд газрын хөрсний шинжилгээ хийгээгүй, доошоо гүн ухлаа гэхэд хөрсний ус их хэмжээгээр гарч, барилгын суурийг цутгахдаа доошоо дөрвөн метр ухсанаас халиа гүйж, мөн бохирын шугам задарсан байна. Газраа тойруулж хатгасан хашааны хоёр талд нь нэг л машин багтахаар зай гаргаж, зам руу оруулж хашаагаа хатгасан байлаа. Цул шавар шалбааг барилга барих гэж буй газар нь усаар дүүрсэн харагдана. Хэрэв барилга баригдвал хоёр байрны тагттай айлууд нэг нэгнийх рүүгээ дамжаад орчих шахам тийм л ойрхон байгаа харагдав. Гадна талын харагдах байдал ийм байлаа. Тэрчлэн жорлонгийн бохир, хаягдал устай холилдсон халиа хавар хайлж урсахдаа олон төрлийн халдварт өвчин үүсгэх шалтгаан болдог. Энэ мэтийн сөрөг үр дагаврууд дээрх газруудын оршин суугчдын дунд болон улсын онцгой барилга, байгууламж болох Үндэсний шинэ номын сан хажууханд нь баригдаж байхад түүнд анхаарал хандуулж буй төр засгийн байгууллага, албан тушаалтан цөөн байхаас гадна хэрхэх учраа олохгүй байна гэдгийг оршин суугчид хэлж байлаа.
 
Үүнээс гадна бас нэгэн ноцтой асуудал нь 2011 онд Улсын онцгой комисс гадна талын зогсоол, машины зам, хогийн цэгийг нь оруулаад хүлээгээд авчихсан 238 айлын 1000 гаруй оргин суугчтай 12 А,Б байрны орцны гурав дахь шатан дээр кадастрын зураг гаргаад, “Сант хаан” компанийн барьж буй барилгын газрыг олгочихсон байсан аж. Тэгээд газрын маргаан үүссэн.  Хэрэв энэ барилга баригдвал хоёр байрны тагттай айлууд нэг нэгнийх рүүгээ дамжаад орчихоор, нэг л машины зам, тэр ч бүү хэл орох гарах орцныхоо үүд нь хүртэл хаагдахаар хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа юм. Энэ талаар 12 А,Б байрны оршин суугч Нийслэлийн Засаг дарга, Газрын алба, Ерөнхий сайд МХЕГ, зэрэгт гомдол гаргаж, одоогоор барилгын үйл ажиллагааг НМХГ түр зогсоосон байна. Газрын албанд өргөдөл өгөхөд ерөнхий төлөвлөгөөний газраас газрыг нь цааш нь татуулах гэж байгаа, газрыг нь хүчингүй болгох боломжгүй гэсэн хариуг өгдөг аж.
12 байрны СӨХ-ийн ТУЗ-ийн гишүүн Ё.Энхтөр “Аливаа улсын нийтийн номын сангийн гадна талбайн стандарт гэж бий. Дор хаяж 200 машины зогсоолтой байх гэх мэт. Гэтэл манайх хойноосоо АНУ Элчин, хажуугаас СБД, Сэлбэ гол, урдаа дутуу барилгын суурьтай. Шинэ номын сан гэж гаднаа ямар ч талбайн зохион байгуулалтгүй барилга байна. Урд нь байгаа зургаан  жил болж байгаа дутуу барилгын суурийг нийтийн хэрэглээнд гэсэн зорилгоор СантХаан компанитай тохиролцож аваад Утга зохиолын цэцэрлэг болгож болно.  Энэ усанд дарагдсан, бохир алдагдсан барилгын суурийн асуудлыг шийдэж өгөхгүй нилээд их хугацаа өнгөрлөө. Энэ барилгыг барих гэж байгаа “Сант Хаан” гээч компани нь цагдаа, телевиз, хэвлэлийн хүмүүсийг барилгын хашаан дотроо оруулахгүй. СБД-ийн захиргаа өөрсдийнх нь мэдлийн асуудал биш гээд дорвитой арга хэмжээг авахгүй байна” гэлээ.
 
Барилгын сууринаас 100 орчим тонн бохир хуримтлагдсан байсныг зөөж асгажээ 
Орон сууц, оффисын зориулалтаар барьж буй тус барилгыг “Сант Хаан” компани барьж буй аж. Оршин суугчдын зүгээс Сүхбаатар дүүргийн Тамгын газар болон холбогдох байгууллагад гомдол гаргаснаар хоёрдугаар сарын 19-нөөс эхлэн арга хэмжээ авч эхэлсэн байна. Тус барилгын сууринд 100 орчим тонн бохир хуримтлагдсан байсаныг зөөн НМХГ асгасан. Халдварт өвчин гарсан ийм үед хотын төвийн олон хүн амьдарч байгаа газар бохир хуримтлагдчихаад байхад мэргэжлийн байгууллага, барилгын эзэд яагаад чимээгүй байсныг гайхаад олохгүй байна. Энд ирсэн мэргэжлийн хүмүүсийн ярианаас үзэхэд барилгын суурийг цутгах үедээ шугамын дээд хэсэгт экскаваторын шанагаар цохиж цоолсон байх магадлалтай байна. Тэгэхээр 2013 онд суурийг цутгах үедээ цоолсон гэж үзвэл найман жил бохир алдаж байсан бололтой. Мөн албаны хүмүүсийн ярьж байгаагаар хуучин суурилуулсан зориулалтын вааран шугамыг сольж өөр шугам тавьсан байгаа нь барилгын эзэд хулгайгаар бохирын шугамыг зөөсөн байх магадлалтай байна.
 
Ер нь оршин суугчид хойд барилгаас өмхий үнэр үнэртэж байна гэж олон жил СӨХ-доо гомдол гаргаж байсан. Гаднаа ямар ч машин зогсох талбайгүй, Номын сан, Сүхбаатар дүүргийн байртай чихэлдүүлэн барьж эхэлсэн уг барилгын ажлыг зогсоох шаардлагатай байна. Уг талбайг зохих ёсоор ариутгаж, автомашины зогсоол хийж өгөхийг оршин суугчид удаа дараа Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан болон газрын албанд хандсан боловч нааштай хариу өгөөгүй өдий хүрсэн. Гэтэл одоо аюулт өвчин тархах голомт болсныг анхаарах хэрэгтэй боллоо” гэлээ.
Оршин суугч У.Доржпалам “2015 онд энэ барилга сууриа цутгаж эхэлсэн. Удалгүй сарын дараа ус гарч ирсэн. Ус гарснаас үүдэн барилгын ажил зогссон байсан. Энэ барилгыг баригдаж эхлэхээс өмнө би эсэргүүцэж байсан хүний нэг.  Манай байрны хажууд өндөр кран байршуулсан. Энэ кран нь эргэх ямар ч боломжгүй. Голын хүүхдийн талбай дээр краны сумаа байрлуулсан байсан, салхинд жоохон савлах л юм бол олон айлуудын цонхыг цохих аюултай байсан. Түүнийг нь бид НМХГ  дуудаж, краныг нь буулгуулсан. Түүнээс хойш саяхан бохир алдагдаад, үнэр танар гэж авах юмгүй.
 
 
 
НМХГ байж байгаад л соруулдаг юм, байж байгаад мэлийсэн юм болчихдог. 2015 оноос хойш одоог хүртэл 12 А,Б хоёр байрны оршин суугчид утуулсаар ирлээ. Дээрээс нь хоёр урсгалтай зам байсан, явган хүний замыг устгаад, хашаагаа наашаа сунгаад, одоо бүр машин ч зөрөх зайгүй боллоо. Энэ их ноцтой асуудал. Аюултай газар л амьдраад байна бид.  Энд барилга барьж болохгүй. Энэ газрыг булуулаад, энэ барилгыг зогсоомоор байна” гэв.
 
 
 
Хуулиараа бол орон сууцны хороолол төлөвлөхдөө эхлээд газрын гадарга, ус, хөрс шороонд нь шинжилгээ хийх ёстой байдаг. Барьж байгуулахдаа “Сант хаан” компани холбогдох төрийн болон мэргэжлийн байгууллагын хяналт шинжилгээний хаагуур өнгөрсөн бэ гэдэг нь сонирхолтой. Энэ талаар тус компаниас тодруулах гэсэн боловч тайлбар өгөөгүй бөгөөд барилга баригдаж буй хашаа руугаа ч оруулахгүй байсан юм. Зоосны нүхээр харж бүхнийг шийддэг эрх мэдэлтнүүдэд иргэдийн эрүүл мэнд огтхон ч хамаагүй  гэдгийг “Сант хаан” компани харууллаа.
 
 
Б.НамуунтамирЭх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn