Гурван тэрбумын хөрөнгө оруулалт босгосон "Монгол 98" бизнес форум

146


Даргад, улстөрчдөд индэр бэлдэж, тал засаж, суудал зэхээгүй этгээд ч гэмээр нэгэн форум өнгөрсөн бямба гарагт болж өнгөрлөө. Ерөнхий боловсролын сургуулиа 1998 дүүргэсэн 21 аймгийн залуус нэгдэж “Монгол 98” нэгдлийг үүсгэн байгуулсан бөгөөд гишүүддээ зориулсан анхны том зорилготой, өргөн агуулгатай арга хэмжээ нь энэ байв. Хоёр нийгэм халаагаа өгөлцсөн 1990-ээд онд бүх салбарт ороо бусгаа байдал нүүрлэсэн. Тэр дундаа боловсролын салбар хамгийн их ойж буусан нь байх. 1998 оны төгсөгчид бол 3-р ангиас шууд 5-р анги руу үсэргэх боловсролын салбар дахь хэрцгий гэмээр туршилтыг биеэрээ туулсан үеийнхэн. Хоёр үеийн төгсөлтийнхнийг нийлүүлж бөөгнүүлээд нэг дор төгсгөчихсөн хэрэг л дээ. Орос хэлээр бөмбөгдөж байснаа гэнэтхэн англи хэл, монгол бичгийн сургалтаар шүршүүлж ачаалал дааж сурсан сурагчид. Баримжаа тооцооллоор улсын хэмжээнд 40-50 мянган сурагч төгссөн гэхээр хамгийн өнөр бүл гэж хэлж болно. Шилжилтийн хүнд үед ийш тийш шидэгдлээ гээд муудсан гэвэл бас үгүй. Өнөөдөр ачааны хүндийг үүрэх тэнхээ суусан, улс орны хөгжлийг түүчээлэх насныхан болцгоожээ.


“Холбоё, хамтаръя, хөгжье” уриан дор болсон бизнес форумын үеэр 21 аймгийн залуус бие биетэйгээ нүүр тулан учирч өөрсдөдөө байгаа бизнесийн боломжуудыг нэгтгэн зангидав. Бизнес форум гэхээр бизнес эрхлэгчдээсээ олон дарга, улстөрчид ирж суучихаад зангиагаа унжуулж, хоолойгоо шахаж ярьсаар байгаад хоолны цагтайгаа золгож, хоосон амлалтаар хошгируулдаг уйтгартай жишгийг 1998 оны төгсөгчид халав. “Монгол 98” бизнес форумын үеэр Увс аймагт баруун гурван аймгийн хэрэглээг хангах гутлын үйлдвэр шинээр нээх, маркетингийн олон талт хамтын ажиллагааг эхлүүлэх, төгсөгчдөөрөө нийлж барилгын консорциум байгуулах гээд нийт дүнгээр 3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын гэрээ үзэглэснийг бахдалтайгаар дуулгая.


Нэгэн үеийн төгсөлтийнхөн хоорондоо амь халуунаар холбогдож, бие биеэ дэмжин хамтарч, хэрэглэгч бус үйлдвэрлэгч, бүтээгч үндэстэн болж хөгжих бодит алхам хийсэн нь дэвшүүлсэн уриандаа, хэлсэн үгэндээ эзэн болсон форум болсныг илтгэнэ. Монголчууд хөнгөн үйлдвэрийн салбар дотроо гутал хувцасныхаа 98 хувийг гадаадаас импортолдог. Шуудхан хэлэхэд айлаас царайчилдаг. Форумын үр дүнд баруун аймгийнхан дотооддоо үйлдвэрлэсэн гутлаар гангарахаар болж байна. Цаашлаад сүү, сүүн бүтээгдэхүүн, хүнсний салбарт ч “Монгол 98” гэсэн малгай дор, 1998 оны төгсөгчдийн нөхөрлөл дор тэсрэлт хийх гоё төслүүд ажил хэрэг болоод явна. Хэрэглээ шүтсэн хандлагаас үйлдвэрлэгч үндэстэн болоход үйлдвэр барина гэдэг хамгийн чухал.
“Монгол 98” нэгдлээс ойрын хугацаанд төгсөгчдөдөө зориулсан тусгай аппликейшн бүтээж хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байгааг форумын үеэр танилцуулсан. Мэдээллийн технологи өндөр хөгжсөн энэ үед бизнес эрхлэлтийн судалгааг 21 аймгийн төгсөгчдөөсөө авч боловсруулалт хийсэн байна. Энэ аппликейшнийг ашиглалтад оруулснаар бие биеэ дэмжих нөхөрлөлийн ч, биенесийн ч боломж нь асар ихээр тэлнэ. Жишээлэхэд, ресторан, зочид буудал, засвар үйлчилгээ, барилга орон сууц, үйлдвэр урлал гээд бүх салбарт ажиллаж байгаа 1998 оны төгсөлтийн залуус хоорондоо цахимаар шууд холбогдоход аппликейшн луужин болно гэсэн үг. 1998 оны төгсөгч гэдгээрээ дориухан хөнгөлөлт ч эдэлнэ. Уудам Монгол эх орныхоо хаана ч явсан газардахгүй гэсэн үг. Дараа дараагийн арга хэмжээнүүдээр хувь хүний хөгжил, эрүүл мэндэд чиглэсэн ажлууд хийнэ гэдгийг “Монгол 98” бизнес форумыг зохион байгуулагчид мэдэгдсэн.


Төр засаг, төсөл хөтөлбөр, тендер жендэр, нам улс төргүйгээр бие биеэ хэрхэн бодитоор дэмжиж болдгийг “Монгол 98” бизнес форум үлгэрлэлээ. Хамгийн олон төгсөгч бүхий энэ өнөр бүлийн хүчийг нэгтгэж, Монгол 98 нэгдлийг үүсгэн байгуулсан санаачлагч нь Дундговь аймгийн 1998 оны төгсөгч Ц.Лувсанжав агсан байсныг энд хүндэтгэлтэйгээр нэхэн дурсах учиртай. Тэрбээр Шведэд ажиллаж амьдарч байхдаа зуурдаар таалал төгссөн ч найз нөхөд, үеийнх нь залуус үйл хэргийг нь ийн үргэлжлүүлж яваа юм. Наяад оны залуусын энэ санаачилга хар бараан зонхилсон Монголын нийгэмд гэрэл тусгаж, шинэ хандлагыг түгээх нь дамжиггүй.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn