Замын төлбөр хураамжийг км тутамд 15 төгрөгөөр тооцож авдаг болно
Зам тээврийн түгжрэлийг бууруулах чиглэлд зөөлөн, хатуу бодлогыг хослуулан хэрэгжүүлж байна. Улаанбаатар хотын 1181 км орчим замын 85 хувь нь ашиглалтын шаардлага хангахгүй, жил бүр нөхөөс, засвар хийдэг замууд байна. Замын сангийн хөрөнгө зам ашигласны төлбөрөөс бүрддэг. Замын төлбөр моторын багтаамжаас хамааран бага оврын машин 20,000, том машин 40,000 төгрөгийг жилдээ төлдөг. Зам тээврийн удирдлагын ухаалаг систем RFID ашиглалтад орсноор замын төлбөр хураамжийг км тутамд 15 төгрөгөөр тооцож авдаг болно.
Нийслэл хотын иргэд жилд дунджаар 10 мянган км зам туулдаг гэсэн судалгаа байна. Түүнчлэн Улаанбаатарт зорчиж буй машины 18 хувь нь хөдөө орон нутгийн машинууд байдаг гэсэн судалгаа бий. Ний нуугүй шууд хэлэхэд ойрын аймаг, сумдын иргэд амралтын өдрүүдэд ирж, такси үйлчилгээ эрхэлж, ашиг олдог. Эдгээр машины хувьд км тутамд төлөх төлбөр нь 45 төгрөг байх юм. Товчоодоор орж ирэхэд 1500 төгрөг төлдөг хэвээр байна.
Мөн их багтаамжийн зогсоолуудыг шинээр барьж эхэлсэн. Ингэснээр хөдөө, орон нутгаас ирж байгаа хүмүүс үнэгүй зогсоолд машинаа тавих боломжийг бүрдүүлнэ. Хотын хоёр захад байрших их багтаамж зогсоолууд руу богино эргэлтийн автобус явуулахаар төлөвлөж байна. Түүнчлэн тээврийн хэрэгсэл цахим гэрчилгээтэй болно. Өөрөөр хэлбэл цаасан хэлбэрээр тээврийн хэрэгслийн гэрчилгээ байхгүй, тусгай мэдрэгч /tag/-тэй болно. Тэрхүү мэдрэгчийг ашиглаж төлбөр тооцоог бүртгэж, бүрэн барагдуулахад анхаарах юм. Төлбөр тооцоо төдийгүй автомашины үзлэг оношилгооны хамрагдалтыг ч нэмэгдүүлнэ.
Цаашид Улаанбаатар хот тээврийн хэрэгсэл төдийгүй шатахууны хувьд ч стандарт тогтооно. Нийслэлийн агаарын бохирдол асар их байгаатай холбоотойгоор шатахууны стандарт тогтоохоор яригдаж байна.
Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар