Шинэ оюутнуудын нэгдэн цугларах хамгийн том арга хэмжээ “RISE” хөтөлбөрийн бүртгэл эхэллээ
Оюутны амьдралд анхлан хөл тавьж буй залууст бие даан оюутны амьдралд суралцахад нь туслах, эрч хүч, урам зориг түгээх зорилготой "RISE" шинэ оюутны хөгжлийн хөтөлбөрийг ХААН Банк Сангаас дөрөв дэх жилдээ зарлаж байна.
Өдгөө Монгол Улсад жилд дунджаар 40 мянган хүүхэд шинээр оюутан болж, их сургуульд элсэж байна. Тэдэнд шинэ орчин, шинэ хамт олон дунд хурдан дасан зохицох, биеэ зөв боловсон авч явах, санхүүгийн хэрэгцээгээ зөв зохицуулах, эерэг дадал хандлагуудыг өөриймшүүлэх, урлаг, спортын ойлголт, мэдлэгтэй болоход нь энэхүү хөтөлбөр туслах болно. Тиймээс хөтөлбөрийн талаар мэдвэл зохих бүхнийг энэхүү нийтлэлд багтаалаа.
"RISE" ХӨТӨЛБӨРИЙН ТУХАЙ
Сурагчийн ширээнээс оюутны амьдралд хөл тавина гэдэг хүүхэд залуусын хувьд амьдралын хамгийн сонирхолтой, адал явдалтай, онцгой үе байдаг. Тиймээс "RISE" хөтөлбөр нь шинэ оюутнуудыг их сургуулийн орчинд хурдан дасан зохицох, хичээлээс гадуур өөрийгөө хөгжүүлэх, амжилттай суралцах арга барил эзэмших, цаашлаад их хотын соёлтой, зөв төлөвшилтэй иргэн болоход чиглүүлэн дэмжих, бие даасан оюутан болоход туслах зорилготой.
Хөтөлбөрийн хүрээнд олон сонирхолтой арга хэмжээ, сургалт, хамтарсан үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж буй. Энэ хүрээнд 1000 гаруй шинэ оюутан нэг дор цуглаж, мэдлэг мэдээлэл, туршлагаа хуваалцах болно.
ЯАГААД ОРОЛЦОХ ЁСТОЙ ВЭ?
Жил бүрийн намрын оюутан залууст зориулсан хамгийн том арга хэмжээ болсон “Rise” хөтөлбөрийн нээлт тун удахгүй болох гэж байна. Хөтөлбөрт олны танил, нийгэмд манлайлж яваа шилдэг залуус урилгаар оролцож, хэлэлцүүлэг, илтгэл танилцуулахаас гадна урлаг соёлын сонирхолтой үзүүлбэрүүд толилуулах юм.
Мөн шинэ оюутнуудад хэрэгтэй мэдээллийг хүргэх цогц мэдээллийн булангууд энэ үеэр ажиллана. Тухайлбал, “Улаанбаатар смарт карт” ХХК-тай хамтран нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих оюутны цахим картын мэдээлэл, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс оюутнуудад эрүүл мэндийн үйлчилгээг хэрхэн авах тухай танилцуулах бол ХААН Банкны ажилтнууд оюутнуудад зориулсан банкны цахим үйлчилгээг хэрхэн хялбар аргаар авах талаар зөвлөгөө мэдээлэл өгөх болно.
Үүний зэрэгцээ тус хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээний үеэр өөрийн биеэр хүрэлцэн ирж “Rise” хөтөлбөрийн тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
ХЭРХЭН ОРОЛЦОХ ВЭ?
“Rise” шинэ оюутны хөгжлийн хөтөлбөрийн нээлтэд оролцох хүсэлтэй шинэхэн оюутан таныг ЭНД дарж бүртгүүлэхийг урьж байна. Нээлтийн арга хэмжээнд оролцох оюутны тоо хязгаартай бөгөөд бүртгэлийн асуултуудад хэрхэн хариулсан байдлаар нь шалгаруулалт хийж, урилга хүргүүлэх юм. Түүнчлэн шинэ оюутны хөтөлбөрт хамрагдах боломж нь нэгдүгээр түвшний бүх оюутанд нээлттэй гэдгийг дуулгая.
Мөн RISE шинэ оюутны хөгжлийн хөтөлбөр 2022 нэртэй фэйсбүүк бүлгэмээс мэдээлэл авч, хичээлийн жилийн турш зохион байгуулах олон сонирхолтой, үр өгөөжтэй сургалт, арга хэмжээнд хамрагдах боломжтой шүү.