О.Гэрэлт-Од: Монгол хүн төрөхөөс үхэхийн хооронд авлигын эрхшээлд амьдарч байна Нийгэм 2021/09/08 15:51 355 Хуваалцах Монголын Залуучуудын Холбооноос авлигын эсрэг “Цэвэр гар” хөтөлбөр эхлүүлж байгаагаа өнөөдөр зарлалаа. Энэ талаар Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Одын үгийг хүргэж байна. -Өнөөдөр Монгол хүн төрөхдөө хүртэл авлигаар төрж, төрөхөөс үхэхийн хооронд авлигын эрхшээлд амьдарч байна. Авлига бүх шатанд газар авсан.Хүүхдээ төрүүлэхдээ эмч, сувилагч нарт мөнгө төлж, түүний дараа цэцэрлэг, сургууль, их дээд сургуульд боловсрол эзэмших, сургуулиа төгсөөд ажилд ороход гээд алхам болгондоо авлигад ээрэгддэг. Сүүлдээ авлига гэдэг монголчуудын хувьд хэвшмэл ойлголт болоод байна. Авлига авдаг хүмүүс ард иргэдийн асуудлыг шийдвэрлэж өгч байна гэж онгирдог, авлига өгөөд асуудлаа шийдвэрлүүлж байгаа хүмүүс нь хүртэл авлигачдыг хараад бахархах маягтай болчихсон. Авлига бол коронавирусаас илүү ноцтой асуудал. Улсын хөгжлийг зогсоож, залуучуудын боломжийг хулгайлагч юм. Монгол Улс авлигын индексээрээ дэлхийн 180 орноос 111-т жагсаж байна. Тиймээс бид “Цэвэр гар” хөдөлгөөн өрнүүлж, гурван жилийн хугацаанд энэ тоог 50-иас доош оруулах зорилт тавьж байна. Жил болгон 20-иод байр урагшлахад гурван жилийн дараа 50-ийн жагсаалтад бид орж чадна. Авлигын эсрэг асуудалд МЗХ гэлтгүй хүн болгон нийгмийн эд эс бүхэн нийлж, өөрсдийнхөө энэ цаг үед авлигыг таслан зогсоох боломж байна. Үгүй бол авлигатай эвлэрч, хэзээ ч устахгүй байх аюул нүүрлээд байна. Тиймээс бусад иргэний нийгмийн байгууллагууд, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, хувь иргэдээ “Бүгдээрээ нэгдэцгээе” гэж уриалж байна. -Юуны түрүүнд та бүхэн ямар алхам хийх вэ? -Залуучууд, иргэд, авлигын асуудлаар хуулийн байгууллагад хандахаасаа айдаг, залхдаг. Тэгэхээр бид тэднийг төлөөлөн мэдээ мэдээллийг зохих шугамаар хуулийн байгууллагад дамжуулж, хойноос нь хөөцөлддөг байж болно. Иргэд бидэнд авлигатай холбоотой мэдээ мэдээлэл, баримтаа шуудангаар эсвэл биеэрээ авчирч өгөхөд бид хуулийн ферм, хуулийн ажилтнуудаараа дамжуулан холбогдох хуулийн байгууллагууд руу уламжлан арга хэмжээг авах гэх мэт ажлыг зохион байгуулж болно. Мөн хуулийн сургуулиуд, өмгөөлөгчдийн холбоо, хуульчдын холбоо зэрэг олон байгууллагатай хамтран ажиллах саналуудыг бид хүргүүлж байгаа юм. Соён гэгээрүүлэх болон бусад чиглэлээр хамтарч ажиллахаар Авлигын үл тэвчихэд ойлголт, хандлагын асуудал их чухал. Тиймээс залуучууддаа авлигын хор хөнөөл, уршгийн эсрэг сургалтуудыг тогтмол зохион байгуулах төлөвлөгөөтэй байна. -Яагаад танай холбоо авлигын асуудалд ийм анхаарал хандуулж байгаа юм бэ? Уг нь залуучуудын чиглэлээр хийх зөндөө ажлууд байгаа шүү дээ? -Тийм ээ, бид залуучуудын сурч боловсрох, нийгмийн идэвх хандлагуудыг идэвхжүүлэх гээд бусад ажлуудаа хийсээр байх болно. Гэхдээ Монголд иргэн болгоны өдөр тутам тулгарч буй авлигын асуудалд анхаарлаа хандуулахгүй бол цаашдаа залуучуудыг тэгш боломжоор хангах, сурч боловсрох эрхэнд ч нөлөөлж байна. Үүнийг бид таслан зогсоож, тэгш боломжтой нийгмийг үр хүүхдүүддээ хүлээлгэн өгөх үүрэгтэй. Тэр тусмаа нийгмээ цэвэрлэх энэ алхам залуучууд бидэнд хамгийн их хамаатай. Тиймээс авлига гэдэг бол залуу хүн бүрт, Монгол Улсын иргэн бүрийн тэмцэх ёстой асуудал. Авлигын хор хөнөөлийн эсрэг хамтдаа тэмцэхийг уриалж байна.-Монголын Залуучуудын холбоо төрийн бус байгууллага соён гэгээрүүлэх чиглэлд үйл ажиллагаа явуулахад бол ойлгомжтой. Яг тэмцэх чиглэлээр ажил хийх чиг үүргийн байгууллага биш байх? -Мэдээж бид хуульд заагдсаны дагуу, ном журмын дагуу үйл ажиллагаагаа явуулна. Хуульчид, хуулийн фирм, хуулийн байгууллагатай хамтран ажиллана. Магадгүй, хууль шүүхээр авлига авсан нь нотлогдсон, эсвэл авлига авч байгаад илчлэгдсэн хүмүүсийг нийгэмд жигшээх чиглэлийн үйл ажиллагаа ч явуулах байх. Өнөөдөр авлигын эсрэг цөхөрсөн хүмүүс авлигачид руу өндөг, гурил шидэж, хогийн сав руу чулуудахад ч бэлэн байгаа. Тийм болохоор авлига авдаг, авах гэж байгаа хүмүүс, авлигачид биднээс болгоомжлоорой. Битгий авлига аваарай, өгөөрэй. Өөрийнхөө ариун цагаан хөдөлмөрөөр, цэвэр гараараа олсон мөнгөөрөө гэр бүлээ, үр хүүхдээ тэжээгээрэй. Буруу гарын мөнгө хэрэггүй шүү. Цэвэр гартай хүн болгон сайхан амьдрах боломжтой байх ёстой юм шүү. Бид ийм нийгмийг цогцлооно. Үүнд залуучуудын хүч оролцоо маш чухал шүү гэдгийг хэлмээр байна. Мөн тэрээр нэмэлт болгож “МЗХ-оос илгээлтийн эзэд хөтөлбөрийг шинэчлэн сэргээж байгаа талаар сануулсан юм. Үүнд тус холбооноос наймдугаар сарын 25-наас ХНХЯ, ХХААХҮЯ дэмжлэгтэйгээр “Намрын ургац хураалт”-ын ажилд оюутан залуучуудыг оролцуулах ажлыг хийж байгаа бөгөөд оюутан залуучууд эхнээс Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллаж байгаа юм. Үүн дээр тариалан эрхлэгчдээс ургац хураалтанд оюутан залуучуудыг оролцуулах хүсэлт маш их ирж байгаа учраас их дээд сургуулиуд болон оюутан залуучуудыг намрын ургац хураалтын ажилд идэвхтэй оролцохыг уриаллаа. Дашрамд сануулахад оюутан залуучууд 14-21 хоногийн хугацаагаар цалинтайгаар намрын ажилд туслалцах бөгөөд ажиллахын зэрэгцээ баг хамт олон нөхөрлөж, төрөл бүрийн уралдаан тэмцээн зохиож, өөрсдийгөө хөгжүүлэх боломжтой юм байна. скачать dle 12.0 355 Хуваалцах Facebook Twitter