Л.Энх-Амгалан: Нийслэлийн 30 цэцэрлэгийг 07.00-20.00 цагт ажиллуулна Онцлох / Нийгэм 2021/08/13 17:14 440 Хуваалцах БШУ-ны сайдын санаачилгаар энэ жил олон хүүхэд суралцдаг, автозамын түгжрэл үүсдэг гол цэгт байдаг 30 цэцэрлэгийн 60 бүлэгт ээлжийн багш туршилтаар ажиллуулах болжээ. Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг өнөөдөр нийслэлийн 146 дугаар цэцэрлэгийн ажилтай танилцах үед БШУ-ны сайд Л.Энх-Амгалан танилцууллаа.Энэ хичээлийн жил ерөнхий боловсролын сургуульд орохын өмнөх буюу 5 настай бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулахаараа онцлог гэдгийг салбарын сайд онцоллоо. Мөн цар тахлын үед хичээл эхэлж байгаа нь томоохон эрсдэл дагуулж байгааг ч танилцуулгынхаа өмнө дурдлаа.Тэрбээр, “Энэ онд нийслэлийн хэмжээнд 674 цэцэрлэг үйл ажиллагаа явуулахаар байна. Үүнээс 251 нь төрийн өмчийнх бол 453 нь төрийн бус цэцэрлэг байна. Гэхдээ нийслэлийн 171 хорооноос 22 хороо төрийн өмчийн цэцэрлэггүй байгаа. Цаашид цэцэрлэгийн хүртээмжийг нэмэхийн тулд гэр хороололд жижиг цэцэрлэг байгуулах, томоохон хороолол барих компанид газар өгөхдөө орон сууцны нэг давхарыг цэцэрлэг болгох шаардлага тавьдаг болох, байгууллагын цэцэрлэгүүдийг дэмжих зэрэг бодлого хэрэгжүүлэх нь зөв. Нийслэлд хичээлийн шинэ жил эхлэхэд маш их түгжрэл үүсдэг. Өглөө хүүхдээ цэцэрлэгт өгөх, орой авах нь нийт автозамын ачааллын 26 хувийг эзэлж байна. Үүнээс гадна цэцэрлэгийн багш 7.30 цагт ирээд орой 19.30 цаг хүртэл ажиллаж байгаа. Үүний улмаас гэр бүлдээ цаг гаргаж чаддаггүйгээс гадна өөрийг хөгжүүлэх боломжгүй болж байгаа юм. Энэ асуудлыг шийдэх боломж нь ээлжийн багш. Ээлжийн багш ажиллуулах нь хэд хэдэн давуу талтай. Ээлжийн багштай болсноор цэцэрлэг 07.00-20.00 цагт ажиллах боломжтой болно. Өөрөөр хэлбэл иргэд өглөө 07.00 цагаас 09.00 цагийн хооронд хүссэн цагтаа хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгөх боломжтой болно. Орой 20.00 цагаас өмнө хүүхдээ авна. Ингэснээр замын ачаалал буурч, түгжрэл буурах боломжтой. Гэхдээ хүүхдээ 7 цагт өгөөд орой 20 цагт аваад байвал хүүхэд цэцэрлэгт хэт удаан байх, ядрах магадлалтай. Тиймээс хүүхдээ эрт өгсөн бол эрт авдаг, орой өгсөн бол орой авдаг зохицуулалтыг цэцэрлэгүүд хийх юм. Нэг хичээлийн жилд улсын хэмжээнд ээлжийн багш ажиллуулахад 28.8 тэрбум төгрөг шаардлагатай. Харин зөвхөн нийслэлд хэрэгжүүлбэл, 10.8 тэрбум төгрөг зарцуулах юм” гэлээ.Улаанбаатар хотын автозамын түгрэл нь боловсрол, эрүүл мэнд, автозам, эдийн засаг гээд бүхий л салбартай холбоотой гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлов. Мөн Монгол Улсын нийт хүн амын 50 хувь нь амьдарч буй их хотын асуудлыг зөвхөн нийслэлийн Засаг даргад даатгаад орхиж болохгүй хэмээв. Тэрбээр, “Нийслэлийн түгжрэл бүх салбартай холбоотой тул салбарын сайд нар түгжрэлийг бууруулахад хувь нэмрээ оруулах ёстой. БШУ-ны сайд үүнийг манлайлан туршилтаар ээлжийн багш ажиллуулах санаачилга гаргаж байна. Хэрэв энэ ажил үр дүнгээ өгч байгаа нь судалгаагаар тогтоовол ирэх жил нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх болно” гэв.скачать dle 12.0 440 Хуваалцах Facebook Twitter