Сэлэнгийн задгай авьяастан

1 173

1950 оны энэ өдөр зохиолч, яруу найрагч Нямжавын Сүхдорж мэндэлжээ. Тэрбээр,  зохиолч болсон тухайгаа ийн дурссан байдаг. “Анх 1965 онд Ховд аймгийн Зэрэг сумын долоон жилийн сургуулийн VII ангид байхдаа шинэ жилээр “Өвгөн аав” гэдэг шүлэг бичээд, I байр эзэлж дэвтэр, харандаагаар шагнуулж урам авсан. Түүнээс хойш уран зохиолд хорхойссон” хэмээн дурссан байдаг.
Тэрбээр Ховд аймгийн Мянгад сумын уугуул. Өсөж төрсөн нутгийнхаа тухайд  “Хотгойдын Чингүнжавын албат, хотгойдууд 1750-аад онд  хөөгдөн Ховдод очсон.  Ийм бүлэг иргэн Мянгад овог үүсгэсэн. Би тэр бүлэг иргэний нэг өчүүхэн “цус”. Монголын  бүх нүүдэлчин овог, аймаг  өөр, өөрийн түүхтэй. Манай Мянгад түмний дотор өөрийн түүх, соёлоо дурссан дурсамж, домог олон” хэмээжээ. Харин өдгөө тэрбээр Сэлэнгэ аймагт суурьшин, амьдрал, уран бүтээлээ туурвисаар байна. Үзэг, үзэл нэгтэй нөхөд нь түүнийг “Сэлэнгийн” Сүхдорж гэлцдэг. Утга зохиол гэх урт замд Г.Мэнд-Ооёо, Ш.Гүрбазар, Л.Мягмарсүрэн нартай бүтээлийн болон андын дөрөө харшуулж, энд тэндхийн утга зохиолын дугуйлан хэсдэг байжээ. Ингэхдээ АУЗ Ш.Сүрэнжав, Т.Галсан, П.Бадарч, Б.Хүрэлбаатар, З.Түмэнжаргал, С.Пүрэв, орчуулагч Алтанхуяг, зураач Жандал зэрэгтэй ойр дотно нөхөрлөсөн нь онгодоо хөглөх завшаан болж. 
Утга зохиолын нөхөд нь болон шүүмж судлаачид Н.Сүхдоржийн бүтээлийг “Цэц, ур сайтай, баруун Монголын язгуур хэлзүйн онцлогийг бүтээлдээ шингээдэг онцлогтой” хэмээсэн нь оргүй, цагаан магтаал биш ээ. Түүний “Айлын хөөрхөн Жинжиймаа”, “Монгол наадам”, “Эх Монгол орон“, “Сэлүүн дэнжийн яргуй”, “Буур хээр” зэрэг дууны шүлэг ямархан бядтай яруу найрагч болохыг нь төвөггүй илтгэдэг. Утга зохиолынхон дундаа “задгай авьяастан” хэмээгддэг эрхэм зохиолч 1995 оны Монголын анхны кино наадмын тэргүүн шагналт “Бор чоно” кино, 2014 оны олон улсын “Гэгээн Муза-12” наадмын тэргүүн шагнал хүртсэн “Галдан бошигт хаан” жүжиг, 2019 оны шилдэг бүтээлийн “Алтан-Өд” шагнал хүртсэн “Өндөр хөхийн унага” романы зохиогч. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn