Дүүргийн ЗАСАГ ДАРГА нар тодорлоо
Орон нутгийн сонгуулийн дүн гарч аймаг, дүүргийн Засаг дарга болон Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргыг сонгох ажил үргэлжилж байна.
Нийслэлээс АН ганцхан дүүрэгт ялалт байгуулсан. Энэ нь Сүхбаатар дүүрэг юм. Тэгвэл дүүргийн Засаг даргад Х.Болормааг улираан томилов.
Х.Болормаа нь 2016 оноос Сүхбаатар дүүргийн Засаг даргаар ажиллан, дахин улираан томилогдлоо. Тэрбээр Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, АН-ын бүлгийн дарга, Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч, 2016 оны 11 сараас Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, дүүргийн Засаг даргаар ажиллаж байна.
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар Нийслэлийн МАН-ын дэд дарга Н.Алтаншагайг томилсон билээ.
Н.Алтаншагай нь 2004 онд МАН-д элссэн. Тэрбээр нийслэлийн МАН-ын даргын туслахаас ажлын гараагаа эхэлж, намын улс төрийн ажилтан, СХД-ийн намын хорооны дэд дарга, 23 дугаар үүрийн дарга, СХД-ийн Засаг даргын орлогчоор ажиллаж байгаад 2017 онд МАН-ын Бага хурлын шийдвэрээр нийслэлийн МАН-ын дэд даргаар сонгогдсон билээ.
Баянгол дүүргийн МАН-ынхан Засаг даргаар Ө.Сумъяабаатарыг томилохоор БГД-ийн МАН-ын хороо санал нэгдсэн.
Гэвч БГД-ийн ИТХ анхдугаар хуралдаанаа зарлаж чадахгүй байгаа юм. Учир нь тус дүүрэгт нэр дэвшиж ялалт байгуулсан МАХН-ын гишүүн Э.Магнайбаяр МАН-д элссэн тул АН, МАН-ынхан эв түнжин муутай байгаа билээ. БГД-ийн тухайд МАН-аас 21, АН-аас 18, ХҮН-2 суудал авсан билээ.
Хан-Уул дүүргийн Засаг даргаар өнгөрсөн дөрвөн жил тус дүүргийг удирдсан Ж.Алдаржавхланг улираан томилох аж.
Тэрбээр санхүүч мэргэжилтэй. Өнгөрсөн хугацаанд УИХ-ын Төсвийн байнгын хорооны зохион байгуулагч, референт, Сангийн яаманд зөвлөх, “Орон сууцны санхүүжилтийн корпораци”-ийн гүйцэтгэх захирал, Хан-Уул дүүргийн МАН-ын хорооны дарга, Хан-Уул дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан юм.
Мөн Багахангай дүүргийн Засаг даргаар С.Эрдэнэбаярыг улираан томилох бол Чингэлтэй дүүргийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан өөрийн хүнээ буюу өмнөх Засаг дарга Н.Батсүмбэрэлийг томилж магадгүй байна.