Филиппинд баривчлагдсан Монгол иргэний асуудлаар Жакарта дахь ЭСЯ болон Өргөмжит консулаар дамжуулан холбогдох арга хэмжээ авч байгаа

Филиппин улсын Замбалес мужийн Иба хотод тус улсын хууль сахиулах болон тагнуулын байгууллагууд хамтран Монгол Улсын иргэнийг үндэсний аюулгүй байдалд харшилж болзошгүй үйл ажиллагаанд оролцсон гэх үндэслэлээр баривчилжээ.
Тэрбээр тус улсын нисэхийн сургуульд төгсөх шатны нисгэгчийн оюутан байсан ба албан ёсны тагнуулын мэдээллээр тэрбээр өмнө нь БНХАУ-д сөнөөгч онгоцны нисгэгчээр төгссөн бөгөөд БНХАУ-ын засгийн газартай холбоотой байх магадлалтай гэж сэжиглэгдэж байгаа аж.
Түүнийг Скарборо Шоал орчмын бүсэд тандалтын нислэг үйлдсэн байж болзошгүй гэж үзэж байгаа бөгөөд тэрбээр нислэгийн дадлагынхаа үеэр Иба нисэх буудал болон ойролцоох Палауиг голын орчимд (нисэх буудлаас ойролцоогоор таван далайн милийн зайд) агаараас зураг авалт хийсэн гэх мэдээлэл байна.
Энэ талаар холбогдох албаныхнаас тодруулахад Жакарта дахь Элчин Сайдын Яам болон Филиппин дэх Өргөмжит консулаар дамжуулан холбогдох арга хэмжээ авч байна. Хувь хүний нууцыг хамгаалах хууль болон ар гэрийн хүсэлтийн дагуу дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэв.