Дүүрэг бүрт “Соёлын цаг” аян хэрэгжинэ
Иргэдэд соёл, урлагийн үйлчилгээг ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, соёл урлагийн байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах зорилгоор Соёлын яам, НЗДТГ-тай хамтран “Соёлын цаг” аяныг хэрэгжүүлэхээр өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд Соёлын сайд С.Чулуун, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын дарга Ц.Нацагдолгор нар оролцлоо.
“Соёлын цаг” аяныг нийслэлийн 9 дүүргийн 24 байршилд зохион байгуулах бөгөөд мэргэжлийн урлагийн байгууллагууд оролцох юм. Энэхүү аянд соёл урлагийн байгууллагууд оролцон урлагийн тоглолт, музей, нүүдлийн номын сан зэрэг үзвэр үйлчилгээг иргэдэд үнэ төлбөргүйгээр толилуулах аж.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хэлэхдээ “"Иргэдийн соёл урлагийн хэрэгцээг хангах шаардлагын хүрээнд номын сан, кино театр зэргийг үе шаттайгаар нээж байгаа ч томоохон урлагийн үйл ажиллагаанууд хаалттай хэвээр байна. Иймээс олон хүн цуглуулахгүйгээр иргэдэд соёлын үйлчилгээг үзүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Мөн дүүрэг бүрт нийтийн бие тамирыг дэмжих хөдөлгөөн өрнөж байгаа. Соёлтой цагаараа дамжуулж иргэддээ соёл урлагийн үзвэр үйлчилгээ тоглолтуудаа хүргэхээр зорьж байна” гэв.
“Соёлын цаг” аян нь ирэх аравдугаар сарын 26-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.