Л.Баттөр: Зургаан настнуудыг эрт илрүүлэгт хамруулаад зогсохгүй нүд, шүд, зүрхийг нь эмчилнэ
Энэ жилээс Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн суралцагчдад эрт илрүүлгийн үзлэг хийж эхэлсэн. Эхний ээлжид нийслэлийн сурагчид үзлэгт хамрагдах бөгөөд одоогоор нийт сурагчдын 80 орчим хувь нь нүд, шүд, зүрхний үзлэгийн аль нэгт хамрагдаад байна.
Энэ талаар бид Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөртэй ярилцлаа.
-Энэ жилээс нэгдүгээр ангийн сурагчдыг нүд, шүд, зүрхний эрт илрүүлгийн үзлэгт хамруулж эхэлсэн. Яагаад зургаан настнуудыг онцолж, эрт илрүүлэгт хамруулж байгаа талаар ярилцлагаа эхэлье?
-Энэ жилээс зургаан настнуудыг эрт илрүүлгийн үзлэгт хамруулж байна. Өнгөрсөн хоёр жил орон даяар эрт илрүүлгийн үзлэг зохион байгуулсан. Тус үзлэгээр хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл өндөр хувьтай байгаа нь тогтоогдсон. Тиймээс зургаан настнуудыг эрт илрүүлэгт хамруулах нь зүй гэж үзсэн. Яагаад зургаан настнуудад хийхээр болсон гэхээр, 5-6 насанд нь хүүхдийн сүүн шүд байнгын шүдээр солигддог. Тиймээс байнгын шүд солигдсон үед нь шүдний өвчлөл үүссэн эсэхийг шалгах нь зөв гэж үзсэн. Гэхдээ зөвхөн шүд биш. Нүд, шүд, зүрхний үзлэг хийж байна. Нэгдүгээр ангид орж байгаа хүүхдүүдэд түшиглэн сургуульд суурилсан үзлэгийн тогтолцоог бий болгох зорилготой байгаа. Цаашид 12-15 насанд нь хүүхдүүдийг үздэг болно. Энэ нь сургуульд суурилсан эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ гэх тогтолцоо бий болгох ажлын эхлэл юм.
-Энэ ажил цаашид үргэлжлээд зогсохгүй цаашид 12, 15 насны хүүхдүүдэд үзлэг хийнэ гэж ойлголоо?
-Тиймээ. тогтолцоо бий болгоод, тодорхой нас, насанд нь үзлэг хийхээр төлөвлөж байгаа. Энэ жил үзлэгт хамрагдсан зургаан настнууд үзүүлээд, эмчлүүлнэ. Дараа нь 12 насандаа дахин үзлэгт хамрагдана гэсэн үг. Тэр хооронд өөр бусад арга хэмжээ явагдана. Одоо цэцэрлэгт явж байгаа хүүхдүүд зургаан насандаа үзлэгт хамрагдана гэсэн үг.
-Нүд, шүд, зүрхний үзлэгт хэчнээн хүүхэд хамрагдсан бэ?
-Гурван төрлийн үзлэг хийж байгаа. Одоогийн байдлаар давхардсан тоогоор нийслэлийн хүүхдүүдийн 80 хувь нь хамрагдсан гэх тоо, мэдээлэл байна.
-Үзлэг хийгээд зогсохгүй дараагийн шатны эмчилгээг ч хийнэ гэдгийг салбарын сайд мэдээлсэн. Энэ талаар та дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Үзлэгээс гадна үзлэгийн дараах эмчилгээ хийнэ. Эдгээр зардал Эрүүл мэндийн даатгалын сангаас төлөгдөж байгаа. Үзлэгийн дараах эмчилгээг төр, хувийн хэвшлийн эмнэлгүүдтэй хамтарч хийнэ. Тухайлбал, шүдний өвчлөл дээр маш олон хувийн хэвшлийн эмнэлгүүдтэй хамтарч, зохион байгуулж байгаа. Үзлэгээр ямар нэг өөрчлөлттэй байгаа хүүхдүүдийг хоёрдугаар шатны эмнэлэгүүдэд 100 хувь төлбөрийг нь даагаад, эмчилнэ. Хүүхдийн сургуулийн амралт, ханиад томууны тархалт зэргээс шалтгаалаад зарим ажил удаашралттай байсан. Түүнчлэн санхүүжилтийн асуудал ч байсан. Тэр асуудал одоо бүрэн шийдэгдсэн. Тэгэхээр энэ долоо хоногоос ажил илүү ахицтай байна.
-Нэг хүүхдийн үзлэгийн төлбөр хэдэн төгрөг вэ. Эмчилгээний тариф хэд байх тухай тогтсон мөнгөн дүн бий юу. Мөн энэ ажлын нийт санхүүжилтын талаар танилцуулбал?
-Шүдний үзлэг дээр шүдийг хамгаалах түрхлэг түрхэж байгаа. Түүнлчэн нэг хүүхдийн 5 хүртэлх шүдийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэн, эцэг, эхээс төлбөр авахгүйгээр эмчилнэ. Зүрхний өвчлөл, нүдний асуудлыг ч эмчилнэ. Зардал мөнгө нь харилцан адилгүй. Эрүүлжүүлэх ажил анх удаа хийж байгаа учир янз, янзын тохиолдол гарч байгаа. Тэр болгон дээр өртөг мөнгө нь харилцан адилгүй байна.
-Зарим өвчнийг илрүүлж, эмчлэхэд зургаан нас оройтдог гэдгийг албаныхан хэлдэг. Тухайлбал, хүүхдийн нүдний хараа 5-6 насандаа бүрэн тогтдог учир энэ наснаас хойш нүдний элдэв асуудлыг эмчлэхэд бэрх байдаг. Тэгэхээр сургуульд суурилсан үзлэгээс гадна цэцэрлэгийн хүүхдүүдэд үзлэг хийх шаардлагатай шиг санагдсан?
-Урьдчилан сэргийлэх үзлэг нийт хүн ам руу чиглэсэн. Одоо илүү зорилтот бүлэг рүү чиглэж байгаа. Түүнчлэн технологийн шийдлийг ашигласан байдлаар үзлэг хийж байна. Тухайлбал, зургаан настны зүрхний бичлэгийн хиймэл оюун ухаанд тулгуурласан байдлаар хийж байгаа. Түүнчлэн “Орбис” гэх төрийн бус байгууллагатай хамтраад, нярайд үзлэг хийж байна. Тэгэхээр цэцэрлэгийн наснаас нь өмнө оношилно. Ингэснээр цэцэрлэгийн насанд нь гарах өөрчлөлтөөс урьдчилан сэргийлэх боломж бүрдэх юм. Дараа нь зургаан насанд нь болон 12-15 насанд нь тус, тус үзлэг хийнэ гэж төлөвлөж байна. Цэцэрлэгийн насанд нь үзлэг хийгээгүйн улмаас хүүхдүүдийн өвчлөл хожуу оношлогдож байна гэх судалгаа гарвал дараагийн ээлжинд цэцэрлэгийн насанд хийх боломжтой. Зургаан нас гэдэг тогтсон ойлголт биш.
-Үзлэгт хамрагдсан хүүхдүүдийн өвчлөлийг танилцуулбал?
-Үзлэгт хамрагдсан нийт хүүхдүүдийн 80 орчим хувь шүдний эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж гарсан. Нүдний өвчлөлийн хувьд, 20 орчим хувь нь, зүрх судас дээр 10 орчим хувь нь өөрчлөлттэй гарсан.
-Эцэг, эхчүүд шинжилгээний талаар болоод шинжилгээний хариуг нь хэрхэн авах талаар хангалттай мэдээлэлгүй байх шиг санагдсан. Хүүхдийнхээ шинжилгээний хариуг хэрхэн авах вэ?
-Эцэг, эхчүүдэд шинжилгээний хариуг мэдээлэх тухайд, эхний ээлжид платформоор дамжуулан хүргэж байгаа. Түүнчлэн Боловсролын яамтай хамтарч ажиллаж байна. Боловсролын байгууллагуудад эцэг, эхчүүдэд хүүхдүүдийн дүн, ирцийн мэдээллийг өгдөг платформууд бэлэн байдаг. Эдгээр дээр шинжилгээний хариуг нэг цонхонд нь байршуулах тухай асуудал яригдаж байгаа. Мөн эмч үзлэг хийгээд, үзлэгийн хариуг сургуулийн эмчид мэдээлж байгаа. Сургуулийн эмч мэдээллийг ангийн багшид өгнө. Ангийн багш эцэг, эхэд нь хариуг нь хэлнэ. Улмаар дараагийн шатны үзлэг, эмчилгээнд хамрагдах шаардлагатайг мэдэгдэнэ. Хэрэв мэдээлэл очихгүй байгаа бол эцэг, эхчүүд ангийн багш эсвэл сургуулийн эмчид хандах хэрэгтэй.