Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 50 хувьд хэвийн байна
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал тавдугаар сарын 31-ний байдлаар Дундговь, Дорноговь, Өмнөговийн, ихэнх, Ховд, Говь-Алтай, Баян-Өлгийн зарим сумдын нутгаар муу, Булган, Дорнод, Орхон, Дархан-Уулын нийт, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтийн ихэнх нутаг, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Сүхбаатарын зарим, Баян-Өлгий, Ховд, Архангай, Өмнөговийн цөөн сумдын нутагт буюу нийт нутгийн 50 орчим хувьд хэвийн бусад нутгаар дунд байна.
Энэ арав хоногт агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1.2-5.2 градусаар дулаан. Нутгийн зүүн хэсгээр дунджийн орчим, хур тунадас нийт нутгийн 60 орчим хувьд олон жилийн дунджаас ахиу, 30 гаруй хувьд буюу баруун болон говийн аймгуудын нутгаар дунджаас бага, 10 орчим хувьд дунджийн орчим орсон байна.
Салхины хурд тал хээр, уулархаг нутгаар түр зуур 18-23 м/с буюу аюултай үзэгдлийн, Увсын Өмнөговь, Завхан, Баянхонгорын Богд, Говь-Алтайн Бугат, Хөвсгөлийн Рашаант, Сэлэнгийн Орхонтуул, Хэнтийн Батноров, Дорноговийн Хөвсгөлд 24-27 м/с хүрч онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилжээ.
Эх сурвалж: ЦУОШГ