Л.Орломжав: Хорогдсон малыг нян үүсэхээс өмнө яаралтай булж, халдваргүйжүүлэх хэрэгтэй
Монгол Улсад үүсээд буй зудын нөхцөл байдал, зүй бусаар хорогдоод буй малын устгал болон гарч болох эрсдэлийн талаар Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвийн Нийгмийн эрүүл мэнд, тандалт шуурхай удирдлагын албаны дарга Л.Орломжавтай ярилцлаа.
-Монгол Улсын хэмжээнд зудтай, малын хорогдол ихтэй байна. Энэ үед үхсэн малаа булж устгах шаардлагатай гэдэг зөвлөмжийг өгсөн. Энэ нь ямар учиртай тайлбарлаж өгөхгүй юу?
-Зуданд үхсэн малыг зүй бусын хорогдол гэж ярьдаг шүү дээ. Нян үржээгүй байх үед нь булчихвал халдварт өвчин гарахгүй. Магадгүй хорогдсон мал зүй бусаар биш ямар нэгэн өвчнөөр үхсэн байхыг үгүйсгэхгүй. Жишээлбэл, боом өвчин байна. Боомын нян газрын хөрсөнд хэдэн зуун жилээр хадгалагддаг. Ялангуяа шар усны үерийн үеэр хөрсөн дор хадгалагдаж байсан спор гараад ирэх магадлалтай. Тийм болохоор тухайн шар уснаас уугаад халдвар аваад үхчихсэн мал байхыг үгүйсгэхгүй. Тийм ард иргэдийг хамгаалахын тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч яаралтай булж устгах шаардлагатай гээд байгаа юм. Магадгүй халдвар авсан бол ариутгах шаардлагатай. Одоо дулаарахаар ялаа шумуул болон үнэр, нянгийн бохирдол зэргээр гэдэсний халдвар үүсэх магадлалтай.
-Монгол орон эрсдэлийн ямар бүсэд байдаг вэ. Мөн зонхилон тохиолдох ямар өвчлөлүүд байна вэ?
-Монгол бол зоонозын өвчлөлийн хамгийн эрсдэлтэй бүс нутагт багтдаг. Дэлхий нийтээр халдвартай бүс нутгийг тэмдэглэхэд монгол орон бүхэлдээ улаанаар тэмдэглэгдсэн байдаг. Эдгээр нь манай улсын хүн ам багатай ч 70 гаруй сая малтай байх, зэрлэг амьтан ямар ч хараа хяналтгүй байх зэргээс хамаардаг. Жишээлбэл, галзуу өвчний үүсгэгч болох үнэг чоно, сарьсан багваахай зэргийг бусад оронд өгөөш вакцинаар вакцинжуулдаг. Харин Монгол оронд зэрлэг амьтан хараа хяналтгүй байгаа нь нөлөөлдөг. Мөн улирлын байдал нөлөөлдөг. Хачгийн халдвар гэхэд хаврын улиралд нэмэгддэг. Галзуугийн өвчин өвлийн улиралд нэмэгддэг. Мөн намар зундаа тарваган тахал байнга гардаг. Мөн аялал зугаалга болон бусад улс орон руу зорчих нь зоонозын халдварт өвчнүүдийг зөөвөрлөн ирэх шалтгаан болдог. Жишээлбэл, шумуулаар дамжин халдварладаг хумхай өвчнийг халуун орны өвчин гэдэг байсан. Гэтэл хумхай нь манай улсад зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол бий. 2023 онд гэхэд л хумхайн 14 тохиолдол Монгол Улсад бүртгэгдсэн. Үүнээс хоёр тохиолдол нь нас барсан.
-Одоо дулааны улирал эхэлж байгаатайгаар ямар, ямар зоонозын өвчлөлүүд гарах вэ?
-Энэ үед бэтэг, ям, бруцеллёз, галзуу, тарваган тахлын өвчлөлүүд нэмэгддэг. Яг одоо хачгаар дамжих халдварын эрсдэлтэй үе эхэлж байна. Хачгаар дамжих 30 гаруй халдвар байдаг. Үүнээс гурав нь Монгол Улсад 2005 оноос хойш бүртгэж эхэлсэн. Нийт хачгийн 81.7 хувь нь ямар нэгэн халдвар үүсгэгчийг дамжуулж байна гэсэн судалгаа байгаа.
Үүнд нь хачигт энцефалит, хачигт боррелиоз, хачигт риккетсиоз гэсэн өвчнүүд байна. Эдгээр өвчнүүдийг дамжуулдаг хачигнууд мөн өөр өөр байдаг.
Хачиг энцефалит нь ойн улаан хусны хачиг. Энэ нь вирусээр дамжин үүсгэгддэг. Төв мэдрэлийн системийг гэмтээдэг. Хазуулсан тохиолдолд толгой өвдөх, халуурах зэргээр илэрнэ. Энэ хачигны халдвараар монгол орны найман аймаг голомттой. Үүнд Сэлэнгэ, Булган, Дархан, Орхон, Хэнтий Хөвсгөл, Төв аймгийн хойд хэсэг Дорнод зэрэг байна. Хачгийн улирчлал бол 4-6 сард байдаг. Тэгэхээр тус аймгуудад идэвхжлийн үед байнгын оршин суудаг хүмүүс хачигнаас сэргийлэх хэрэгтэй. Мөн тус өвчинд сэргийлэх вакцин гэж байдаг. Ийм учраас тус вакцинд хамрагдах шаардлагатай. Жишээлбэл, Дорнодын хачгийн халдварт өвчнөөр өвдсөн үед 35 хүртэлх хувь нь нас баралтаар төгсөх эрсдэлтэй. Мөн энэ өвчнийг тусаад эдгэсэн тохиолдолд унадаг татдаг, мартамхай болох, саа саажилт үүсэх зэрэг эрсдэлтэй. Тус халдвараар Монгол Улсад 2005 оноос хойш 300 гаруй хүн өвдсөнөөс 20 гаруй хүний нас баралтын тохиолдол бүртгэгдсэн. Ихэвчлэн идэр насны 17-60 насны эрэгтэйчүүд өртсөн байдаг. Энэ нь мод бэлтгэх, халиар түүх, модны үйлдвэрт ажилладаг хүмүүс байдаг.
Хачигт боррелиоз нь малын бор хачгаар дамжин халдварладаг. Энэ халдвар нь монгол орны дийлэнх хэсгээр байгалийн буюу нутагшмал голомттой. Тухайн халдвартай хачгинд хазуулсан тохиолдолд биен дээгүүр улаан тууралт гарах, хазсан хэсэгт тав үүсэх, тунгалагийн булчирхай цочих зэргээр илэрдэг. Ихэвчлэн 0-9 насны хүүхдүүд болон эмэгтэйчүүд илүү өвчилсөн байдаг. Энэ нь малтайгаа ойр харьцдаг, малын ноос ноолуураа гэртээ хадгалдаг зэргээс шалтгаалдаг. Нийт өвчлөлийн 80 гаруй хувийг эзэлдэг.
Хачиг риккетсиоз нь манай улсад цөөхөн тохиолддог. Нийт тохиолдлын 10 хүрэхгүй хувийг эзэлдэг.
-Хачгийн халдвараас хэрхэн сэргийлэх вэ?
-Ой модонд зорчиж байгаа үедээ тод өнгийн битүү хувцас өмс гэж зөвлөдөг. Энэ нь хачиг тод өнгийн хувцаснаас айдаг, үргэдэг гэсэн үг биш. Харин хачиг биен дээр буусан үедээ шумуул шиг шууд хаздаггүй 2-4 цаг бие дээгүүр тэнүүлчилдэг. Ингэж явсаар хамгийн цусан хангамж сайтай буюу толгой, чихний ар, суга, цавь, хүйсэнд очиж наалддаг. Тэгэхээр тод өнгийн хувцас өмссөн үедээ хазахаас нь өмнө унагаана гэсэн үг юм. Мөн хачиг дайжуулагч гэж байдаг. Зааврын дагуу хувцсандаа хоёр цаг тутамд цацах эсвэл ил гарсан хэсгүүддээ гурван цаг тутам цацах зэргээр хэрэглэнэ.
Хэрэв хачигт хазуулсан тохиолдолд 24 цагийн дотор хошууг нь үлдээхгүй авах хэрэгтэй. Тухайн хачиг хазсан хэсэгт спирт, иод, архи зэргийг хөвөнд шингээн 2-3 минут дарна. Дарж булчинг зөөллөсний дараагаар займчуулах маягаар зөөлөн татаж авна. Гаргаж авсан хачгаа жижиг сав эсвэл нойтон мааралд хийж мэргэжлийн байгууллагад шинжлүүлэх хэрэгтэй.
Магадгүй голомттой бүс нутагт зорчих гэж байгаа бол урьдчилан сэргийлэх вакцин хийлгэх хэрэгтэй. Тус вакциныг хачгийн идэвхжлийн үед хийж эхэлдэг. Вакциныг бол гурван тунгаар хийлгэнэ. Эхний тунг гурван сард, дараагийн тунг эхний тунгаас сарын дараа хийлгэнэ. Хоёр тун хийлгэсэн тохиолдолд халдвараас 90 хүртэлх хувиар хамгаалдаг. Хоёр дахь тунгаас жилийн дараа гурав дахь тунг хийлгэнэ. Ингэснээр энэ өвчнөөс бүрэн хамгаалагдана. Байнга тухайн бүсэд ажиллаж амьдардаг хүмүүс бол гурван жил тутамд ганц удаа сэргээх тун хийлгэнэ. Хэрэв вакцин хийлгэхийг хүсвэл харьяа сум, аймаг, дүүргийн эмнэлэгтээ хандана. Энэ вакцин нь гурван наснаас дээш бүх хүнд хийгдэх заалттай.
Мөн малаа хачиггүйжүүлэх хэрэгтэй. Гэртээ орохдоо тухайн хувцас хэрэглэлээ тайлж орох, орой бүр хүүхдүүдээ хазуулсан эсэхийг нь шалгаж байх нь зөв.
-Бэтэг гэж ярьсан шүү дээ. Тэгэхээр энэ нь ямар байдлаар илэрдэг юм бэ?
-Бэтэг бол янз бүр байдаг. Үүсгэгч нь мал амьтны дотор гэдсэнд байдаг. Тэгэхээр ихэвчлэн нохойноос тус өвчин халдварладаг. Яаж үүсдэг вэ гэхээр хүн бэтгийн өндгийг нь залгиад тухайн өндөг нь биед ороод хаана очиж байрласнаас хамаарч цулцант болон уйланхайт бэтэг үүсдэг. Ихэвчлэн элгэ, уушги зарим тохилдолд тархинд үүсдэг. Бэтэг нууц хугацаа бол маш өндөртэй. Ихэвчлэн 10-аас 14 жил нууц байдалд байдаг. Мөн 6-15 насны хүүхдүүд өвчилдөг. Тэгэхээр хүүхдүүд бараг мөлхөж байхдаа халдвар авчихсан байдаг. Ялангуяа гэр хорооллын айлууд гаднаас ирсэн гутлаа заавал сольж гэртээ орж байх хэрэгтэй. Гэртээ цэвэрлэгээ хийх, гараа байнга угааж байх шаардлагатай.
-Нэгэнт өвдсөн тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?
-Нөгөө цулцант байна уу, уйланхайт байна уу гэдэг үе шатаасаа хамаараад эмийн эмчилгээ, мэс заслын эмчилгээ хийнэ. Мөн шохойдчихсон бол зүгээр ажиглана. Мэс заслын эмчилгээ хийхэд бэтэг дахих хандлага их байдаг. Зарим хүн бэтгийн тав дахин, 10 дахин хагалгаанд орчихсон байдаг. Бэтгийн уйланхай хэвлий элгэнд, уушгинд, тархинд байдаг гэсэн шүү дээ. Тэгээд мэс заслын аргаар авахад тэнд нь үлдэц үлдээд халдвар дахидаг. Эдийн засгийн болон эрүүл мэндэд маш их хор хөнөөлтэй өвчин. Тэгэхээр бид хүүхдийг багаас нь гараа угааж сургах, нохойтойгоо тоглуулдаггүй байх. Нохойтой бол улирал тутамд туулга өгөх. Мөн малын түүхий дотор гэдсээр нохойгоо хооллохгүй байх ёстой.
-Бруцеллёз болон бусад өвчнөөр хэн өвдөх вэ. Өвдсөн тохиолдолд ямар шиж тэмдэг илрэх вэ?
-Бруцеллёз нь бас л малаас хүнд дамжин халдварладаг өвчин. Сүүлийн жилүүдэд бруцеллёз маш их өндөр байгаа. Ихэвчлэн малчид малын эмч нар өвчилдөг. Бруцеллёзын халдвар нь ялангуяа мал төллөх үед илрэн гардаг. Бруцеллёзтой мал хээл хаях тохиолдол их байдаг. Мөн төллөхөд эхэс зэрэгт нь бээлийгүй, халдвар хамгааллын дэглэм баримтлаагүйгээс халдвар авдаг. Зарим тохиолдолд бруцеллёзтой малыг сүүг түүхийгээр хэрэглэснээс болдог. Тэгэхээр төллөх эм мал болгондоо бруцеллёзын вакциныг хийх хэрэгтэй. Бруцеллёз бол их ужиг явцтай. Нэг л халдвар авсан тохиолдолд эдгэлт маш удаан. Үе мөчний үрэвслүүд хавдах, өвдөх эрсдэлтэй өвчин. Тийм болохоор малаа эрүүлжүүлэх вакцинжуулах асуудал хамгийн гол урьдчилан сэргийлэх арга хэмжээ юм.
Мөн боом гэх өвчин бий. Манай орны 16 аймгийн 200 гаруй сум боомын голомттой байдаг. Тэгэхээр боомтой үхсэн малыг шатаах юм уу, эсвэл 3 метр хүртэлх газарт ариутгал халдваргүйжүүлэлт хийгээд булах шаардлагатай. Хэрэв тэгээгүй тохиолдолд шар усны үерээр дамжин хөрсөн дээр гарч ирэх боломжтой. 2023 онд боомын хүний өвчлөл Төв аймгийн Мөнгөнморьтод тохиолдсон. Мөнгөнморьтод Малын өвчлөл гараад түүнээсээ халдвар авчихсан байгаа юм. Нэг тохиолдол нь ямар ч мал амьтанд хүрээгүй ч гэсэн үертэй голд машин нь суугаад нүцгэн гараараа газар ухсанаас халдвар авсан тохиолдол байдаг.
Мөн малчин боомтой малын махыг эвдэх үед авсан ил шарх соривоор, боомоор үхсэн малынхаа сэг зэмийг устгахдаа ахуйн замаар авах эрсдэлтэй. Иймд ямар нэгэн шалтгаангүйгээр мал үхсэн тохиолдолд малын эмчээрээ гол нь ямар шалтгаанаар үхчхэв гэдгийг нь тогтоолгох хэрэгтэй.
Зуд турхнаар үхэж байгаа малыг ямар өвчнөөр үхсэнийг нь хэн ч таашгүй. Малын эмч магадгүй энэ ямар нэгэн эмнэл зүйн шинж тэмдэггүй зүй бусаар хорогдчихсон байна гээд тогтоох юм бол ямар нэг ариутгал халдваргүйжүүлэлт хийхгүйгээр 3 метр газарт булаад хөрсөнд шингээж болно.
-Түрүүнд бас ям гэдэг өвчин дурдагдсан. Энэ өвчний талаар тайлбарлавал?
-Ям бол ихэвчлэн адуу, битүү туурайтан өвддөг өвчин. Монгол Улсад 2022 онд хүний өвчлөлийн нэг тохиолдол гарсан. Энэ нь лабораторийн ямын өсгөвөртэй ажиллаж байсан хүн халдвар авсан тохиолдол юм. Тэрнээс өмнө 1945 оны үед л 1, 2 хүн өвдсөн тохиолдол байгаа. Нянгаар үүсгэгддэг их хоруу чанар өндөртэй. Булчирхайнууд нь томрох, үрэвсэх, бондойж гардаг өвчин. Ер нь их ховор тохиолддог гэж үздэг.
Мөн галзуу өвчин байна. Галзуу өвчин нь вирусээр дамжин халдварладаг. Төв мэдрэлийн системийг сонгомлоор гэмтээдэг. Төв мэдрэлийн системд вирус орсон тохиолдолд ямар нэг эмчилгээ байхгүй 100 хувь нас баралтаар төгсдөг. Гэхдээ 100 хувь урьдчилан сэргийлэх боломжтой. Галзуу нохой мууранд ургуулж ноцуулчихсан тохиолдолд вакцины эрдэс эмчилгээг цаг алдалгүй хийлгэснээр эмчлэх бүрэн боломжтой. Мөн сарьсан багваахай, нохой, муур, үнэг, чоно, үхэр тэмээ гэх мэт бод малууд өвддөг нь тогтоогдсон. Тэгэхээр галзуугийн вирусийг тээдэг амьтанд уруулж, ноцуулж, шүлсдүүлсэн тохиолдолд шархаар магадгүй нүдний салстаар ч юм уу амны салстад шүлс нь үсрээд орчихсон тохиолдолд халдвар авах эрсдэлтэй. Халдварын нууц хугацаа бол 90 хоног хүртэл байдаг. Энэ хугацаанд вакцин хийлгэхгүй бол түрүүн хэлсэнчлэн 100 хувь үхлээр төгсөнө. Энэ хугацаанд нь яаралтай вакцины ээлжээ хийчих юм бол 100 хувь эдгэх боломжтой. Жилд дунджаар дэлхий нийтэд 27 мянган хүн энэ галзуугийн вакцинд хамрагдсан байдаг. Монгол Улсад 6900-аас 7000 хүн галзуугийн эсрэг вакцинд хамрагдсан. Түрүүн хэлсэнчлэн галзуугийн сэжигтэй мал амьтанд уруулж ноцуулсан тохиолдолд яаралтай эмнэлгийн байгууллагад хандах, шархаа 15-аас 20 минут усаар урсгаж угаах хэрэгтэй. Хазсан нохойн байдлаас болон шархны байдлаас хамаараад эрүүл мэндийн байгууллагад вакциныг таван тунг хийлгэх шаарлдагатай.
Иймд тухайн мал амьтныг зуд турхан эсвэл зоонозын халдварт өвчнөөр үхсэн зэргийг зөвхөн мал эмнэлэг, малын эмч тогтоодог. Зоонозын өвчтай мал амьтнаас халдварлах нь өндөр эрсдэлтэй учир урьдчилан сэргийлж булж устгах нь зөв юм.
-Ярилцсанд баярлалаа.
Ярилцсан: Э.Эрдэнэбилгүүн
https://itoim.mn/a/2024/03/20/society/dlm