Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмлээ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны гуравдугаар сарын 20-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх Засгийн газрын тогтоол гарлаа. Ингэснээр бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээг 650 мянган төгрөгөөр, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ 540 мянган төгрөг болж байна. Энэ тогтоолыг ирэх сарын 1-нээс дагаж мөрдөнө.
Монгол Улсын Засгийн газраас хүн амын амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулан 2018, 2019, 2020, 2022, 2023 онд нийгмийн даатгалын сангаас олгох бүх төрлийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлсэн. Ингэснээр дундаж тэтгэврийн хэмжээ 685.6 мянган төгрөгт хүрч, 2016 онтой харьцуулахад 2.2 дахин нэмэгдсэн.
Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргасан 2023 оны арваннэгдүгээр сарын мэдээгээр нийгмийн даатгалын сангаас нийт 493.0 мянган иргэн тэтгэвэр авч байгаагаас 59 орчим хувь буюу 288.4 мянган тэтгэвэр авагч бүрэн болон хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авч байна.