Монгол наадам хосгүй үнэт өв мөн

335

“Төрийн түмэн эх” уртын дууны тэнгэрлэг уужим аялгуу Монгол эх орон даяар түрхрэн дэлгэрч наадамчин олон түмний гайхамшигт баяр цэнгэл, цог заль, бахархал, бардамнал, баатар зориг бадран, баярын мишээл хүн бүрийн нүүрнээ тодрон гийж, улсын алдарт дууч, улсын баатар, сайд Дугаржавын цээл хоолой яруухнаар шуранхайлан, алдарт хуурч Түдэвийн морин хуур хүнгэнэхэд төрийн түмэн эх болсон хурдан хурц хүлгүүд салхи татуулан гарч, унаач сэргэлэн хүүхдүүдийн нарийн шингэн гийнгоо уянгалан, Есөнгээ мэргэний удамт эрхий мэргэчүүд сурын алтан зурхай дээрээ эгнэн зогсож, Есүхэй баатрын их хатан Өүлүн эхээс төрсөн хавт Хасар, Сочигэл эхээс төрсөн Бэлгүтэйн удамт эрэлхэг баатар эр бяртай хүчит бөхчүүд зүлэг ногоон дэнжийг ээтэн монгол гутлаараа өм цөм гишгэлэн, элэн халин дэвэн дэвсээр төрийн есөн хөлт цагаан тугийн дор мэхийж, алсыг харан уран ганган гараа, дэвээ, шаваагаа үзүүлэн омог бардам хүч чадлаа илэрхийлж, гуяа гурвантаа шавдан эрийн гурван наадамд барилдаж буйгаа ёслол төгөлдөр гүйцэтгээд наадмын төв талбайг зүглэх торгон агшинд монголчуудын дэнж хотолзуулсан, дэлгэр дүүрэн эрийн гурван наадам эхэлдэг нь монгол туургатны аугаа уламжлалт ёсон, олон мянган жилийн турш үргэлжилсээр ирсэн эртний түүхтэй бөгөөд эрхэмсэг хүндэтгэлтэй билээ.
Монголын ард түмэн бол эрт дээр үеэс “эрийн гурван наадмаа наадан” төр болон шашны нарийн дэг журам, ёслол хүндэтгэлтэйгээр бэлтгэж, төрөө дээдлэн шашнаа хүндэтгэж ёс төртэй тэмдэглэж ирсэн бөгөөд эрэлхэг хүчит бөхчүүдээ барилдуулж, эрдэнэт хурдан хурц хүлэг морьдоо уралдуулж, эрээн цоохор нумаа харваж өргөн олон ардынхаа дундаас онцгой сайныг шалгаруулдаг байсан нь дэлхийн нүүдлийн соёл иргэншилтэй хүн төрөлхтний түүхэнд монголчуудын оруулсан дахин давтагдашгүй хосгүй үнэт бүтээл мөн.

Монгол үндэсний бөх бол ард түмний түүхэнд үлдсэн урт удаан жилийн хөгжил, хүсэл эрмэлзэл, амьдрал тэмцлийг гэрчилж чадах бодит баримт, үнэт өв эрдэнэ мөн. Монгол угсаат аймгууд долоон мянган жилийн тэртээгээс эхлэн бөх барилдуулж, морь уралдуулж, бөмбөг, сур харвадаг байсан тухай түүхэн сурвалж олон бий. Манай эриний өмнөх гурваас II зууны үед эртний Хүннү гүрэн нь анхны төрт улсыг байгуулсан төдийгүй одоогийн монгол бөхийн барилдааныг энэхүү Хүннү гүрнээс үүсэлтэй гэж олон судлаачид нэгэнт тогтоожээ. Бидний өвөг дээдсийн хүмүүс нь зэрлэг амьтдыг гаршуулан тэжээж гэрийн мал аж ахуй болгосноор эмнэг, хангал омголон догшин мал адгуусыг өөрийн эрхшээлд оруулахын тулд байнга биеийн хүчний ажил хийснээр хүч тамир, арга самбаа сууж ирсэн нь монгол бөхийн суурь үндэс болсон байна.

Баруун Монголын уламжлалт бөхийн барилдааны тухай

Монголын ард түмний эрийн гурван наадмын үндэсний бөхийн барилдаан нь түүхийн ямар орчин нөхцөлд чухам хэдийд үүсэж хөгжлийн ямар шатыг дамжсаар өнөө үетэй золгосныг нарийвчлан тодруулахын тулд Монголын олон ястны дунд хожим хүртэл уламжлагдан хадгалагдсан, орон нутгийн шинжтэй бөхийн барилдааны хэлбэр, барилдах дэг журам холбогдох заншил ёсыг товч авч үзэх нь чухал юм. Орон нутгийн чанартай сонирхолтой нэг барилдаан бол Ойрад буюу баруун монголчуудын Бух “Ноолдоон” юм. Монгол Улсын Увс аймгийн Баяд, Дөрвөд, Ховд аймгийн Урианхай, Торгууд, Захчин, Өөлдүүд XX зууны эхэн хүртэл Бух “Ноолдоон-д барилдсаар байсан билээ. Эртний урианхайчуудын эрийн гурван наадам нь монголчуудтай адил явагддаг байсан боловч өвөрмөц онцлогтой байсан байна. Тэд хүчит бөх барилдуулахдаа жинхэнэ, хүч чадлыг нь шалгаруулахын тулд “Бух ноолдоон” хэмээх нэгийгээ хүчээр унагаж далаар нь тавьдаг чөлөөт бөхийн хэлбэртэй бөх барилдуулдаг уламжлалтай байлаа. Харин Монголын одоогийн үндэсний бөхийн барилдаан нь баруун хязгаарт 1930 оны дунд үеэс нэвтэрсэн онцлогтой. Бух ноолдооны барилдах бөхчүүд нь нэгээс хоёр сарын өмнө хошуу хошуугаараа хамтран бэлтгэл хийж байжээ. Бэлтгэлийн үед бөхчүүд хоорондоо барилдан бяр тэнхээгээ шалгахаас гадна, бут сөөгийг аргамжаар оосорлож мөрлөн зүтгэж үндсээр нь суга татах, хоёр гараараа сөөгийг сугалах зэргээр хүч тамирын дасгал хийнэ. Мөн чулуу хад өргөнө. Тэгэхдээ өргөх чулууныхаа хэмжээг өдөр өдрөөр ахиулсаар сүүлдээ бүр томыг өргөж чаддаг болно. Бэлтгэл дасгал нилээд хийж бөхчүүдийн булчин шөрмөс тэнийж, амьсгал нь задарсан үед “Чулуу нэрэх” гэдэг нэг зүйлийн тэмцээн явуулдаг байжээ. Ингэхдээ гурван чулуугаар газраас дээш тохой өндөр тулга тулаад, нэг тал нь тогооны ёроол маягийн хэлбэртэй, бөх өөрөө даах хэмжээний чулууг олж авч ирэн түүнийгээ өнхрүүлж хөдөлгөхгүйгээр газраас цэх өргөн чулуун тулга дээрээ нэрнэ. Үүнийг бас чулуугаар хайс (тогоо) нэрэх ч гэж ярьдаг. Алдартай бөхчүүдийн нэрсэн том чулуу хавь ойрдоо түүний нэрээр алдаршин үлдсэн байдаг. Урианхайн алдарт бөх Г.Манжийн өргөж тавьсан тулга одоогийн Ховд аймгийн нутагт байдаг. Мөн Баян-Өлгий аймгийн Буянт сумын нутаг “Өнөр сай”-гийн аманд Урианхайн бөх Б.Вандангийн өргөж тавьсан чулуун тулга одоо хүртэл байж байна. Энэ мэтчилэн Урианхайн алдарт бөхчүүдийн өргөж тавьсан чулуун тулганууд манай нутагт элбэг тохиолддог.

Алтайн Урайнхайн алдарт бөхчүүд

1. Урианхайн алдартай бөхчүүдээс 1800-аад оны сүүлчээр бөх Буурал гэгч хүн тодорч гарсан бөгөөд эдүгээ болтол домог адил яригдан байгаа гайхамшигт чадалтай энэ эр долоон хошуу даншигт эсвэл Ардын засгийн наадамд барилдан Халх Монгол даяар нэрд гарч явсангүй ч нутагтаа нэрд гарсан сайн бөх байсан ажээ. Бууралын уугуул нутаг, угаасан ус нь Урианхайн зүүн амбаны хошуу. Бөх Бууралыг Хятадын шинжээчид бар арслангийн бяр чадалтай хэмээсэн яриа байдаг. Бөх Бууралын хүү Пунцаг, Мөөхөш, Ахиш нар нь 1900 –аад оны эхээр барилдаж Урианхайн долоон хошуу, Ховдын Хэвэй амбан, Алтайн хязгаарт алдаршиж явжээ. Бөх Пунцагийн хүү одоогийн Баян-Өлгий аймгийн Алтай сумын нутагт амьдарч байсан П.Гүнжил нь саяхан хүртэл барилдан аймаг сумандаа түрүүлж үзүүрлэсэн үе угсаа залгамжилсан бөхчүүдийн нэг байлаа.

2. Домогт бөх Түвшингийн Дэлтэр бол Урианхайн зүүн амбаны хошууны Урианхай сумны “Өөлөг” элхэний 1884-1940-өөд оны үед амьдарч байсан. Бөх Дэлтэр нь эмээлтэй хазаартай морио хэл нь гэмтсэн үед үүрээд гэртээ ирж байсан домог байдаг.

3. Бидэрхэйн Гончиг 1870-1920 оны үед амьдарч байсан. Уулын модон дотор мазаалайтай халз тулаад дайрч ороод тэвэрч аваад мушгин унагааж уушги зүрхэнд нь хутгалан алж дийлэн нутгийн ард түмний дунд “Мазаалай” Гончиг хэмээн алдаршсан байна.

4. Гунангийн Манж. Энэ хүн 1879-1940 – өөд оны үед амьдарч байсан Урианхайн зүүн амбаны хошууны алдартай бөх. Торгууд, Дөрвөд, Захчин, Урианхайн хошуудын олон удаагийн наадмуудад барилдаж өвдөг шороодож үзээгүй байна. Энэ бөхийн ямааны арьсаар хийсэн шуудагтай, цээж хөл нүцгэн, зүүн чихэндээ толь мөнгөн сийктэй зурмал зураг нь Буянт сумын орон нутгийг судлах музейд 1970-аад оны үед хадгалагдаж байсан. Хүүхдүүд нь болох Манжийн Баатар, Чулуун нар нь Налайх, Сэлэнгийн Баруун Хараа зэрэг газруудад амьдарч байсан ба Баатарын хүү Баттулга нь 1964 онд Баян-Өлгий аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан, 1965 онд үзүүрлэж хурц арслан цол хүртэж байсан. Мөн хүү Ноост нь сумын заан цолтой удам дамжсан бөхчүүд байлаа.

5. Барьдын Янгар. Энэ хүн зүүн амбаны хошууны нутагт 1880-1935 оны үед амьдарч байсан. 2 метр гаруй өндөр нуруутай, өргөн ханхар цээжтэй, нутгийн ард түмний дунд “Урт Янгар” “Парпаан Янгар” “Бөх Янгар” гэж нэрлэгдсэн алдартай бөх байсан. Бөх Янгар нь эцэг эхээсээ 22 уулаа мэндэлсэн 22 хүүхдийн хамгийн ууган нь байжээ. Барьдын Янгар нь нэг удаа хад асгад хөлөөрөө хавчуулагдаж хөдлөх боломжгүй болсон намрын тарган азаргыг унагааж дөрвөн хөлийг нь суран аргамжаар уяж хүлээд үүрч Өмнө голын хар сайгийн Бортын уулнаас 10-15 км газарт үүрч ирж “Азарга үүрдэг” Янгар нэрээр алдаршжээ.

6. Янгарын отгон дүү Барьдын Вандан бол 1900-1967 онуудад одоогийн Баян-Өлгий аймгийн Буянт сумын төвд амьдарч байсан. Б.Вандан баруун хил хязгаарыг хамгаалж байсан хилийн цэргийн баяр, улс хувьсгалын ойн баяраар олон жил тасралтгүй барилдаж үзүүр түрүүнд үлдэж байсан. Мөн улсын начин Нэнзэнтэй нэг удаа үзүүрт үлдэж 1937-38 онуудад улс хувьсгалын ойн баяр наадамд Ховд аймагт очиж барилдан улсын заан “Хадагт” хэмээн алдаршсан Ренчиндоржтой хоёр удаа түрүү үзүүрт үлдэн барилджээ. Ийнхүү хошуундаа алдартай 22-ынхоны удмаас бөх Б.Вандан, Я.Гүнчин, Я.Лиш, Я.Бамбаш, Я.Увш, Я.Равсал, З.Ноосон нарын зэрэг олон бөхч төрөн гарч аймаг сумандаа алдар цолоо дуудуулан барилдаж явжээ.

7. Б.Лэгцэг нь 1942-1990 оны үед одоогийн Баян-Өлгий аймгийн Алтай, Буянт сумдад худалдааны ахлах ня-богоор олон жил идэвх зүтгэл гарган ажиллахын зэрэгцээ үндэсний бөх, чөлөөт бөхийн спортоор тогтмол барилдан амжилт гарган аймгийн “Улам нэмэх” начин цол хүртэж Алтай, Алтанцөгц, Бугат, Булган, Буянт, Сагсай, Улаанхус сумдын наадамд түрүүлж үзүүрлэж байсан шилдэг бөхчүүдийн нэг байлаа. Монгол Улсын Статистик бүртгэл, Худалдааны тэргүүний ажилтан болсон. Б.Лэгцэг нь 1970 оны дундуур аймгаасаа шалгарч улсын нийслэл Улаанбаатар хотод очиж чөлөөт бөхийн нэмэх 100 кг-ын жинд барилдан хоёрдугаар байр эзэлж мөнгөн медаль хүртсэн байна. 1980-аад оны дундуур болсон Буянт суманд болсон нэгэн наадамд аймаг, сумын алдар цолтой олон бөх ирж барилдсанаас аймгийн хурц арслан Ш.Зухатай үзүүр түрүү булаалдаж сэнжигний барьцнаас хагалж цохиод урагшаа гуд татаад ар өвдгөөр нь суулгаж элгээр нь хэвтүүлж түрүүлж байсныг миний бие харж бахархаж суулаа. Дараа нь орон нутгийн хэвлэлд аймгийн арслан Ш.Зуха өгсөн ярилцлагадаа аймгийн хамгийн хүчтэй бөхчүүдийн нэгээр Б.Лэгцэгийг нэрлэсэн байсан. Б.Лэгцэг нь өвөг дээдсээсээ бөхийн удамтай, бие бялдар томтой бөх хүн байсныг дээр дурдсан 22-ын удмынхан ээжийн тал, аавынх нь удмаас Б.Баянжаргал, Д.Алтангэрэл, С.Махбарьд, Х.Одгэрэл, өөрийнх нь хүү Л.Батчулуун, Л.Батгэрэл, зээ хүү С.Бат-Үүл нарыг дурдаж болно.

Монгол бөхийн өв сан, аугаа их түүх нь үеийн үед арвижин баяжигдаж, мөнхөд алдарших болтугай.




Бэлтгэлд байгаа хурандаа Б.Жуваа

https://dnn.mn/%D0%BC%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB-%D0%BD%D0%B0%D0%B0%D0%B4%D0%B0%D0%BC-%D1%85%D0%BE%D1%81%D0%B3%D2%AF%D0%B9-%D2%AF%D0%BD%D1%8D%D1%82-%D3%A9%D0%B2-%D0%BC%D3%A9%D0%BD-dnn-mn/
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn