Харлаж, гэмт хэрэгт холбогдож байсан бол ар гэрийнхэнд нь БНСУ виз олгохгүй нь

253

Бүгд Найрамдах Солонгос Улсын виз мэдүүлэх болон тус улс руу зорчиж буй иргэдийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах зөвлөмж, мэдээллийг өгч байна.
Үүнд:
  1. БНСУ-ын виз мэдүүлж байгаа иргэн нэн тэргүүнд өөрийн зорилгод нийцсэн ангиллын визийг мэдүүлэх, баримт бичгийн бүрдлийг үнэн зөв, сайтар хангаж, зорчих зорилгоо бүрэн тодорхойлох шаардлагатай /Виз мэдүүлэхтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг БНСУ-ын ЭСЯ-ны https://overseas.mofa.go.kr/mn-mn/wpge/m_276/contents.do цахим хуудаснаас авна уу/.
  2. Виз мэдүүлж байгаа иргэний гэр бүлийн гишүүн, ойрын төрөл садан нь БНСУ-д визийн хугацаа хэтрүүлж оршин сууж байгаа эсхүл оршин сууж байсан, аливаа гэмт хэрэг, зөрчилд холбогдож байсан тохиолдолд виз мэдүүлэгчид виз олгохоос татгалзах магадлалтайг анхаарна уу.
  3. Зохих ангиллын виз авч БНСУ-руу зорчиж буй иргэд өөрийн аяллын зорилгыг нотлох баримт бичиг, тус улсад байх хугацаандаа байрлах газар, зочид буудлын баталгаажсан захиалга, хаягийг сайтар бэлтгэн биедээ авч явахыг анхаарна уу. Виз мэдүүлэх үедээ өгсөн мэдээллээ өөрчлөх, очоод байрлах хаягаа тодорхой хэлж чадахгүй байх, аяллын зорилгоо тодорхойлж, нотолж чадахгүй зэрэг нь БНСУ-ын хилээр гадаадын иргэдийг нэвтрүүлэхгүй байх үндэслэл болдог.
  4. БНСУ-ын ЭСЯ-наас олгосон виз нь тус улсын хилээр нэвтрэх бүрэн баталгаа биш бөгөөд аливаа улсын Хилийн шалган нэвтрүүлэх алба, Цагаачлалын алба нь гадаадын иргэнийг өөрийн улсын хилээр нэвтрүүлэх эсэх асуудлыг газар дээр нь буюу хилийн шалган нэвтрүүлэх цэгт шийдвэрлэх бүрэн эрхтэй байдаг. Өөрийн улсын дотоодын хууль, тогтоомжийн хүрээнд хийж буй энэхүү ажиллагаанд аливаа гадаад улсын төрийн байгууллага, хувь хүн хөндлөнгөөс оролцох боломжгүй.
БНСУ-ын Цагаачлалын албаны мэдээллээр 2023 оны 5 дугаар сарын байдлаар Монгол Улсын 55,329 иргэн тус улсад оршин сууж байгаагаас 17,749 иргэн буюу 32 хувь нь визийн хугацаа, нөхцөлийг зөрчин оршин сууж байна. Түүнчлэн, өдөрт дунджаар 70 орчим монгол иргэн БНСУ-д оршин суух визийн хугацаагаа хэтрүүлж байгаа нь тус улсыг зорих, виз мэдүүлэх манай иргэдэд сөргөөр нөлөөлж байгаа талаар мэдээлсэн болно. 
Иймд, БНСУ руу зорчиж буй иргэд Та бүхэн зорчих зорилгодоо нийцүүлэн, визийн хугацаагаа хэтрүүлэхгүй зорчиж, суугаа улсын хууль тогтоомж, дүрэм журмыг чанд дагаж мөрдөхийг уриалж байна.
Гадаад харилцааны яамны зүгээс иргэдийнхээ БНСУ-д зорчих нөхцлийг хөнгөвчлөх чиглэлээр Солонгосын талтай үргэлжлүүлэн хамтран ажиллаж, шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Эх сурвалж: Гадаад харилцааны яамны Консулын газар
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn