Зээлийг зориулалтын бусаар ашигласан гэж шинжээч дүгнэжээ
Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн зээлийг хянан шалгах Түр хорооноос явуулж буй гурав дахь удаагийн сонсгол өчигдөр Төрийн ордонд үргэлжлэв. Сонсголын эхэнд “Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд олгосон зээлийн талаар хэлэлцсэн юм.
Дотоодын аж ахуйн нэгжүүдэд түүхий эд татан авахад нь зориулж 100 хүртэлх тэрбум төгрөгийн зээлийг "Ноолуур" хөтөлбөрийн хүрээнд олгосон байна. “Капитал” банк энэ хөтөлбөрийн хүрээнд авсан зээлээ дамжуулан зээлдүүлсэний зэрэгцээ зээлийн үлдэгдэлтэй хэвээр байгаа зөрчил байгааг шинжээч танилцуулав. Тус банкны захирал асан Д.Ариунболдыг "Мөнх хаан трэйд" компаниар дамжуулан таван тэрбум төгрөгийн зээл авчээ. Энэ талаар тодруулахаар түүнийг гэрчээр дуудсан боловч сонсголд ирээгүй бөгөөд зээлийн хувийн хэргийг устгасан байж болзошгүй гэж шинжээч онцолсон юм. Харин “Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд "Говь" ХК-ийн хувьд нийт таван удаа, мөн өөрийн хамаарал бүхий "Дулаан гэр" компаниар дамжуулан 31.2 тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ. Хөгжлийн банкнаас авсан зээлдэгчдээс хамгийн өндөр дүнтэй буюу 226 тэрбум төгрөгийн зээлийг “Таванбогд” групп болон түүнд харьяалагддаг компаниуд авсныг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр онцлон хэлж байлаа. Зарим зээлийн хувьд тоног төхөөрөмж худалдан авах зорилгоор авсан ч зориулалтын бусаар ашигласан гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан байна.
“Аме Трэйд” компанийн хувьд 2,45 тэрбум төгрөгийн зээлийг авснаас 2.35 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа аж. Тус компанийн хувьцаа эзэмшигч асан Ц.Магалжавыг гэрчээр дуудсан боловч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Алтанхүү уг сонсголд иржээ. Гэрчээс "Аме трейд" ХХК-ийн зээлийн өрийн үлдэгдлийн талаар
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр асуулт асуув.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
-"Аме трейд" ХХК-ийн үүсгэн Ц.Магалжав нь Монголын бөхийн холбооны тэргүүн мөн үү?
-Мөн
-Шинжээчийн дүгнэлтэд 2.4 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан. Одоо 2.3 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй гэсэн. Үүнийгээ төлөх үү?
-Бид төлөөд явж байгаа. Шинжээчийн дүгнэлт гарснаас хойш урагшаа гаргасан ноолуурынхаа гэрээний дагуу хамтрагчтайгаа уулзаж эхний төлбөр орж эхэлсэн. Одоогийн байдлаар нийт 700 сая төгрөгийг төлсөн. Хил хаалттай байсан учраас харилцагчтай уулзаж чадаагүй. Тиймээс төлбөр хойшлогдсон. Одоо бол наадмаас өмнө бүх зээлээ төлж дуусгана гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна гэв.
"Снөү фийлдс" компани 9.3 тэрбум төгрөгийн зээл аваад мөн л зээлийг зориулалт бусаар зарцуулжээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 16. ПҮРЭВ ГАРАГ. № 54 (7039)