Энэ онд хоёр банк нээлттэй хувьцаат компани болно гэсэн хүлээлттэй байна гэв
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг банкны салбарын шинэчлэлийн хүрээнд хийгдэх системд нөлөө бүхий гэгдэх банкуудыг олон нийтийн хувьцаат компани болгох ажлын явцын талаар тодрууллаа.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн эл асуултад "Банкуудын активын чанарын үнэлгээг өнгөрөгч наймдугаар сард хийж дууссан. Олон улсын валютын сангийн ажлын хэсэг ч банкуудын активын чанарын үнэлгээтэй тодорхой хэсгээр танилцаад олон нийтэд зориулж гаргасан мэдэгдэлдээ тусгасан. Активын чанарын үнэлгээний үр дүнгийн дараачаас эхлээд системийн нөлөө бүхий таван том банк эхнээсээ олон нийтэд хувьцаагаа гаргаж буй.
Хамгийн түрүүнд Төрийн банк нээлттэй хувьцаат компани болж таван хувиа олон нийтэд санал болгон зарсан. Санал нь 300 хувиар биелсэн. Голомт болон ХААН банк олон нийтэд нээлттэй хувьцаат компани болж, хувьцаагаа гаргахаар Монголбанкнаас урьдчилсан зөвшөөрөл авсан. Эцсийн зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос өгнө. Энэ ондоо багтаад дээрх хоёр банк нээлттэй хувьцаат компани болно гэсэн хүлээлттэй байна. ХАС болон Худалдаа хөгжлийн банк албан ёсоор хүсэлтээ ирүүлээгүй. Хуулийн хугацааг ирэх оны зургаадугаар сарын 30 хүртэл нэг жилээр сунгасан учраас дараа оны эхний хагас жилийн хугацаанд энэ хоёр банк хувьцаагаа гаргах боломжтой" хэмээв.
Монгол Улсад одоогийн байдлаар гадаадын гурван банкны төлөөлөгчийн газар байгааг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэллээ. Гадаадын арилжааны банк салбараа нээх эсвэл бие даасан банк байгуулах бол эхлээд төлөөлөгчийн газраа нээдэг. Уг нь бол зургаан төлөөлөгчийн газар байсан. Түүнээс Англи, Нидерланд, Япон улсын гурван банк төлөөлөгчийн газартай байсан ч хаасан байна. Одоогийн байдлаар Хятадын хоёр, Японы нэг банкны төлөөлөгчийн газар бий. Банкны төлөөлөгчийн газар нээхэд өөрийн хөрөнгийн доод шаардлага тавьдаггүй, бие даасан банкны салбар нээвэл бусад банкуудтай ижил шаардлага тавьдаг гэлээ.