СБД-ийн нэгдсэн эмнэлэгт мэс засал, гэмтлийн тасагийг шинээр нээлээ

611
Нийслэл, дүүргийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд өнөөдөр Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт Мэс засал, гэмтлийн тасаг шинээр нээгдлээ. Дүүргийн иргэдэд мэс засал, гэмтлийн тусламж, үйлчилгээг тодорхой үе шаттайгаар хүргэх тус тасгийн нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн хот байгуулалтын төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай, Инноваци технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, нэгдсэн эмнэлгийн дарга, Монгол Улсын Хүний гавьяат эмч М.Чимгээ болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Тус тасаг нь гэмтлийн 10, мэс заслын 20 буюу нийт 30 ортой бөгөөд нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандартын дагуу иж бүрэн тохижуулж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангасан байна.
Мөн зөвлөх эмч, мэс заслын их эмч, мэдээгүйжүүлэгийн их эмч, мэс заслын сувилагч, мэдээгүйжүүлэгийн сувилагч, боолтны сувилагч, асрагч зэрэг нийт 22 ажилтны бүрэлдэхүүнтэй ажиллах юм.
Дүүргийн хэмжээнд 140 гаруй мянган хүн амд үйлчилдэг тус эмнэлэгт Мэс засал, гэмтлийн тасаг шинээр нээгдсэнээр иргэдэд мэс засал, гэмтлийн тусламж үйлчилгээг тодорхой үе шаттайгаар үзүүлнэ.
Тухайлбал нэгдүгээр үе шатанд үзүүлэх төлөвлөгөөт мэс засал, гэмтлийн тусламж, үйлчилгээнд холецистит, ивэрхий, шамбарам, батга, шөрмөсний гэмтэл, өөхөн эдийн хоргүй хавдар, хоол боловсруулах эрхтний мэс ажилбар, бусад хэлбэрийн аппендицит, ясны идээт үрэвсэл, хөхний үрэвсэлт өвчин, хуйхнагийн венийн бүдүүрэл, шуу, богтос ясны хугарал, тойгны хугарал, бугуй ба сарвууны хугарал, шагайнаас бусад тавхайн яс хугарах, ахиллын шандас гэмтэх, шилбэний түвшинд арын бүлэг булчин ба шөрмөс гэмтэх зэрэг эмчилгээ багтаж байгаа юм.
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Нийслэлийн Эрүүл мэндийн газарт яаралтай түргэн тусламжийн зориулалтаар иж бүрэн тоноглогдсон 40 автомашин өгснөөс Нийслэлийн түргэн тусламжийн газарт 20, харьяа эрүүл мэндийн байгууллагуудад бусад автомашиныг хүлээлгэн өгч байгаа билээ. Энэ хүрээнд Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт өнөөдөр яаралтай түргэн тусламжийн нэг автомашиныг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар гардуулан өглөө.
Үүний зэрэгцээ, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас тус эмнэлгийн Мэс засал, гэмтлийн тасагт нойрсуулах аппарат хүлээлгэн өгсөн байна.
Өдгөө нийслэлийн Баянгол, Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт нээгдээд байгаа Мэс засал, гэмтлийн тасгийг цаашид бусад дүүрэгт ч мөн шат дараатай нээж, ажиллуулахаар төлөвлөж буй ажээ.
Мэс засал, гэмтлийн тасаг нээгдсэнээр иргэд тухайн оршин сууж буй дүүргийнхээ эмнэлгийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай, чанар хүртээмжтэй авахаас гадна улсын хэмжээний томоохон эмнэлгүүдийг зорих ачаалал ч тэр хэрээр багасах чухал ач холбогдолтой юм.
Түнчлэн дүүргийн эмнэлэгт мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ, яаралтай тусламж, үйлчилгээ өргөжин, иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний нэр төрөл олшрох юм байна.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn