Трамп: Ираны дайн ойрын хугацаанд дуусна

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп АНУ Ирантай хийж буй дайнаа “2–3 долоо хоногийн дотор” дуусгаж магадгүй гэж мэдэгдлээ. Тэрбээр өнөөдөр орой Ираны асуудлаар иргэддээ хандан мэдэгдэл хийхээр болсныг Цагаан ордон мэдээлсэн.
Трампын хэлснээр АНУ Ормузын хоолойн асуудалд “цаашид оролцохгүй” бөгөөд бусад орнуудыг “өөрсдөө нефть олж авах”-ыг уриалжээ. Үүний зэрэгцээ АНУ-д шатахууны дундаж үнэ нэг галлон нь 4 ам.долларт хүрч, 2022 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрээд байна.
Трампын засаг захиргаа дайныг ойрын хугацаанд дуусгах боломжтой гэж үзэж байгаа бөгөөд АНУ зорилгодоо хүрч байгаа гэж мэдэгдсээр байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио “Бид хэдэн сарын биш, хэдхэн долоо хоногийн дотор зорилгодоо хүрнэ” гэж ABC News-т ярьжээ. Гэсэн хэдий ч АНУ-ын дайны зорилтууд тодорхой бус, байнга өөрчлөгдөж байгаа нь анхаарал татаж байна. Анх Батлан хамгаалахын сайд Пит Хэгсэт дөрвөн үндсэн зорилтыг дурдсан. Үүнд:
- Ираны довтолгооны пуужинг устгах
- Пуужингийн үйлдвэрлэлийг устгах
- Тэнгисийн цэрэг болон аюулгүй байдлын бүтцийг устгах
- Ираныг цөмийн зэвсэгтэй болохоос сэргийлэх
Харин удалгүй Трамп эдгээрийг өөрчилж, Ираны бүс нутгийн холбоотнууд болох Хезболла болон Хоутисыг дэмжих боломжийг зогсоох зорилт нэмсэн байна.
Цаашид зорилтууд дахин өөрчлөгдөж, зарим тохиолдолд Ираны агаарын хүчийг устгах, зарим үед цөмийн хөтөлбөрийг саармагжуулах зэрэг ялгаатай байдлаар тайлбарлагдсан байна.
Сүүлийн үед Рубио “пуужингийн чадавхийг бүрэн устгах” биш, харин “их хэмжээгээр бууруулах” гэж тодорхойлох болсон нь анхны хатуу байр суурь зөөлөрснийг харуулж байна. Эхэндээ АНУ Ираны пуужингийн системийг “бүрэн устгана” гэж мэдэгдэж байсан бол одоо “чадавхийг нь сулруулах” түвшинд зорилтоо бууруулсан байна. Мөн Ираны дэмжлэгтэй бүлгүүдийг бүрэн зогсоох биш “сулруулах” гэж тайлбарлах болсон.
Шинжээчдийн үзэж буйгаар энэ нь дайны амжилтыг хэмжих шалгуурыг уян хатан болгох оролдлого байж магадгүй юм.
Трампын хэлснээр АНУ Ираныг цөмийн зэвсэг бүтээх боломжгүй болгосон тул “ажлаа дуусгаж байна” гэж үзэж байгаа аж. Тэрбээр АНУ Ираны агаарын орон зайг хяналтдаа авсан, мөн удирдлагын өөрчлөлт гарсан гэж мэдэгдсэн байна.
Мөн Ираны удирдлагууд АНУ-тай хэлэлцээр хийхийг “гуйж байгаа” гэж Трамп хэлсэн ч Иран үүнийг өмнө нь няцааж байсан.
Ираны ерөнхийлөгч Масоуд Пезешкиан дайныг дуусгах хүсэлтэй байгаа ч дахин сэдрэхгүй гэсэн баталгаа шаардлагатай гэж мэдэгджээ.
Шинжээчид АНУ-ын зорилго тодорхой бус, байнга өөрчлөгдөж байгаа нь дайны бодит үр дүнг үнэлэхэд хүндрэл учруулж байна гэж үздэг.