Шатахууны хямрал олон улсыг доргиож байна

Ойрхи Дорнодын мөргөлдөөн дэлхий даяар газрын тосны хомсдол үүсэх нөхцөл байдалд хүргэж, шатахууны үнэ огцом өслөө. Улс орнууд хямралаас сэргийлж, ямар яаралтай арга хэмжээ авч буйг тоймлож байна.
Филиппин улсын ерөнхийлөгч Фердинанд Маркос нэг жилийн хугацаатай үндэсний эрчим хүчний онц байдал зарлалаа. Энэ хүрээнд түлшний импортыг нэмэгдүүлж, тээврийн салбарт засгийн газраас дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэмжээ авч байна. Тус улс газрын тосныхоо 98 хувийг Персийн булангийн орнуудаас импортолдог. Ойрхи Дорнодод хоёрдугаар сарын 28-нд дайн эхэлснээс хойш Филиппинд дизель түлш, бензиний үнэ хоёр дахин өссөн юм. Онц байдлын хүрээнд Филиппиний засгийн газар шатахуун, хүнс, эм болон бусад чухал барааны нийлүүлэлтийг зохицуулах тусгай хороо байгуулсан. Ингэснээр засгийн газар шатахууны нөөцөө нэмэгдүүлж, жолооч нарт мөнгөн дэмжлэг үзүүлэн, зарим усан тээврийн үйлчилгээг багасгах зэрэг арга хэмжээ авч байна.
Ирланд улс шатахууны онцгой татварыг тэглэлээ. Энэ нь үнийн өсөлтийн огцом дарамтыг бууруулж, иргэдэд ирэх ачааллыг багасгахад чиглэж байна. Улмаар тавдугаар сар хүртэл дизель түлш литр тутамд 20 центээр, бензин литр тутамд 15 центээр хямдарна. Мөн ачааны машин, автобусны оператор зэрэг тээврийн компаниуд нэмэлт дэмжлэг авах болно.
Словени улс шатахууныг иргэдэд хязгаартай олгож эхэллээ. Тухайлбал, хувийн тэрэгтэй жолооч нар өдөрт дээд тал нь 50 литр шатахуун л худалдан авах боломжтой болж байна. Бизнес эрхлэгч болон фермерүүд дээд талд нь 200 литрийг л авах аж.
Хятад улсад шатахууны үнийн өсөлт түүхэн дээд хэмжээнд хүрсэн учраас стратегийн нөөцөө ашиглан зах зээлийг тогтворжуулах арга хэмжээ авч байна. Тус улсад бензин болон дизель түлшний үнийг анх тонн тутамд нь тус бүр 2205 болон 2120 юаниар нэмэгдүүлэхээр төлөвлөж байсан. Гэсэн хэдий ч засгийн газрын тохируулгын дараа Мягмар гаригаас (2026.03.24) эхлэн өсөлт бараг хоёр дахин буурч, 1160 юань болон 1115 юань болсон.
Өмнөд Солонгос улс шатахууны хэрэглээг багасгах үндэсний аян өрнүүлж улс орон даяар автомашины хэрэглээг бууруулахыг уриаллаа. Учир нь хөгжиж буй орнуудад түлшний хомсдол илүү хүнд тусч байна. Өмнөд Солонгосын засгийн газар мөн нийтийн тээврийн хэрэгслийн түлшний хэрэглээг бууруулахын тулд онцгой байдлын шинэ дүрэм нэвтрүүлсэн. Гэхдээ устөрөгчийн түлшээр ажилладаг тээврийн хэрэгсэлд энэ дүрэм нөлөөлөхгүй бөгөөд улсын дугаарын сүүлийн орон тоогоор зорчих өдрийг нь хязгаарлаж эхэлж байна.
Шри Ланка улс шатахууныг хязгаартай олгож эхэлсэн бөгөөд ажлын дөрвөн өдрийн горимд шилжиж, Лхагва гаригийг амралтын өдөр болголоо. Учир нь тус улсын түлшний нөөц одоогийн хэрэглээний түвшинд 25 хоногоос хэтрэхгүй байхаар хэмжээтэй байгаа юм. Мөн тээврийн хэрэгслийн улсын дугаар нь сондгой эсвэл тэгш тоогоор төгссөн эсэхээс хамааран зөвхөн тодорхой өдрүүдэд л түлш авч болно. Эрэлтийг бууруулж, хэрэглээг удаашруулахын тулд тус улсын засгийн газар түлшний үнийг мэдэгдэхүйц нэмэгдүүлсэн байна.
Бангладеш улс мөн адил шатахууныг хязгаартай олгож эхэлсэн бол Камбож улсад хийн түлшний хомсдол үүсэж, нийтийн тээвэр доголдож, иргэдийн амьдралд нөлөөлж эхэлсэн байна.
ЭХ СУРВАЛЖ: BBC, CNN, REUTERS, AFP