Италийн Ерөнхий сайд Ж.Мелони Европын парламентын сонгуульд өрсөлдөнө

162


Италийн Ерөнхий сайд Жоржа Мелони ирэх зургаадугаар сард болох Европын парламентын сонгуульд эрх баригч “Италийн ахан дүүс” намаас нэр дэвшихээ мэдэгджээ. Ж.Мелони Италийн Пескара хотод болсон намын арга хэмжээний үеэр мэдэгдэхдээ, би бүх тойрогт “Италийн ахан дүүс”-ийн жагсаалтыг тэргүүлэхээр шийдсэн гэсэн байна. “Бид барууны төвч үзэлт хүчнүүдийг нэтгэсэн олонхыг бүрдүүлж, Европын Холбоонд зүүнийхнийг сөрөг хүчин болгохыг хүсэж байна. Энэ бол хэцүү ажил, гэхдээ боломжтой, бид хичээх ёстой” гэж Ерөнхий сайд хэлжээ.

Ж.Мелони бол зургаадугаар сард болох сонгуульд нэр дэвших хүсэлтэй байгаагаа зарласан Италийн улс төрийн томоохон зүтгэлтнүүдийн нэг бөгөөд түүний энэ алхам нь Европын санал хураалтад намынхаа боломжийг нэмэгдүүлэхийн тулд хувийн алдар хүндээ ашиглах зорилготой бололтой байна.

Европын парламентын хэвлэлийн төлөөлөгч “Политико” сонинд мэдээлснээр, Ж.Мелони Европын парламентад суудал авах юм бол албан тушаалаасаа огцрох ёстой бөгөөд ингэх магадлал бага байна.
Ж.Мелонигийн алхам нь Италийн удирдагчид болон тэргүүлэх улс төрчдийн ховор гаргадаг стратеги биш юм. 2009 онд тухайн үеийн Ерөнхий сайд Сильвио Берлускони ЕХ-ны сонгуульд намын жагсаалтыг тэргүүлэн өрсөлдөж, нам нь сонгуульд ялсны дараа Италийн Засгийн газрын тэргүүний албан тушаалдаа хэвээр үлдэж байв. Маттео Ренци таван жилийн дараа мөн ийм алхмыг хийсэн билээ.
Италид явуулсан хамгийн сүүлийн үеийн санал асуулгуудын дүнгээр Ж.Мелонигийн нам тэргүүлж байгаа бөгөөд 27.2 хувийн санал авах төлөвтэй байгаа нь зүүний төвч үзэл баримтлалтай Ардчилсан нам /20.3 хувь/, “Таван од хөдөлгөөн”-өөс /16.8 хувь/ илүү байна. Ардчилсан намын дарга Элли Шлейн болон одоогийн Гадаад хэргийн сайд, консерватив үзэлт “Урагшаа Итали” намын нарийн бичгийн дарга Антонио Тажани нар мөн Европын парламентын суудлын төлөөх өрсөлдөөнд нэгджээ

Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn