Б.Чойжилсүрэн Төв Цэнгэлдэхийн Газрын үнийг төлөхгүй
Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн захирал Т.Нямдаваатай уулзах үеэрээ "Төв Цэнгэлдэхийн газар шилжүүлэх захирамж гаргасан нийслэлийн үе үеийн Засаг дарга нарыг АТГ-т шалгуулна.
Мөн газар шилжүүлж аваад барилга барьсан компаниудаас өнөөдрийн үнэлгээгээр газрын дуудлага худалдааны анхны үнийг ирэх тавдугаар сарын 1-ний дотор нөхөн төлүүлнэ. Компаниуд татгалзсан тохиолдолд мөн АТГ-т шалгуулна.
Эзэд нь бүгд бидний таних хүмүүс. Тийм учраас газар шилжүүлж авсан эздүүд “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-тай ямар тохироо хийснийг ч давхар шалгуулна” хэмээсэн билээ.
Тэгвэл Төв Цэнгэлдэх орчмоос хамгийн их буюу хамгийн том талбайтай газар авч, "Рапид Харш", "Цэнгэлдэх", "Ки Эйч Апертмент" зэрэг хороолол, "Наадам центр" үйлчилгээний төв барьсан "Хурд групп" ХХК-ий эзэн, УИХ-ын гишүүн, Эрчим Хүчний Сайд Б.Чойжилсүрэн энэ тухай өчигдөр сэтгүүлчдийн асуултанд хариулах үеэрээ : "Төв Цэнгэлдэхийн газраас бид нар аваагүй. Урьд нь авчихсан байсан хүмүүстэй миний үүсгэн байгуулсан компани ашгийг нь хувиарлаад хамтран ажиллаж, төсөл хэрэгжүүлсэн. Хоёрдахь зах зээл гэх юм уу даа? Хотын захиргаанаас албан ёсоор хандсан эсэхийг би мэдэхгүй, ойрд компани дээр очоогүй байна. " гэжээ.
Өөрөөр хэлбэл Б.Чойжилсүрэнгийн компани уг газрыг анхлан аваагүй, анхлан авсан газар эзэмшигчидтэй хамтран төсөл хэрэгжүүлсэн учраас газрын дуудлага худалдааны анхны үнийг нөхөн төлөхгүй нь бололтой.