Н.Номтойбаярыг Дээд шүүх бүртгэсний дараа Ногоон Нам-МҮАН-ын эвсэл байгуулагдана
Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Монголын улс төрд нэгэн дуулиант яриа гарсан нь УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр Монголын Ногоон Намын Дарга болж, улмаар тус нам Монгол Улсын Ерөнхий Сайд асан М.Энхсайханы үүсгэн байгуулсан Монгол Үндэсний Ардчилсан Намтай эвсэл байгуулахаар болсон тухай мэдээ байв.
Энэ тухай тодруулахад өнгөрсөн Пүрэв гараг буюу 1-р сарын 18-нд Монголын Ногоон Нам /МНН/-ын ээлжит бус 14 дүгээр их хурал болж, УИХ-ын гишүүн асан Нямтайширын Номтойбаярыг намын даргаараа 98 хувийн саналаар сонгосон байна.
Одоо Монголын Ногоон Нам 14 дүгээр их хурлынхаа шийдвэрийг Улсын Дээд Шүүхэд хүргүүлэх аж. Үүний дараа буюу Улсын Дээд Шүүх Н.Номтойбаярыг Монголын Ногоон Намын Даргаар бүртгэсний дараа эвсэл байгуулах ажил албан ёсоор эхлэх юм байна.