​Сайд нар гаднаас зээл авна, авахгүй гэж маргалдав

347


УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс Дэлхийн банкнаас 100 сая долларын зээл авах тухай асуудлыг хэлэлцэв.
Тус зээлээр улсын чанартай 311 км автозамд засвар хийж, 51 км автозам шинээр барьж, Өвөрхангай аймагт махны ложистикийн төвийг байгуулах аж. Зам засаж, шинээр барих замаар махны тээвэрлэлт, ложистикийг сайжруулж, улмаар экспортод гаргах юм байна. Эхний таван жил зээлийн үндсэн хүүгээс чөлөөлөгдөж, 30 жилийн хугацаанд эргэн төлөх юм. Эл асуудлыг Засгийн газраас буюу Сангийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран оруулж иржээ.
Гэвч зээл авахыг ХХААХҮЯ дэмжээгүй байхад УИХ руу оруулсан гэж салбарын сайд Х.Болорчулуун хэлэв. 
Тэрээр "100 сая долларын 70 саяар нь зам засна. Энэ манай асуудал биш. Харин үлдсэн 30 сая нь манай яамтай холбоотой. Манай яам энэ зээлд эсрэг санал өгсөн шүү. Энэ зээл яамны бодлоготой нийцээгүй. Баруун найман аймгийг холбосон ложистикийн төвийг 28 сая доллараар Өмнөговь аймагт байгуулна гэж байгаа юм. Үүнийг хувийн хэвшил аваад явж чадахгүй, төрд өр нэмнэ. Төр үйлдвэр авч явна гэж байхгүй. Яам баруун гурван аймгийг эрүүл бүс болгоод махыг нь экспортлох ажлыг хавраас хийх гэж байна. Гэтэл манай яамны бодлоготой нийцүүлэхгүйгээр Дэлхийн банкны зээлийг зүтгүүлээд байгааг асууя. Зээл авч л байвал гэж хандаад аваад байж болохгүй, өрийн тааз тулсан. Энэ зээлээр эмэгтэй малчдын мэдлэгийг дээшлүүлнэ ч гэх шиг төсөл явж байна. Бариад авах төсөл алга, хийсвэр юм. Ложистикийн төв байгуулна гэж байгаа ч зураг төсөл нь байгаа юм уу. Энэ бол Дэлхийн банкны мөнгө биш, монголын өр. ХХААХҮЯ 30 сая долларын зээлээс татгалзаж байгаа шүү. ОУ-ын байгууллага дураараа ингэдэг байдлыг УИХ дээр зогсоох ёстой. Өр зээл хоолойд тулсан хутга болоод байна" хэмээн байр сууриа илэрхийлэв.
Үүнд ЗТХ-ийн сайд С.Бямбацогт, Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Б.Сүх-Очир нар хариулав. 
ЗТХ-ийн сайд С.Бямбацогт: Засгийн газар дэмжээд асуудал нь орж ирсэн. Баруун аймгуудын замд, Улаанбаатар-Хэнтий чиглэлийн замд, Хархорин-Цэцэрлэг чиглэлийн замд, Хөвсгөл, Булган, Баянхонгор чиглэлийн замд засвар хийнэ. Мөн Хэрлэн, Орхон, Хануйн гүүр зэрэг томоохон гүүрүүдийг засварлана. Энэ зээл бол жилийн хоёр хувийн хүүтэй. Манай улс гаднаас зээл авъя гэвэл 20 хувийн хүүтэй авна шүү дээ. Тиймээс нэн хөнгөлөлттэй зээлийг авч шаардлагатай замуудаа засъя. Зээлийн гэрээ батлагдсаны дараа ложистикийн төвийг хаана барих уу, яаж барих уу гэдгээ шийдэх юм. 
Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Б.Сүх-Очир: ХХААХҮЯ сүүлийн үед гадаадын үр ашиггүй зээлийг зогсооход идэвхтэй оролцож байгааг цохон тэмдэглэе. Биокомбинатын зээл, БНХАУ-ын махны хорио цээрийн бүсийн зээлийн төслүүдийг зогсооё гэдэг саналыг манай яаманд ирүүлсэн. Дэлхийн банкны зээлийн төсөл дээр ХХААХҮЯ яг ч бүрэн татгалзаагүй л дээ. Ложистикийн төвийг нь Монгол Улсын тээврийн бодлоготой уялдуулъя гэдэг санал хүргүүлсэн. Энэ дагуу бид асуудлыг Дэлхийн банкинд тавихад ярилцаж болно гэдгээ илэрхийлсэн. 
Хариултад Х.Болорчулуун сайд эргүүлэн тайлбар хийв.
ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун: Дэлхийн банк гэсэн нэрээр зээл шахаж болохгүй. Ложистикийн төв байгуулахаас ХХААХҮЯ татгалзаж байна. Хувийн хэвшил өөрсдөө махны үйлдвэр барьж байгаа. Үүнд улс оролцоод зээл тавиад байх шаардлагагүй гэлээ.
Манай Засгийн газар танхимын зарчмаар ажилладаг. Танхимын зарчим гэдэг нь тухайн сайдын үг, үйлдлийн хаяг, цаад эзэн нь Монгол Улсын Засгийн газар болж харагдахыг хэлнэ. Гэвч Засгийн газар дээрх асуудлыг хуралдаанаараа ярьж, саналаа нэгтгэхгүйгээр УИХ руу оруулж ирсэн нь танхимын зарчим алдагдсаныг илэрхийлж байна. 
Дээрх асуудлыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан Засгийн газрыг саналаа нэгтгэж оруулж ирэхийг сануулж, буцаалаа. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn