Хар жагсаалт ба хариуцлагагүй Монгол
Европын холбооны комисс өнгөрсөн долоо хоногт мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэйгээ тэмцдэггүй, улмаар санхүүгийн эрсдэл, уналтад орох магадлал өндөр 12 орныг зарлаж, хар жагсаалтад оруулах гэж буйгаа мэдэгдсэн билээ. Ирэх аравдугаар сараас гадаад дахь олон улсын гүйлгээнээс эхлээд эдийн засгийн бараг бүх талын хоригт орох “болзлоо” хангасан Панам, Багамын арлууд, Маврик, Барбадос, Камбож, Гана, Ямайк, Мьянмар, Никарагуа, Зимбабве, Ботсван зэрэг улсын нэг нь Монгол. Өөрөөр хэлбэл, таван сарын дараа Монгол Улс хар жагсаалтад орох магадлал маш өндөр болсон гэсэн үг. Сонгууль дөхсөн өдрүүд таарсан учраас хар жагсаалтад орох тухай мэдээллийг энэ удаад улс төрийн зорилготойгоор илүү хүчтэй өрнүүлээд байгаа болохоос биш, Монгол Улс санхүүгийн сахилга бат хийгээд мөнгө угаахтай холбоотой хатуу сануулга авсаар ирсэн. Гэхдээ арайхийн дэнчигнэж байсан саарлаас хар руу уруудахад хэн, ямар шалтгаанаар нэрмээс болов гэдгийг тодорхойлох нь зүйн хэрэг.
ХАР ЖАГСААЛТ РУУ УЛСАА ЧИРЭГСЭД
Олон улсын хэвлэлүүдийн хар жагсаалтад орогсдын талаар онцолж буйгаар, манай улсаас гаднын орнуудад суугаа дипломат албаныхны хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хууль бус үйлдлүүд газар авч, гаднынхны байнгын хараанд өртсөн нь хамгийн ихээр нөлөөлж байгаа гэжээ. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Хорих 461 дүгээр ангид 48 цаг саатуулагдаад суллагдсан Тагнуулын ерөнхий газрын Гадаад тагнуулын хэлтсийн дарга асан Ш.Амгалангийн хэвлэлд өгсөн ярилцлагынхаа үеэр “Б.Баттүшиг мэдүүлэгтээ “Энэ бол Монгол улсын Засгийн газрын бараа” гэж мэдүүлсэн. Б.Баттүшиг миний цэрэг явсан. Үнэхээр мундаг ажилтан. Д.Гэрэл даргын зөвшөөрөлгүй хэзээ ч мэдүүлэг өгөхгүй. Тийм үүрэгтэй.
Ингэсээр ирэх есдүгээр сараас FATF-ийн APG (Ази, Номхон далайн бүсийн байгууллага) байгууллага руу ямар нэг арга хэмжээ авч, хэрэгжүүлсэн, хэрэгжүүлэх амлалт бүхий бичиг цаас болох нь бараг үнэний ортой.
Түүнийгээ чанд биелүүлэх ёстой. Тангараг өргөсөн манай шилдэг ажилтан. Тэр “энэ 70 кг хар тамхи Монгол төрийн хар тамхи. Би тагнуулын тусгай үүрэг гүйцэтгэж яваад баригдсан” гэсэн. Би энэ мэдүүлгийг нь герман хэлнээс орчуулж твиттертээ оруулж байсан” гэж ярьсан нь дээрхийг батлах шиг. Ш.Амгалангийн ярьсан хэргийг сануулахад, Монгол Улсаас Истанбул хотод суугаа Ерөнхий консулын газрын дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нарын 70 кг хар тамхи зөөвөрлөж яваад ХБНГУ-ын Дрезден хотод саатуулагдан хоригдож байгаа билээ. Энэ мэтээр сүүлийн гурван жилд дипломат албаныхны хар тамхи, мансууруулах бодистой нэр холбогдсон хэрэг арав орчим болоод байгаа билээ.
Үүнээс гадна Монголын банкуудын хариуцлагагүй, сахилга батгүй байдал, улстөрчдийн мөнгө угаалт, чанаргүй, баталгаагүй зээлүүд үүнд томоохон нөлөө үзүүлж байгааг тэд дурджээ. Тодруулбал, хоёр жилийн өмнө дампуурлаа зарласан “Капитал” банканд улсын их хэмжээний мөнгийг угаасан, түүнийгээ хувьдаа завшсан байж болзошгүй үндэслэлээр нэр бүхий хүмүүсийг одоо ч шалгаж буй. Түүнчлэн цөөнгүй улстөрч, бизнесмэний оффшор бүсэд мөнгөө нуусан хэрэг үүнд ихээхэн нэрмээс нэмж буй нь тодорхой. Мөн УИХ-ын нэр бүхий гишүүд ЖДҮХС тэргүүтэй сангуудаас их хэмжээний зээлийг маш бага хүүтэйгээр авч байсан нь илэрсэн ч тодорхой үр дүнд хүрч, хариуцлага тооцож чадахгүй байгаа хууль, хяналтынхны сул дорой, мафижсан гэмээр байдал нэмэгдэнэ.
Ингээд зогсохгүй Монгол Улс хойд Солонгос буюу БНАСАУ-¬тай зэвсэг техникийн наймаа хийж, дэлхий нийтийн өмнө терроризмын үйл ажил¬лагааг дэмжсэн, хил гаалиар алт зэрэг хориотой бараа бүтээгдэхүүн нэвтрүүлдэг байдлаа зогсоож чадаагүй үндэслэлээр өнгөрсөн онд саарал жагсаалтад орж байсан нь улам бүр даамжирсан байх талтайг ч гаднын хэвлэлүүд хөндөж байна. Гэхдээ энэ удаад саарлаас хар жагсаалт руу ойчиж магад байдалд хүчтэй түлхсэн зүйл нь гадаад дахь монгол дипломатчид, улстөрчдийн хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хууль бус наймаа бололтой.
ИРЭХ ТАВАН САРД ЮУ ӨРНӨХ БОЛ
Улс төр дэх сэтэртэй, сэтэргүй бүхэн УИХ-ын ээлжит сонгуульд бүх анхаарлаа чиглүүлэх завгүй сар гаруйн хугацаа бидний өмнө байна. Энэ хугацаанд Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгч гээд эдийн засгийн сахилга батыг шууд хариуцах ёстой хүмүүсийн анхаарал саарал, хар жагсаалт руу олигтой төвлөрөхгүй нь ойлгомжтой. Дараагийн парламентын бүрэлдэхүүнд аль нам олонх болсноос, хэн хэн тэнд сонгогдсоноос шалтгаалж, эвлэлдэн нэгдэх гэж мөн л багагүй хугацаа авна. Ингэсээр ирэх есдүгээр сараас FATF-ийн APG (Ази, Номхон далайн бүсийн байгууллага) байгууллага руу ямар нэг арга хэмжээ авч, хэрэгжүүлсэн, хэрэгжүүлэх амлалт бүхий бичиг цаас болох нь бараг үнэний ортой.
Өөрөөр хэлбэл, Монгол Улс ирэх саруудад юу ч хийж чадахгүй ч энэ сэдэв улстөрчдийн хувьд халуун сэдэв мэт олны дунд байнга үргэлжлэх нь тодорхой байна. Гэхдээ 2000 оноос эхлэн санхүүгийн системд ноцтой аюул учруулж буй мөнгө угаалт, терроризмын санхүүжилттэй тэмцдэггүй, татварын орчны ил тод байдал хангагдаагүй, татварын хувь хэмжээ нь гаднын этгээдүүдийн сонирхлыг татах чадвар зэрэг эрсдэлийг үнэлж улс орнуудыг хар жагсаалтад оруулж эхэлсэн FATF-ын хар жагсаалтад орсноор манайх эдийн засгийн хоригт бүрэн орно гэдгийг мартаж болохгүй.
Хэрвээ хар жагсаалтад Монгол Улс албан ёсоор орвол, стратегийн томоохон хөрөнгө оруулалтаас бусад хөрөнгө оруулалт зогсоно. Зээлжих зэрэглэл буурна. Гадаадын банкууд харилцаагаа тасалж баталгаагүй зээлдэгч орон гэж үзнэ. Гадаад худалдаа багасна. Улсын нэр хүнд унаж, гуравдагч хөрш орнуудтай хийх эдийн засгийн хамтын ажиллагаа муудна. Улмаар төлбөр тооцооны хувьд хоёр хөршөөс хэт хамааралтай болно. Мэдээж эдийн засаг агших эрсдэл бий болж, ард түмний амьдрал доройтно. Бизнесийн байгууллагын хувьд, Хар жагсаалтад орсон улс орнуудын бизнес эрхлэгчид Европын Холбооны санхүүжилтийг шинээр авах эрхгүй болно. Олон улсын байгууллагууд хамтран ажиллахаас татгалзсанаар гадаадын санхүүжилт, хөрөнгө оруулалт зогсоно.
Европын орнууд руу хийгдэж байгаа санхүүгийн гүйлгээг хянаж эхэлснээр,төлбөр тооцоонд асуудал үүснэ. Тодорхойгүй хугацаанд төлбөр саатаж, олон банкаар дамжих учир шимтгэл нь нэмэгдэнэ. Бизнесийн процесс удаашрах болно. Худалдааны салбарын ААН-үүдэд бараа татан авалт, төлбөр тооцоон дээр хугацаа алдахаас гадна гүйлгээний шимтгэл нэмэгдэнэ.
Монгол Улс өмнө нь хоёр ч удаа саарал жагсаалтад орж, эдийн засгийн хувьд асуудалтай орон гэдгээ дэлхийд зарлуулаад амжсан. Харин энэ удаад УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид тодрохын өмнөхөн энэ мэдээлэл цацагдаж байгаагаараа онцлог. FATF манайхыг “Мөнгө угаалттай холбоотой үйл ажиллагааны мөрдөн байцаалт, хяналтыг чангатгах, татвараас зайлсхийх явдалтай тэмцэх, татвар, санхүүжилттэй холбоотой мэдээллийг олон улстай ил тод солилцох, оффшор данс эзэмших боломжийг багасга” хэмээсээр ирсэн. Хар буюу онцгой анхаарах жагсаалтад манайх нэгэнт орвол эдгээрийн дээр олон шаардлага нэмэгдэх нь тодорхой. Хамгийн чухал нь ирэх оноос төлж эхлэх гаднын өр зээлүүд дээр эдийн засгийн олон улсын хориг нэмэгдвэл Монгол Улс ирэх жилүүдэд элгээрээ мөлхөх эрсдэлтэй. Тэр үед мянган дипломат ажилтанд хариуцлага тооцож, авлигачидтайгаа тэмцээд ч тусыг эс олно гэдгийг манайхан мэдэж л байдаг байгаа даа.
ЭХ СУРВАЛЖ: Б.ЭНХ, ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН