ДЭМБ-ын тэргүүн цар тахал дуусах болоогүй байгааг анхааруулжээ

376

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ тэргүүн Тедрс Адханом Гебрейесус “COVID-19” цар тахлын төгсгөл ойртож байгаа ч дууссаныг зарлахад “урт зам хүлээж байгааг” пүрэв гарагт анхааруулжээ.
 
Өнгөрсөн долоо хоногт Т.Гебрейесус дэлхий дахин “цар тахлыг зогсооход үүнээс илүү байр суурьд хүрч байгаагүйг онцлоод, төгсгөл нь ойртож байгааг” сэтгүүлчдэд мэдээлсэн юм. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн ням гарагт өгсөн нэгэн ярилцлагадаа АНУ-д цар тахал “дууссан”-ыг зарласан байна.
 
Харин пүрэв гарагт ДЭМБ-ын тэргүүн Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы хүрээнд сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө, “цар тахлын төгсгөл ойртож байгаа нь дууссан гэсэн үг биш” гэдгийг тодотгожээ. Тэрбээр дэлхийн хэмжээнд халдвараар нас барах тохиолдлын тоо долоо хоног тутам үргэлжлэн буурч, 2021 оны нэгдүгээр сард хүрч байсан оргил үеийн 10 хувьтай тэнцэх хэмжээнд хүрч буураад байгааг эш татаад, дэлхий дахин цар тахлыг зогсооход үүнээс илүү байр суурьд хүрч байгаагүйг дахин тэмдэглэв. Мөн дэлхийн хүн амын гуравны хоёр нь, түүний дунд эмнэлгийн ажилтнууд, өндөр настнуудын дөрөвний гурав нь вакцинд хамрагдаад байгааг онцолсон байна.
 
“Бид сүүлийн хоёр жил хагасын хугацааг урт, харанхуй хонгилд өнгөрүүлсэн бол одоо хонгилын үзүүрт гэрлийн гялбаа дөнгөж үзэгдэж эхэлж байна. Гэхдээ цаашид урт зам хүлээж байгаа бөгөөд хонгил харанхуй хэвээр байгаа тул анхаарал сэрэмжээ сулруулбал олон саад бэрхшээл тулгарч магадгүй" хэмээн ярьжээ.
 
ДЭМБ-ын “COVID-19” халдварын тархалтын талаарх долоо хоног тутмын хамгийн сүүлийн тайланд дурдсанаар, өнгөрсөн долоо хоногт дэлхийн хэмжээнд халдварын улмаас 9800 гаруй хүн нас барсан нь өмнөх долоо хоногийхоос 17 хувиар буурсан бол халдварын 3.2 сая тохиолдол шинээр илэрсэн байна. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn